| | USD/MNT 0₮

"Ээжийн минь явуулж байсан 500 доллараас илүү ээжийхээ энгэрт 5 минут эрхлэх нь илүү үнэ цэнэтэй"

Хуульч Р.Булгамаа өөрийн цахим хуудаснаа хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой пост оруулсан нь олныг шуугиулж байна. Тэрбээр "ХҮНД ӨДӨР БАЙЛАА...

Охидоо хайрлая.

Яг өнөөдрийн байдлаар бусдын гарт амь насаа алдсан өсвөр насны 3 охин, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 7 охины хэрэг дээр хохирогч охидын өмгөөлөгчөөр ажиллаж байна.

Ковид 19- цар тахлын хөл хорионы үед өвөө эмээ дээрээ байсан бяцхан охин өвөөдөө хүчиндүүлж байжээ. Өнөөдөр охины мэдүүлэгт хагас өдрийн турш хамт суулаа. Өглөө цагдаагийн хэлтэс дээр байцаагч руу орохын өмнө охин "Би танд хоёр өдөр зурсан зураг, бүтээсэн цэцгээ бэлэг болгон авчирлаа. Та намайг хамгаалж чадна гэж надад амлаач" гэсээр хоолой чичигнүүлэн бэлгээ өгөхөд ямар хүнд байв аа. Тэнгэр газар нийлэх шиг л сэтгэл сэмрээд явчихлаа. Бэлгээ нээхээс зүрх шимшрэм. Бэргэж бэргэж ажлаа дуусган гэртээ ирээд аажуухан уутнаас нь гаргаад захианаас нь эхэллээ. Нандигнан боосон энэ захиаг унших агшинд нүдэнд нулимас бүрхээд үнэхээр амаргүй..

Энэ мөчид нэг л зүйл илүү их санааг минь зовоож байна. Яаж бид хүүхэддээ аюулгүй нийгмийг бий болгох вэ. Ядаж тэдэнд сэтгэлийн хүнд гэмтэл, шархаа даван туулах сэтгэл зүй, эрүүл мэндийн цогц үйлчилгээний талаар хуулинд нэн тэргүүнд тусгуулах юмсан. Гэмт хэрэгтэн хариуцлагаа хүлээгээд явлаа гэхэд хохирогч хүүхдүүдээ гэмт хэрэгтэн хэзээ нэгэн цагт гарч ирээд амь нас, эрүүл мэндэд минь эрсдэл үүсэх вий дээ гэсэн аюул айдасгүй, сэтгэл санаа нь амгалан тайван байх тийм л орчныг бүрдүүлэх нь нэн тэргүүний асуудал юм байна.

Өнгөрсөн 7 хоногт мөн амаргүй захидал хүлээж авсан...

Ээжийгээ 3 жил Солонгост ажиллах үед хамар хашааны ахын хүчирхийлэлд өртөж байсан охин захианыхаа төгсгөлд; "Ээжийн минь явуулж байсан 500 доллараас илүү ээжийхээ энгэрт 5 минут эрхлэх нь илүү үнэ цэнэтэй... Өнөөдөр би ээждээ ч гомдож, үзэн ядаж байна, амьдрах ч хүсэл алга" гэж сэтгэлийн үгээ төгсгөсөн байсан.

Миний дүү ухаантай байгаарай. Ээжийгээ үзэн ядаж болохгүй. Ээж нь амьдралын эрхээр чамайг орхин явж, хүний нутагт боолын боол болж ажиллаж байгаад ирсэн. Ээжийгээ битгий буруутгаарай гэж ятгаж аргадахын наагуур суухад ямар хүнд байсан гээч. Охин одоо ээжийгээ ойлгож эхэлснээ илэрхийлсэн. Ээж ч өмгөөлөгчөө яаж ингэж охины минь хандлагыг өөрчилж чадав аа. Та яг юу гэсэн вэ гэсээр мишээл тодруулан баярлалаа гэсээр ирсэн.

Хүүхдүүд ээж, аавтайгаа элэг бүтэн байх нь хамгийн эрхэм, аз жаргал юм.

Хуульч Ринзааны Булгамаа

Жич; Энэ постоороо гэмт хэргийн хохирогч хүүхдүүдийн сэтгэл зүй ямар хүнд байдгийг, тэдэнд ямар тусламж нэн тэргүүнд хэрэгтэйг томчууд ухаарч ойлгоосой гэдэг үүднээс оруулав" хэмээн төгсгөжээ.

Харгис хойд эцэгтээ зодуулж хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн есхөн настай охины араас гашуудагчдын нулимс хатаж амжаагүй байхад хүүхэдтэй холбоотой гэмт хэргүүд ар араасаа гарсаар байна. Иймд ЦЕГ-аас зохион байгуулж буй "Сүүдэр бүү тусга" аяныг зохион байгуулж байгаа юм. Тус аян нь ахуйн хүрээнд хамаарал бүхий хүмүүс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байгааг бууруулах, гэр бүлийн соёл хандлага, төлөвшил эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Ээжийгээ 3 жил Солонгост ажиллах үед хамар хашааны ахын хүчирхийлэлд өртөж байсан охин захианыхаа төгсгөлд "Ээжийн минь явуулж байсан 500 доллараас илүү ээжийхээ энгэрт 5 минут эрхлэх нь илүү үнэ цэнэтэй... Өнөөдөр би ээждээ ч гомдож, үзэн ядаж байна, амьдрах ч хүсэл алга" гэж сэтгэлийн үгээ төгсгөсөн байсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.