| | USD/MNT 0₮

БАРИМТ: Төрийн банкны 20 тэрбумын өрийг Монголчуудаар төлүүлж даажигнасан “Шинжиан Шиньфа” концессний ченж болчихов уу

Төрийн банкны 20 тэрбум төгрөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжиан Шиньфа” компанид алдагдсан. Үүнийг зээл олголт гэж үзэхгүй, хохирол учруулсан гэж шүүх үзсэн. 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хохирлыг Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу 2020 оны тавдугаар сард Төрийн банк уг хохирлыг төлүүлсэн байдаг. Харин одоо авсан Төртэй гэрээ байгуулж авсан концессоо “зарж” ашиг олж эхэллээ. Цаана нь замын ажил удааширч цаг алдахаас эхлээд олон нийт хохирох нь тэдэнд хамаагүй бололтой.

ТӨРИЙН БАНКНЫ 20 ТЭРБУМЫН ХОХИРЛЫГ МОНГОЛЧУУДААР ТӨЛҮҮЛСЭН ТҮҮХ ИЛЧЛЭГДЭХ ЁСТОЙ

Тухайн үед буюу 2017 оны зургадугаар сарын 23-ны өдөр “Шинжиан Шиньфа” ХХК нь зээлийн хүсэлтүүдээ өгөөд явж байсан. Уг 20 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг шийдэхдээ  процессийн хувьд маш богино хугацаанд шийдсэн. Танхимын бүрэлдэхүүн хуралдаагүй. Зээлийн хорооны долоон гишүүний тав нь олонхиороо шийдсэн байдаг. Үдээс өмнө нь тэгж шийдээд, тэр өдрийнхөө үдээс хойш  тухайн зээлийн тодорхой хэсэг нь бэлэн мөнгөөр, үлдсэн хэсэг нь дансаар гарсан байдаг, ийм л баримттай хэрэг.

Энд нэг асуудал бий. Яаж төлсөн бэ? “Шинжиан Шиньфа” ХХК-ийн өр боловч Монголын нэр бүхий компаниуд төлж барагдуулсан нь ямар учиртай юм бэ? Яагаад  “Шинжиан Шиньфа” ХХК нь Монголын хэд хэдэн компаниас авлагатай болсон байв. Яагаад тухайн компаниуд яаралтайгаар авлагаа барагдуулж “Шинжиан Шиньфа”-гийн нэрийг цэвэрлэх болов? Сонин биз? Хохирлоо барагдуулж буй Төрийн банкны зүгээс бол “Банк бол итгэлцлийн байгууллага. Харилцагч байгууллагуудынхаа нууцыг хадгалах үүрэгтэй. Банкны тухай хуулийн 38.1-д зааснаар харилцагчдынхаа нууцыг хадгалах үүрэгтэй. Энд ямар мэдээллийг ил болгох, нууцлах, хуулийн байгууллагад мэдээлэх тухай нарийн заасан. Зөвхөн олон нийтэд ил болсон мэдээллийн тухайд мэдээлэл өгөхөөс татгалзахгүй” гэсэн хариулт өгч байна. Тэдний зөв. Гэхдээ бидний асуултын хариулт дуусаагүй байна. Яагаад гэвэл тус банкны хадгаламж эзэмшгчид, харилцагчдын мөнгө хууль бусаар гарчихаад ороод ирсэн. Тэр тусмаа Монголд хоёр шатлалт банкны систем үүсч хөгжсөнөөс хойш 30-аад жил болсон. Энэ хугацаанд олон банк дампуурсан, их ч мөнгө алдсан. Алдагдсан мөнгө буцаж орж ирсэн ч их хэмжээний хохирол дагуулж л олдож байсан түүхтэй. Арбитрын шүүхээр шийдвэрлэх зэргээс эхлээд олон шүүхийн процесс, түүний зардал гэхчлэн гэм буруутнууд ял шийтгэл хүлээсэн ч банк хохироод үлддэг. Цаг хугацааны хувьд ч, материаллаг талаасаа ч тэр. Харин яагаад “Шинжиан Шиньфа” хохирлоо барагдуулав гэдэг алга ташилтын ард юу нуугдсан бол? Мөн урьдчилсан байдлаар хүү болгож тооцсон 15 тэрбум төгрөгийг Төрийн банк нэхэмжилсэн. Энэ нь Эрүүгийн танхимын шүүхээс гадна Иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэнэ. Ямар ч байсан Монгол Төрийн банкнаас 20 тэрбум төгрөг “хулгайлж” аваад Монгол компаниудаар төлүүлж хаасан “Шинжиан Шиньфа”-ийн энэ бохир “түүх” ил болох ёстой.

“Шинжиан Шиньфа”-гийн асуудал ингээд дуусахгүй. Яагаад гэвэл Дашинчилэн-Орхоны гүүр чиглэлийн замаас Өлзийт сум, Өлзийт сумаас Мөрөн-Тариалан чиглэлийн замын төгсгөлийг холбох 120 км хатуу хучилттай авто зам төслийг барих барилгын ажлыг гүйцэтгэх гэрээ байгуулсан. Тэднийд уг зам барилгын ажлыг эхлүүлэх 06/18/2017 дугаартай зөвшөөрлийг 120 км хатуу хучилттай авто зам төслийг барих барилгын ажил гүйцэтгэх ажлын гэрээнээсээ 60 км замыг нь “Ган төмөр гүүр” ХХК-д шилжүүлжээ. Яагаад?

Ингэхдээ дээрх хоёр компанийн хооронд  2020 оны 6 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан №9 тоот  “Авто замын барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан байдаг. Үүнээс дөрөв хоногийн дараа, УИХ-ын 2020 оны сонгуулийн санал хураалтаас хоёр хоногийн өмнө “Шинжиан Шиньфа” компаниас концессоо шилжүүлж буй “Ган төмөр гүүр” ХХК-даа мэдэгдэл хүргүүлэв. Үүнд “Ган төмөр гүүр” ХХК Үндэсний хөгжлийн газрын дансанд замын хяналтын зөвлөх компанийн зардал 1 тэрбум 500 сая төгрөгийг шилжүүлээд тэр баримтаа “Шинжиан Шиньфа”-д хүлээлгэн өгсний дараа “Шинжиан шиньфа”-гийн 51 хувийн хувьцаа эзэмшигч “Си Вай Си Кэй” ХХК-иа өөрийн мэдлийн 40 хувийн хувьцааг “Ган төмөр гүүр” ХХК руу Хувьцаа худалдах, худалдан авах  гэрээ болон Эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлэх асуудал хүчин төгөлдөр болно. Мөн дээрх 1.5 тэрбум төгрөгийг төлж дууссаны дараа  “Төслийн эрх шилжүүлэх” гэрээний төлбөр болох 21.1 сая ам.долларыг  дараах хуваариар төлөх хуваариа батална. Хуваарь баталгаажсаны дараа “Шинжиан шиньфа” компанийн хувьцаа 100 хувь “Ган төмөр гүүр” компанийн эзэмшилд шилжинэ гэж байгаа юм. Энэ бүхэн яагаад Монголын төрд хамаагүй хоёр хятад хүний хоорондын асуудал гэж?

ТЭР ХУВААРЬ НЬ БАС СОНИРХОЛТОЙ БӨГӨӨД ХУГАЦААГ УИХ-ЫН СОНГУУЛИАР БАРАГЦААЛСАН БАЙДАГ

Гэтэл дээрх гэрээ байгуулагдсанаас 21 хоногийн дараа буюу өнөөх сонгууль дууссанаас хойш наадмын өмнөхөн буюу 2020 оны 7 дугаар сарын 9-нд Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайханы гарын үсэгтэй, 01/1145 албан бичгээр Шинжиан Шинфа ХХК-д: “Авто замын хяналтын зөвлөх компанийн зардлын 30  хувийг  Эрх бүхий этгээдийн дансанд тушаасан нотлох баримттай байх гэсэн заалт нь биелэгдээгүй учраас дээрх заалтыг биелүүлж байж концессийн гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөл бүрдэх бөгөөд ингэснээр авто замын барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл гарах боломжтой” гэдгийг мэдэгджээ.

Ингэж “Шинжиан Шиньфа” ХХК Монгол төрийн сонгуулиас сонгуулийн хооронд хожил олсоор байна. Эхний удаад буюу 2017 онд хууль бус процессоор шаардлагатай 20 тэрбум төгрөг Төрийн банкаар нь гаргуулж авсан бол дараагийн удаад авсан концессийн ажлаа хийж дуусгалгүй талыг нь зараад ашиг олж байна. Компани хоорондын л асуудал мэт боловч Монголын бүтээн байгуулалтын ажил цаг алдлаа, Монголын төрөөс авсан зөвшөөрлөө дамлаж зарлаа гэж үзэх үндэслэл жижиг асуудал биш ээ. Энэ асуудлаар бид эргэн сурвалжлахаар зарим ноцтой баримтуудыг нягтлан шалгаж байна.

Сэтгүүлч: У.ОРГИЛМАА

Төрийн банкны 20 тэрбум төгрөг 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтаас хэдхэн хоногийн өмнө ганцхан өдрийн дотор “Шинжиан Шиньфа” компанид алдагдсан. Үүнийг зээл олголт гэж үзэхгүй, хохирол учруулсан гэж шүүх үзсэн. 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хохирлыг Төрийн банкинд төлүүлэх шийдвэр гарсан байдаг. Үүний дагуу 2020 оны тавдугаар сард Төрийн банк уг хохирлыг төлүүлсэн байдаг. Харин одоо авсан Төртэй гэрээ байгуулж авсан концессоо “зарж” ашиг олж эхэллээ. Цаана нь замын ажил удааширч цаг алдахаас эхлээд олон нийт хохирох нь тэдэнд хамаагүй бололтой.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.