| | USD/MNT 0₮

Хар тамхи наймаалагч гэр бүлийнхнийг торны цаана суулгах нь

Монгол оронд хар тамхи, мансууруулах бодисын аюул харанга дэлдсээр удлаа. Үүнээс урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийж, хуулиа чангатгахгүй бол улсын ирээдүй болсон хүүхэд, залуус цагаан тахлын золиос болоход ойрхон болов. Манай улсыг нэг хэсэг хар тамхи дамжин өнгөрдөг, тээвэрлэгчдийн орон гэж үздэг байсан. Тэгвэл манай иргэдийн улс орон дамжуулан тээвэрлэсэн мансууруулах бодисын багагүй хэсэг нь Монголд үлдэж, залуусын дунд борлуулагдах болсноор өдгөө хэрэглэгчийн тоо нь өссөн орон боллоо. Тийм хэрэглэгч нарт “барааг” нь нийлүүлдэг, тэднээс худалдан авдаг бүлэг хүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн шалгасан юм. Тэдэнд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Л.Туул, Д.Тунгалаг нарын 21 хүнд НПГ-аас Эрүүгийн хуулийн 20.7-д заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан”, 18.5-3 дахь хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдээд байгаа юм. Дээрх хоёр эмэгтэй тэргүүтэй олон холбогдогчийн дунд өмнө нь мансууруулах бодистой холбоотой хэрэгт шалгуулж, ял шийтгүүлж байсан “Ландага” хэмээх нэрээрээ танил болсон Ё.Батцэнгэл зэрэг хүн бий. Мөн загвар өмсөгч бүсгүй ч байгаа аж. Ё.Батцэнгэл гэхэд Д.Тунгалаг болон түүний гэр бүлийнхнээс 21 гр хар тамхи авч байгаад үйлдэл дээрээ баригдсан талаар бид өнгөрсөн хоёрдугаар сард мэдээлж байв. Эх сурвалжуудын мэдээлснээр Д.Тунгалагийн гэр бүлийн хэд хэдэн хүн, тэр дундаа нөхөр, хүүхэд нь холбогдоод буй гэнэ. Тэд өмнөд хөршөөс “бараа” оруулж ирдэг хүмүүсээс бага хэмжээгээр худалдан авч хэрэглэгчдэд нь дамжуулан борлуулдаг байсан нь шалгалтаар тогтоогдсон сурагтай. Түүгээр ч зогсохгүй эрүүгийн хэрэгт холбогдоод байхдаа ч бусдаас мансууруулах бодис авч, “олж өгөөч” гэж утсаар нь залгасан хүмүүст зарж байсан гэнэ. Уг нь мөрдөгч, прокурорууд дээрх 21 хүний гол холбогдогчдыг хорих санал гаргадаг ч шүүхээс үл зөвшөөрснөөр ийнхүү олноороо нэг дор шүүгдэгчийн ширээнд суух болсон юм байна. Уг хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хэд хоногийн өмнө нь хийхээр товлосон ч нэг шүүгдэгч нь ирээгүй учраас эрэн сурвалжлахаар болж энэ сарын 23-ныг хүртэл хойшлуулсан. Харин уржигдар болсон хурлаас Л.Туул, Д.Тунгалаг нарын 21 хүнд холбогдох хэргийг ирэх сарын 7-нд хэлэлцэхээр товложээ.

Бидэнд олдсон мэдээллээр Д.Тунгалагийн хүргэн нь энэ төрлийн хэрэгт холбогдон шүүхээр ял шийтгүүлчихээд буй аж. Үүнээс үзэхэд Монголд хар тамхийг баячуудын хүүхдүүд л хэрэглэдэг гэсэн ойлголт ташаа болж, хүүхэд, залуусыг ганц нэгээр нь бус, гэр бүл, гал голомтоор нь хордуулж, торны цаана суулгахад хүрлээ. Гэтэл хууль тогтоогчид нь мансууруулах бодистой холбоотой хэрэгт ногдуулдаг эрүүгийн хариуцлагыг бууруулж, олон нийтийн сүлжээнд болчимгүй залуус мансууруулах бодисын нэг төрлийг зөвшөөрөх нь зөв хэмээн нийтэлж байгаа нь харамсалтай. Түүгээр зогсохгүй Монголд ургадаг мансууруулах төрлийн ургамлыг устгах хөрөнгийг төсөвт суулгахаа больсон зэргээр шийдвэр гаргагчид мансуурагчдыг өөгшүүлээд байна уу гэлтэй.

Монгол оронд хар тамхи, мансууруулах бодисын аюул харанга дэлдсээр удлаа. Үүнээс урьдчилан сэргийлэх дорвитой ажил хийж, хуулиа чангатгахгүй бол улсын ирээдүй болсон хүүхэд, залуус цагаан тахлын золиос болоход ойрхон болов. Манай улсыг нэг хэсэг хар тамхи дамжин өнгөрдөг, тээвэрлэгчдийн орон гэж үздэг байсан. Тэгвэл манай иргэдийн улс орон дамжуулан тээвэрлэсэн мансууруулах бодисын багагүй хэсэг нь Монголд үлдэж, залуусын дунд борлуулагдах болсноор өдгөө хэрэглэгчийн тоо нь өссөн орон боллоо. Тийм хэрэглэгч нарт “барааг” нь нийлүүлдэг, тэднээс худалдан авдаг бүлэг хүнийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн шалгасан юм. Тэдэнд НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь хэлэлцүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.