| | USD/MNT 0₮

Хүүхдийн хамгийн аюулгүй байх орчин бол гэр сургууль, гэтэл гэртээ хүчирхийлэлд өртөөд байна

-Төрүүлсэн үрсийнхээ төлөө, цэцэг цэврүү шиг ургаж дэлбээлж байгаа охидынхоо төлөө бид юу хийж чадах вэ-

Хүний амьдралын гол зорилго юу юм бэ, мэдээж ижий аавтайгаа, элгэн садантайгаа элэг бүтэн амьдралтай байхаас гадна орчлонг үргэлжлүүлэх үр үндэстэй болох нь энэ хорвоогийн хамгийн сайхан агшинЭмэгтэй хүний гол зорилго үр удмаа үлдээх. Тиймдээ ч үрийн бүүвэй тасрахгүй гэж ярьдаг.

Арван сар тээж төрүүлсэн үрээ тэтгэж өсгөхөөс гадна хайрлаж, хамгаалж, хатамжилж, хатуужуулж байх нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага. Үр хүүхдээ өндөг шиг дараад элдэв эрсдлээс хамгаална гэвэл эндүүрэл. Хүүхэд өсч том болно, биеэ даана, нийгмийн харилцаанд орж бие хүн болон төлөвшинө. Харин бие хүн буюу “том” хүн болтол нь эцэг эхчүүдийн асаргаа, хайр халамж, анхаарал маш чухал гэдгийг энэ цаг үед, энэ нийгэмд харуулсаар байна.

Өнөөдөр эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаагаас бага насны хүүхэд эрсдэлт орж, гэмт хэрэгт холбогдох, цаашлаад гэмт хэргийн золиос болж бие махбодь, сэтгэл санаагаараа хохирч, насан туршийн хар толбо, эмгэгтэй болж үлдэж байгаа нь үнэхээр харамсалтай.

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн бэлгийн хүчирхийллийн тоо нэмэгдсэн судалгаа харагдана. Өнөө л эцэг эхийн хараа хяналтгүй байдлаас үүдсэн гэмт хэрэг. Өөрийгөө хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж, хууран мэхэлж, эсвэл хүчээр хүчирхийлэх, эрхшээлдээ оруулж олон жил хүчирхийлсэн тохиолдол ч байна.

Бусдад сургамж болох үүднээс хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн хэдэн хүүхдийн кэйс бичье.

Кэйс-1 Ээждээ гомдсон 14 настай охины захидал.

Ээж нь охиноо 10 настай буюу 5 дугаар ангийн сурагч байхад нь БНСУ-руу ажил хийхээр явахдаа нөхрөөсөө бүр салсан байжээ. Охиноо өвөө эмээ дээр нь үлдээгээд явж. Гэвч хамар хашааных нь таньдаг ах дөрвөн жил охиныг эрхшээлдээ байлгаж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн байгаа юм. Хүний нутагт ажил хийхээр явсан ээж, мэдээж их мөнгө олж, сардаа охиндоо сая төгрөг явуулдаг байж. Жаахан охинд сая төгрөг их мөнгө ч ээжийн аавын хайрыг орлож чадаагүй. Ээжийгээ үзэн ядсан охин өмгөөлөгчдөө хандаж “Миний энэ захидлыг ээжид битгий үзүүлээрэй, би ээжийгээ ч үзэн ядаж байна. Өнөөдөр миний хажууд байсан бол би ингээд бие сэтгэл санааны хохирогч болохгүй байсан юм. Надад эцэг эхийн хайр халамж, анхаарал дутагдсан” гэж бичжээ.

Үрэгдээд дуусах мөнгөний төлөө явсан ээжийн буруу ч үнсээд жаргах үрийнхээ дэргэд тэрбээр байсан бол өнөөдөр охин нь хэн нэгнийг үзэн ядагч биш, хар толботой, амьдрах итгэлгүй нэгэн болохгүй байсан гэдгийг энд онцолмоор санагдлаа. 

Кэйс-2: Мянгат малчин хойд аавдаа хүчирхийлүүлсэн долоон жил

Нэгэн аймагт гэр бүлийн хүчирхийллээс гадна дагавар настай охиноо долоон жилийн турш хүчирхийлсэн хойд аавын тухай баримт мэдээлэл хүний эрхийн байгууллагад иржээ.

Орон нутагт энэ төрлийн гэмт хэрэг нуугдмал хаагдмал байдаг аж. Охиныг 6 настай байхад ээж нь хойд аавтай нь танилцаж, хуримаа хийжээ. Эхэндээ хойд аав нь охиндоо сайн хайртай байсан ч 10 наснаас эхэлж өөр нүдээр харж, сэмхэн оролдож эхэлжээ. Хичээлийн амралтаа гэртээ ирсэн охиныг тэмээ унуулж, хонинд явуулчихаад араас нь очиж хонины бэлчээр хүчирхийлдэг болжээ. Энэ байдал долоон жил үргэлжилж, эцэстээ хууль хяналтын байгууллагад мэдэгдсэн байна. Охиныг “Энэ талаар хэн нэгэнд хэлвэл, ээжтэй чинь хамт ална шүү” гэж сүрдүүлдэг байжээ.

Охин дороо гурван дүү дагуулсан, том эгч бөгөөд гэр бүлийнхнээ хүйс тэмтрүүлэхгүй гэхдээ айдсаа дарж, амаа таглаж, хойд эцэгтээ доромжлуулсан долоон жил түүний хувьд там байжээ. Охины хувьд нас биед хүрэх тусам биеийн хөгжил хурдацтай байсан талаар ээж нь ч гадарласан байна. Ингээд охиноо 6-7 жил хүчирхийлсэн хойд эцэгт аймгийн шүүхээс 15 жилийн хорих ял оноожээ.

Кэйс-3: Төрсөн аавдаа хүчирхийлүүлсэн гурван настай охин

Гуравхан настай бяцхан охин төрсөн эцэгтээ хүчирхийлүүлдэг байсан гэх аймшигт хэрэг 2018 онд нийгмийг цочирдуулсан. Тодруулбал, Төв аймгийн Баянцогт суманд эл жигшүүрт хэрэг гарсан бөгөөд аймгийн шүүхээс төрсөн охиноо удаа дараа хүчирхийлдэг байсан 30 настай залууд 17 жилийн хорих ял оноосон байдаг.

Гурвахан настай охин энэ тоогүй зүйлийнхээ талаар ээждээ 15 удаа “Аав миний боовыг өвтгөөд байна” гэж хэлсэн ч гэр бүлийн хүчирхийлэлд байдаг байсан ээж нь охиноо тас загнаж нөхрийнхөө үгэнд ордог байжээ. Айдастай амьдралд байдаг байсан эхнэр нь нэг удаа хүчирхийлэгч нөхөртөө “Охины бөөр өвдөөд байх шиг байна. Мөн бэлэг эрхтэн нь улайж доошоо юм гараад байна. Эмнэлэгт үзүүлье” гэхэд нөхөр нь ихэд уурлаж “Эмийн сангаас эм аваад өгчихгүй юу” гэж загнасан удаатай.

Кэйс-4: Ээжийнхээ найзад удаа дараа хүчирхийлүүлсэн 12 настай охин

Гэр бүлийнхээ хүрээнд найз нөхдөө урьж залж, архидан согтуурч наргиж цэнгэнэ гэдэг ёстой байж боломгүй үйлдэл. Чингэлтэй дүүргийн харьяат нэгэн эмэгтэй хуульзүйн туслалцаа авахаар өмгөөлөгчийн үүд сахиж сууна. Тэрбээр өсвөр насны хоёр охинтой бөгөөд нэгийг нь найз залуу нь удаа дараа хүчирхийлсэн байна. Эхний удаад гэртээ хамт найзуудтайгаа архидаж, өөрийг нь тасраад унасны дараа 12 настай охиныг нь хүчирхийлж, бэлгийн дур хүслээ зүй бусаар хангажээ. Энэ явдалдаа гэмшсэн хүчирхийлэгч 10 сая төгрөгөөр ар гэрийнхэнтэй нь зохицсон байна.

Гэвч жилийн дараа буюу саяхан мөн л нөгөө охиныг нь тэр найз нь хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарчээ. Тиймээс хуулийн байгууллагад хандаж, охиныхоо талаар яах ёстой талаараа зөвлөгөө авахаар ийнхүү өмгөөлөгчийн үүд сахиж явна.

Гэх мэтчилэн хүчингийн хэргийн хохирогч болсон олон зуун охин өнөөдөр амьдарч явна. Заримд нь амьдрах ч хүсэл сонирхол алга.

Тэгвэл бид төрүүлсэн үрийнхэээ төлөө, цэцэг цэврүү шиг ургаж яваа охидынхоо төлөө эцэг эхчүүд юу хийж чадах юм бэ, тэднийг яаж хамгаалах бэ. Араатангуудаас яаж аврах юм бэ. Хүүхдийн хамгийн аюулгүй байх орчин бол гэр, сургууль. Гэтэл гэртээ хүчирхийлэлд өртөж, зодуулж нүдүүлж, эцэстээ амиа алдаж байгаа нь эмгэнэлтэй. Аюулгүй орчин нь аюултай орчин болчихоод байна.

Хүүхэд хамгаална гэхээр зодуулж, нүдүүлж, хүчиндүүлж, хүчирхийлүүлсэний дараа л сүр бадруулж хамгаалах байранд аваачихыг хэлдэггүй юм. Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд хамгаалах бодлого ямар түвшинд байгаа билээ. Аюул, заналхийлэл үйлдээд байгаа аав, ээж гэр бүл рүү нь чиглэсэн төрийн бодлогуудыг зөв хийж, хөгжүүлж байж хүүхэд хамгаалагдана.

Аливаа асуудалд ниргэсэн хойно хашгирдаггүй баймаар байна. Үр хүүхэддээ сүүдэр тусгахгүй өсгөх нь эцэг эхчүүдийн үүрэг хариуцлага. Хариуцлагаа ухамсарлая, хайртай байя үрсдээ.

Хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ямар хариуцлага хүлээлгэх вэ

Гэр бүлийн ч бай бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэнбугай ч хуулиас зугтаж, хариуцлагаас мултарч чадахгүй. Чивэлт хүслээ дарж чадахгүй гаж үйлдэл хийснийхээ төлөө хэн ч Эрүүгийн хариуцлагад татагдаж, ял зэм хүлээнэ гэдгийг мэдэх хэрэгтэй.

Түүнээс хүний охин үрийг бузарлаж хүчирхийлчихээд хариуцлагаас мултарч болдог юм, хохирогчтойгоо эвлэрч зохицож болдог гэсэн буруу ташаа ойлголт энэ нийгэмд байхгүй юм.

Тухайлбал, бага насны буюу нас биед хүрээгүй хүүхэд хүчирхийлж, бие болон сэтгэл санааны хүнд хохирол учруулсан бол 10-20 жилийн хорих ял буюу бүх насаараа хорих ял авах хуулийн заалттай. Түүнээс хүчингийн хэрэг үйлдсэн хүнд торгуулийн ял оноож, Зөрчлийн хуулиар шийтгэдэг гэх ойлголт буруу ташаа мэдээлэл юм.

О.Сайханцэцэг 

 

Хүүхдийн хамгийн аюулгүй байх орчин бол гэр, сургууль. Гэтэл гэртээ хүчирхийлэлд өртөж, зодуулж нүдүүлж, эцэстээ амиа алдаж байгаа нь эмгэнэлтэй. Аюулгүй орчин нь аюултай орчин болчихоод байна.
Нийгэм

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.