| | USD/MNT 0₮

Р.Булгамаа:Хүүхэд хамгааллын асуудалд хүн бүрийн оролцоо чухал

Цагдаагийн байгууллагаас хүүхдийн гэх тодотголтой төрийн болон төрийн бус байгууллага, иргэний байгууллагуудтай хамтарч нэг сарын хугацаанд “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг эхлүүлсэн байгаа билээ.

Энэ аян үргэлжилж байгаа эл өдрүүдэд 9 настай охин хойд эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай гарч нийгмийг айдаст автуулсан байна.  Хүүхдийн аюулгүй байдал, хүүхдэд ээлтэй орчин, хүүхэд хамгааллын асуудал нийгмийн номер нэг асуудал болчихоод байгаа.

Ингээд энэ аянд нэгдэж, дуу хоолойгоо хүргэж байгаа Хүүхдийн эрхийг хамгаалагч, хуульч Р.Булгамаатай аяны хүрээнд юу хийх талаар ярилцлаа.

-“Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны үр дүн ямар байгаасай гэж хүсч байна. Энэ аяны гол зорилго юу бэ?

-Хүүхдийн эсрэг гэмт хэрэг, бэлгийн хүчирхийлэл болон аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү аяныг  тусгайлан яриад байдаггүй. Энэ асуудлыг хөндөж цагдаагийн байгууллагаас анх удаа аян зохион байгуулж байгаа нь онцлог юм. Бэлгийн хүчирхийлэл байна, үүнийг томчууд бид анхаарахгүй, чимээгүй өнгөрүүлж болохгүй гэдгийг ил тодоор дэвшүүлэн тавьж, цэг тавих цаг нь болсон гэдгийг чухалчилж байгаа нь сайшаалтай . Энэ төрлийн гэмт хэрэгтэй  бүх түвшинд тэмцэх хэрэгтэйг онцолж, урьдчилан сэргийлэх, цаашид ийм гэмт хэргийг гаргуулахгүй байхад юуг анхаарах хэрэгтэй вэ гэдгийг ний нуугүй гаргаж байгаа нь сайн талтай, нөгөөтэйгүүр эцэг, эхийн үүрэг хариуцлага хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд ямар чухал ач холбогдолтой гэдгийг илэрхийлэх зорилготой гэж ойлгож байгаа.

“Хүүхдийг хайрлая, хамгаалья” уриан дор эерэг мэдээллийг түгээх, иргэдийг соён гэгээрүүлэхэд чиглэгдэж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд бүх нийтийн оролцоо хандлагыг чиглүүлэх нь гэж ойлгож байгаа. Энэ хандлага ч цаг үеэ олсон зөв шийдэл гэж харж байна.

Аяны үр дүнд нуугдмал байгаа гэмт хэргийг нээн илрүүлэх, иргэд энэ асуудал дээр дуу хоолойгоо нэгтгэх, гэмт хэргийн хохирогч болон эрсдэлт нөхцөл байдалд байгаа хүүхдүүдэд хүрсэн бодлого үйл ажиллагааг бодитой болгож, эрх зүйн зохицуулалтыг хэрхэн талаар тодорхой шийдэлд хүрэх байх гэж найдаж байна.  

-Бэлгийн хүчирхийллийг давтан үйлдээд байгаа хэв шинж, шалтгаан нөхцөл нь юу вэ?

-Хүчиндэх гэмт хэрэг үйлдэгдээд байгаа орчин нөхцөл гол төлөв ахуйн хүрээнд гарч байна. Олон гудамжны цаана байгаа болон өөр дүүргийн хүн ирээд таны охиныг хүчиндчихэж байгаа үйлдэл ерөөсөө биш. Хэн нэгний нүдийг хариулж байгаад цэцэг цэврүү шиг охин руу чинь дур хүслээ барьж захирч чадахгүй халдаж байгаа үйлдлүүд байна. Дээрээс нь эрх зүйн чадамжгүй байдлыг нь далимдуулж байна.

Одоогийн байдлаар бага насны, хөгжлийн бэрхшээлтэй, оюуны хомсдолтой болон өсвөр насны зэрэг хэд хэдэн охидын эрхийг хамгаалахаар ажиллаж байна. Гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүд гол төлөв эрхэлсэн тодорхой ажилгүй, байнгын архидан согтуурдаг, ёс суртахууны доголдолтой иргэд байдаг. Тэд хүүхдийн ертөнцийг гэмтээж, харлуулж байгаа үйлдлээ буруу зүйл гэж хардаггүй ийм л араатан шиг хүмүүс байх юм.

-Хүүхэд хүчирхийлсэн хэргийг нийгэмд сенсааци тарих зорилготой мэдээлж байна хэмээн хуулийн байгууллагаас бичүүлдэггүй. Гэвч одоо энэ аянаар нуугдмал хэргийг илрүүлэх, мэдээ мэдээлэл иргэдээс авах зорилготой гэхээр ил болгож, илчилнэ гэсэн үг үү?

-Нэг талаараа бэлгийн хүчирхийллийн тухай асуудлыг ярьж, бичвэл энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг хүмүүст сэдэл өгдөг учир нуугдмал байх хэрэгтэй гэж хуулийн байгууллагаас мэдээлж, бичүүлэхээс цааргалдаг байсан нь үнэн. Гэхдээ энэ хэргийн нөхцөл байдал болон гараад байгаа шалтгаан, шийдлийг нь олохын тулд нөхцөл байдлыг гаргаж ирэх л ёстой.

-Таны хувьд хүүхдийн хүчирхийллийн асуудалд дагнан ажилладаг хуульчийн хувьд энэ аянд нөлөөлөл ихтэй дэмжин оролцож байгаа байх?

-Тиймээ. Хохирсон охид, эмэгтэйчүүдтэй нүүр тулж ажилладаг хүний хувьд одоо энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх үүндээс ний нуугүй ярьж, анхаарал хандуулах цаг болсон. Алийн болгон тойрон эргэлдэх билээ. Бодит шийдлээ тодорхойлох болсон. Бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдүүдтэй ойрхон ажилладаг хүний хувьд сэтгэл маш их зовнидог. Яаж энэ төрлийн гэмт хэргийн гаралтыг багасгах уу, ийм муухай хэргүүд гарах шалтгаан нөхцөлийг эрэмбэлэн гаргаж байгаад яаралтай арга хэмжээнүүд авах юмсан гэж боддог. Нэн тэргүүнд энэ төрлийн гэмт хэрэгт өртөөд байгаа хүүхдүүдэд үзүүлдэг эрүүл мэндийн болон сэтгэлзүйн үйлчилгээг үнэ төлбөргүй болгож энэ чиглэлийн мэргэшсэн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин жигдрүүлэх юмсан. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүд насан туршийн сэтгэцийн болон бие махбодийн шархтай үлдэх ёсгүй.

Түүнчлэн бодлогын түвшинд эрх зүйн зохицуулалтыг нь эргэн харж, давтан үйлдээд байгаа этгээдүүдийг тайган болгох хүртэл хуулийн зохицуулалт хэрэгтэйг удаа дараа хэлээд л явах юм. Тусыг эс олох юм даа. Хууль тогтоогчид хүүхдийн гэмтэж бэртсэн, ирээдүйдээ итгэлээ алдсан тэр ертөнцийг ойлгож, олж харахгүй нь харамсалтай. Өчнөөн хэрэг гарч, нэг хэсэгтээ шуугиад мартдаг байдлаа өөрчлөх цаг нь болсоон. Хүүхдийн ертөнцийг халдлагаас ангид байлгахад томчуудын үйл ажиллагаа, төрийн бодлого чиглэгдээсэй.

Ийм дээ ч гэмт хэрэгт өртсөн олон зуун охидын өмнөөс энэхүү аяныг халуун дулаанаар хүлээж авч, гаргаж байгаа санал санаачлагыг дэмжин оролцож байна. Дэмжин оролцож байгаа бас нэгэн шалтгаан нь өнгөрсөн жил бид хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, иргэд нэгдэн “Хүүхэд хүчирхийллийн эсрэг хөдөлгөөн” -ийг байгуулж, хуулийн этгээдийн гэрчилгээгээ авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Бид чимээгүйхэн хэрнээ соён гэгээрүүлэх маш олон ажлыг хийсэн. Цаашид ч хийсээр байх болно.

Гэмт хэрэгтнүүдэд ял завших боломжийг нээлттэй олгосон зарим нэг зохицуулалт байгаа тул хуулинд өөрчлөлт оруулахаар хууль тогтоогчдод дуу хоолойгоо хүргэнэ гэж бодож байгаа. Бид асуудлаа гаргаж тавихгүй бол шийдлээ олж чадахгүй.

-Нуугдмал гэмт хэргийг илрүүлэх зорилготой юм байна. Гэвч гэр бүлийн гишүүд хохирогч болсон охиноо дарамталж өргөдлийг нь татуулах, асуудлыг нуугаад өнгөрдөг тал бий?

-Нуугдмал гэмт хэрэг олон байна. Ийм төрлийн гэмт хэрэг хохирогчийн гомдлоор, хэн нэгний мэдээллээр цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Гэтэл гэр бүлийн түвшинд асуудлыг дарчихаад байдаг. Бодит амьдрал дээр “Бидэнд айхтар ноцтой юм боллоо” гэсээр гэр бүлээрээ ирээд “Эргээд бид хэд ярилцаад хүрээд ирье” гээд эргэж ирдэггүй жишээ олон байна. Тэр хүмүүстэй эргээд холбогдохоор “Аавыгаа, ахыгаа, өвөөгөө шоронд оруулах гээд байна. Энэ ганцхан миний охины асуудал биш, удам угсаагаар муу нэртэй үлдэж, гадуур яриа гарна. Тиймээс бид ярилцаад охиндоо ойлгуулаад, уучлал гуйлгуулж, гэр бүлдээ асуудлаа шийдлээ” гэж хэлэх тохиолдол байна. Уг нь ийм төрлийн гэмт хэргийг нуун дарагдуулах ёсгүй гэдгийг сайн хэлж ойлгуулдаг ч ийм хариулт сонсдог. Үүний цаана хохирогч хүүхэд асар хүнд дарамтанд үлддэг.

-Ийм төрлийн гэмт хэрэг гаргуулахгүй, үйлдүүлэхгүй байх тал дээр хуулиар чангалахаас гадна хувь хүний оюун санаатай л ярих ёстой юм болов уу?

-Тийм. Гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдийн  оюун санаа, ёс суртахуун, сэтгэхүйтэй тулж ажилламаар байна. Бага насны хүүхэд хүчирхийлсэн бол 12-20 жил хүртэл эсхүл бүх насаар нь хорих ялтай. Гэмт хэрэгтнүүд ялын бодлогоос огт эмээхгүй байгаа нь өөр шийдэл, зохицуулалт хэрэгтэйг харуулж байна.  Яагаад бид үр хүүхэд, үндэс мөчир болсон нялх бяцхан үрсээ хайрлахгүй, хар сүүдэр тусгаж байгаа юм бэ. Хүний ёсонд баймгүй жигшүүрт хэрэг үйлдээд байгаа юм бэ. Ийм зүйл байх ёсгүй гэдгийг бүх түвшинд гаргаж ухааруулах л хэрэгтэй санагддаг. Нөгөөтэйгүүр иргэдийн эрх зүйн боловсрол дутуу дулимаг байна. Хүүхдийг хуулиар хамгаалдаг, хүүхэд хамгаалах байранд хохирсон хүүхдийг авдаг, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг гэдгийг мөн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулиар ял оноодог гэдгийг мөн иргэн таны эрх хуулиар хамгаалагдсан гэдгийг сурталчилж, магадгүй ерөнхий боловсролын болон их, дээд сургууль, түүнчлэн МСҮТ-ын зэрэг сургуулиудад хууль, эрх зүйн тодорхой мэдлэг олгох сургалтын хөтөлбөртэй болж болох юм.

-Хүчирхийлэлд өртсөн охидын ирээдүйд хар толбо, сүүдэр бий болчихож байгаа нь харамсалтай?

-Гэмт хэргийг нуун дарагдуулдаг нь томчууд бид өөрсдөө. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд мөнхийн айдастай үлддэг. Дээрээс нь эрэгтэй хүнийг үзэн ядах сэтгэхүй тархинд сууж эхэлдэг. Амьдрах итгэлээ алдаж, сэтгэл санааны болон сэтгэхүйн гүн өөрчлөлттэй болохоор нийгмийг эргээд үзэн ядах сөрөг хандлагыг бий болгодог. Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хүн болгоноос аврал эрдэг ч нөгөө талаас хүн болгоныг буруутгаж хардаг болчихдог.

Хамар хашааны ахынхаа хүчирхийлэлд олон жил өртөж нэгэн охин өмгөөлөгч эгчээ яг энэ мөчид ажил хийнэ мөнгө олно гээд өвөө эмээ дээр минь орхиод Солонгос явсан ээждээ ч гомдож, үзэн ядаж байна гэж захидал бичиж өгч байсан. Үнэхээр сэтгэл урагдам, нулимс мэлмэрэхгүй байхын аргагүй. Амьдралын гачигдал, үр хүүхдэд тавих хараа хяналт суларснаас олон асуудал ар араасаа улбаалан гарч ирдэг.

-Бэлгийн хүчирхийлэл бол онц хүнд гэмт хэрэг. Эрүүгийн хуульд бага насны хүүхэд хүчирхийлсэн бол 20 жил болон бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг. Гэвч...?

-Хорих ялаас айхгүй байна. Хүчирхийлэлд өртөж, амь насаа алдсан 13 настай охины хэрэг дээр ажилласан, энэ нь нийгэмд ил болчихсон кэйс. Бусад хэргийн тухайд төдийлөн олон нийтэд яриад байдаггүй. Дээрх хэргийн тухайд гэвэл бүтэн хоёр жил мөрдөн байцаалт явагдаж дуусаад, гурван шатны шүүхээс хэрэг үйлдсэн хоёр этгээдэд бүх насаар нь хорих ял оноосон. Хүүхэд хүчирхийлж, хүн алсан хүн бүх насаараа хорих ял авдаг юм байна гэдгээрээ нийгэмд цочроо өгсөн. Уг шүүхийн шийдвэр энэ төрлийн гэмт хэргийн гаралтад тодорхой хувиар нөлөөлөх юм болов уу гэж хувьдаа харж, горьдлого тээсэн ч харамсалтай нь үгүй юм байна. Нийгмээрээ анхаарал хандуулах ёстой асуудал болсныг харуулж байгаа хэрэг юм. Гол асуудал олон жил хорих гэхээс илүүтэйгээр энэ төрлийн гэмт хэргийг үйлдүүлэхгүй байх, урьдчилан сэргийлэхэд анхаарах, ялын бодлогын талаар өөр шийдэл, зохицуулалт хэрэгтэйг олж харах хэрэгтэй байгаа юм.

-Сүүлийн гурван жилийн тоог харахаар бэлгийн хүчирхийлэлд өртсөн охидын тоо өссөн байгаа юм?

-Хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байгаа тоо жилээс жилд өсч байгаа нь нийгмийн гамшиг, аюул шүү. Хонх цохих дайны асуудал болж мэднэ. Ямар ч эрх зүйн чадамжгүй, ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй нялх хүүхэд ч гэмт хэргийн хохирогч болж байна. Үр хүүхдээ хөсөр хаяж байгаа ээжүүд олноороо бий, аавууд ч ялгаагүй. Хүүхдээ хаях нь энгийн үзэгдэл болжээ. Тэгэхээр энд хариуцлагын асуудал хөндөгдөх учиртай.

Тухайлбал, 2017 онд 187, 2018 онд 236, 2019 онд 253 охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болж тоо өсчээ.

Сүүлийн 3 жилд   676 бяцхан зүрх шархдаж, гэмтэж бэртсэн гээд боддоо. Энэ бол ердөө мэдэгдэж байгаа цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдсэн тоо. Гэвч цаана нь нуугдмал байгаа, өргөдлөө цагдаагийн байгууллагад өгөөгүй тоог нь харвал үнэхээр гайхна.

Шүүх эмнэлэгт очиж шинжилгээ өгсөн охидын тоо жилд мянгаас дээш, үр хөндүүлсэн охидын тоо жилд мянгаас дээш байдаг. Тэгэхээр үүний цаана юу байна гэхээр нөгөө бэлгийн хүчирхийлэл нуугдмал хэлбэрээр оршиж байна гэж үзэх хардлага өөрийн эрхгүй төрдөг.  

-Ихэвчлэн ямар хүүхдүүд гэмт хэргийн хохирогч болоод байна вэ?

-Эцэг, эхийн хараа хяналт сул байдаг айл, өрхийн хүүхдүүд гол төлөв гэмт хэрэгт өртөөд байна. Үр, хүүхдээ үл хайхарч, үүрэг хариуцлагаа ухамсарлахгүй байгаа эцэг, эхчүүдийн буруу. Аав нь аав шиг, ээж нь ээж шиг байгаагүйгээс болж хүүхэд гэмт хэргийн хохирогч болоод байна. Тэгэхээр нийгэмд эцэг эхчүүдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлье. Хүүхэд гэх ертөнцтэй нүүр тулсан цагаас аав, ээжийг хариуцлагатай байлгая. Байгууллага болгон эцэг, эхийн зөвлөлтэй болъё.

Эрсдэлт бүлэгт байгаа хүүхдүүдээ эргэж тойрдог, хараа хяналтаа тогтмол тавьдаг дарга хир олон байгаа билээ. Хамтарсан багуудын үйл ажиллагааны зардал мөнгийг шийдэж өгөх хэрэгтэй. Хүүхэд хамгааллын иргэний нийгмийн байгууллагуудаар зарим чиг үүргээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой санагддаг.  Томчууд бид үр хүүхдийнхээ өмнө хариуцлага үүрч, төрийн бодлогоор хамгаалдаг байя. Төрийн хамгаалалтад байх субьект бол хүүхэд гэж хэлнэ, би.

-Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт хэр байгаа вэ?

-Шударга хэлэхэд, хууль гаргаснаар хүүхэд бүрэн хамгаалагдахгүй байна. Гэр бүлийн болон хүүхэд хамгааллын гээд нийтдээ 7-8 хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа ч өнөөдөр хэдэн мянгаараа хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Жилд 100 гаруй хүүхэд амь насаа алдаж байна. Сүүлийн 3 жилд 5043 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, 3400 орчим хүүхэд гэмт хэрэг үйлдэж хариуцлага хүлээсэн байдаг. Хүүхдэд ээлтэй,  аз жаргалтай хот байж чадаж байна уу. Жилд гэмт хэрэгт өртөөд байгаа хүүхдийн 70 хувь нь нийслэл хотын хүүхдүүд байна.

-Тэгэхээр хүүхэд хамгааллын асуудал ганц гэр бүл биш бүх нийтийн анхаарах асуудал болчхоод байна гэсэн үг үү?

-Хүүхэд хамгааллын асуудал бүх нийтийн асуудал. Бүх нийт анхаарлаа хандуулж, бүх шатны байгууллагууд анхаарч, хүүхдийн гэх тодотголтой байгууллага тэр дундаа боловсролын байгууллага ч хүүхдэд ээлтэй орчныг нь бүрдүүлэх тал дээр анхаарах ёстой. Хүүхдүүддээ тавих хайр халамж чухал шүү. Үглэх биш үлгэрлэх аав ээжтэй байх хариуцлагатай аав ээжийг бий болгох асуудал чухал байна даа.

-Яг тийм. Хүүхдээ хүчирхэг, боловсролтой нэгэн болохыг чухалчлахаас хүнлэг зөв нэгэн болоход анхаардаггүй юм шиг санагдаад байгаа?

-Надаас “Хүүхдээ яаж хүчирхэг нэгэн болгох вэ” гэж асуудаг аав ээжүүд бий. Ямар нэгэн спортоор хичээллүүлээд хүүхэд тань хүчирхэг нэгэн болохгүй. Сэтгэл санааг нь хүчирхэг, хүнлэг нэгэн болгох тал дээр аав ээжүүд анхаараачээ. Хүүхэд сайн мундаг эр хүн ямар байх вэ гэдгийг өвөө, аав ахаасаа үлгэрлэн хардаг байх ёстой.  Толь болсон аав, ах нар нь нийгмийн үлгэр дуурайлал болмоор байна.

-Нийгмийн үнэт зүйл бол гэр бүл гэдэг. Гэвч одоо цагт гэр бүлийн байгаа байдлыг нь харахаар ямар ч үнэт зүйлгүй болсон мэт санагддаг?

-Монгол хүний үнэт зүйлийг бий болгох асуудал олон түвшинд орхигдсон байна. Тэгэхээр “Би ирээдүйн сайн аав ээж” гэсэн хөтөлбөрийг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж, яагаад бид нар хүүхдээ сургуулийн өмнөх боловсролоос нь болон сургуульд нь “Би ямар аав хүн болох ёстой” гэсэн хүмүүжлийн болон соёлын өвийг шингээсэн зан заншлын хэм хэмжээ, ахмад настангуудын сургаалийн үгсийг шигтгэсэн Үндэсний хөтөлбөрийг гаргаж хэрэгжүүлэх юмсан гэж бодогдог. Монгол хүн, монгол ёс заншлын талаар ярихгүй байж дэлхийн боловсрол яриад яах юм бэ. Уучлаарай, Монгол хүн монголоороо байж дэлхийд нэрээ дуурсгана гэж хардаг.

-Гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага сул байна. Хүүхдийн тэтгэмжээ өгдөг аав цөөхөн байдаг гэх?

-Нэг зүйлийг нэмж хэлэхэд, энэ намрын УИХ-ын чуулганаар Гэр бүлийн тухай хуулийг хэлэлцээсэй. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад, гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагыг тодорхой оруулж өгмөөр байна. Төрүүлсэн үр хүүхдийнхээ өмнө ямар ч үүрэг хүлээхгүй, орхиод яваад өгдөг аав ээжүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох ёстой. Зөрчлийн тухай хуулийн 6.20 зүйлд зааснаар  хуулиар хүлээсэн асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулсан байгаа. Бодит амьдрал дээр архидаад алга болчихдог аав болон ээж хүн олон байна.

Гэр бүл салахад томчууд хүүхдийн өмнөөс шийдвэр гаргадаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Жишээлбэл, “Би тэтгэмж авахгүй. Хүүхдээ өсгөөд явж чадна” гэх. Хүүхдээ хүмүүжүүлж өсгөх үүргээ умартаад явж байгаа аав, ээж хүн заавал тэтгэмж төлөх үүрэгтэй. Таны төлсөн тэтгэмж хүүхдийн хуваарьт дансанд ордог байх. Хүүхэдтэйгээ хамт байх үүргээ биелүүлээгүй бол та зохих  тэтгэмж, төлбөрийг төлөх ёстой. Энэ мөнгө хүүхдийн ойр зуурын хэрэгцээнд л зарцуулагдана. Түүнчлэн тэтгэмж төлөөд зугатаах бус гэр бүлийн тухай хуулиар салаад, орхиод явсан эцэг, эх хүүхдийн хүмүүжил төлөвшилд анхаарал тавьдаг өөрөөр хэлбэл 7 хоногт дор хаяж.......-с доошгүй цаг зарцуулдаг, хуульд заасан цагийг хүүхэддээ зориулаагүй бол зөрчлийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг байх зохицуулалтыг тусгаж өгмөөр санагддаг. Хүүхдэд тавих хараа хяналт, халамж анхаарал, хайрыг мөнгөөр үнэлээд ч нэмэргүй гэдгийг нийгэм харуулж байгаа.

Өнгөрсөн жилийн судалгаанаас харахад тэтгэмж төлөх ёстой аавуудаас 30 хувь нь төлдөг, бусад нь зугтаадаг. Өнгөрсөн жилээс эхэлж тэтгэмжээ төлөөгүй эцэгт хилийн хориг тавьдаг болсон. Тэгвэл хүүхдийн тэтгэмжээ төлдөггүй аавуудыг албадан ажил хийлгэдэг, хариуцлагаа ухамсарладаг албадлагыг төр хэрэгжүүлэхэд гэмгүй.

-Тэгэхээр бэлгийн хүчирхийллийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил чухал юм байна?

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал номер нэгт байх ёстой. Өөрөөр хэлбэл хүмүүсийн зан суртахуунтай тулж ажиллах. Хүмүүсийн оюун санаанд нөлөөлөх нөлөөллийн ажил хиймээр байна. Мөн хуулийн хариуцлагын асууал. Адгууснаас долоон дор үйлдэж байгаа энэ үйлдлийг нь бид хэрхэвч хүлээн зөвшөөрч болохгүй. Араатан амьтан хүртэл үр төлөө хүчирхийлэх битгий хэл гишгэлдэггүй шүү дээ.  Гэтэл “Ганц хоёр удаа л ойртсон шүү дээ” гэж хэлээд зогсох гэмт хэрэгтэн ч байна. Үнэндээ бол охины ирээдүйг булшилсан гэдгээ мэдрэхгүй сэтгэхгүйтэй байдаг нь эмгэнэлтэй. Тэгэхээр бид энэ төрлийн гэмт хэргийг нууцлах бус, харин ч хандлагаа өөрчилж хаалттай байгаа хаалгыг нээж, гэрэл гэгээ оруулъя, асуудлыг тодорхой гаргаж тавих нь зөв юм. Цагдаагийн байгууллагаас соён гэгээрүүлэх ажлыг маш сайн явуулдаг болсон.

Хууль, эрхзүйн орчных нь хувьд ч дэвшил гаргах ёстой. Бид бүгдээрээ сэтгэл зүтгэлээ нэгтгэж, нийгэмд соён гэгээрүүлсэн ажлыг үлгэр жишээ хийх цаг нь болсон. Нийгмийн болон үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө ажиллахыг хичээдэг. Хэн нэгнийг муухай харагдуулахдаа гол биш, соён гэгээрүүлэх тал дээр хамтарч ёс зүйгүй, ёс суртахуунгүй үйлдэл байж болохгүй гэдгийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрч түүний эсрэг нүд, чих болъё.

О.Сайханцэцэг 

 

 

Нуугдмал гэмт хэрэг олон байна. Ийм төрлийн гэмт хэрэг хохирогчийн гомдлоор, хэн нэгний мэдээллээр цагдаагийн байгууллагад мэдэгддэг. Гэтэл гэр бүлийн түвшинд асуудлыг дарчихаад байдаг. Бодит амьдрал дээр “Бидэнд айхтар ноцтой юм боллоо” гэсээр гэр бүлээрээ ирээд “Эргээд бид хэд ярилцаад хүрээд ирье” гээд эргэж ирдэггүй жишээ олон байна. Тэр хүмүүстэй эргээд холбогдохоор “Аавыгаа, ахыгаа, өвөөгөө шоронд оруулах гээд байна. Энэ ганцхан миний охины асуудал биш, удам угсаагаар муу нэртэй үлдэж, гадуур яриа гарна. Тиймээс бид ярилцаад охиндоо ойлгуулаад, уучлал гуйлгуулж, гэр бүлдээ асуудлаа шийдлээ” гэж хэлэх тохиолдол байна. Уг нь ийм төрлийн гэмт хэргийг нуун дарагдуулах ёсгүй гэдгийг сайн хэлж ойлгуулдаг ч ийм хариулт сонсдог. Үүний цаана хохирогч хүүхэд асар хүнд дарамтанд үлддэг.
Ярилцлага

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.