| | USD/MNT 0₮

Хойд эцгийнхээ зодуурыг амсаж, зовлонг нь үүрсэн бяцхан ЗҮРХ үүрд зогсов

Цагдаагийн байгууллага болон ГБХЗХГ, төрийн бус байгууллагууд хамтарч хүүхэд хүчирхийллийн эсрэг “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг нэг сарын хугацаатай өрнүүлж байгаа энэ үед 9 настай охин харгис хэрцгий хойд эцгийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч нийгмийг айдаст автуулж, үртэй хүн бүрийн өр зүрхийг урж, өмөлзүүллээ.

Есхөн настай охин өөрийгөө хамгаалж, амьд үлдэхийн тулд өвдөлтөө үл ажран цагдаагийн байгууллагад өөрөө дуудлага өгч, түргэний машинд эмчийн гар дээр амьсгалаа татжээ. Тэр бяцхан зүрх эмнэлэгийн тусламж авч чадаагүй. Эвий дээ, хөөрхий амьдрахыг, амьд үлдэхийг тэмүүлж хичээсэн ч, нэгэнт ойртжээ.

Охин олон удаагийн хуучин гэмтэлтэй, тэр нь бороолж эдгэрсэн байсан нь шүүхийн шинжилгээний дүгнэлтээр тодорхой болж, тогтоогджээ. Олон хавирга нь хугарч эдгэсэн байна.

Харин үхлийн шалтгааныг нь сонсохоос ч халширч өр өвдмөөр. Хойд эцгийнхээ байнгын зодуур, дарамт, хүчирхийлэлд байсан охин амьд үлдэхийн төлөө, амьдрахын тулд өмнө нь гэрээсээ хүртэл зугтаж байв. Өнгөрсөн жил гэрээсээ дайжихад ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ч удалгүй “Охин өөрөө гэртээ ирсэн” гээд дуудлагыг нь цуцалж байжээ. Хэчнээн өвдөж, өр зүрх нь шаналж байсныг бодох юм биш. Хэчнээн удаан зодуур амсч, зовлон үүрч суусныг мэдэх юм биш.

Эцсийн мөчид тэр өөрөө эмч дуудаж, эмнэлгийн машинд амьсгал хураасныг нь бодохоор. Нас биед хүрсэн эр есхөн настай жаахан охины хавиргыг нь хугалж, нарийн болон бүдүүн гэдсийг нь цоортол зодсон гэж бодохоор тэр чимээгүй араатан, хүн сүг байжээ.

Хөөрхийдөө, талийгаач охин сэргэлэн цовоо нэгэн байжээ. Анги хамт олон дотроо цээж бичгийн аварга байж, хүсэл мөрөөдөл дэврүүн нэгэн байж. Ирээдүйгээ сайн сайхнаар төсөөлсөн энхрий бяцхан зүрх харгис эцгийн гараас амьд үлдэнэ гэдэгтээ итгэдэг байсан байх.

Эцэстээ хүчирхийлэл, дарамт зодуурыг тэвчихгүйдээ тэр гэрээсээ зугтаж үзэж, өөрөө цагдаад дуудлага өгч амь аврахыг нь хүсчээ. Гэвч түүнийг хэн ч анзаарсангүй, төрүүлсэн ээж нь ч хайхарч хараагүйд үнэхээр харамсалтай. Хэнэггүй, хайрхамжгүй, дүлий төрийн эсрэг тэр эцсийн удаа хашгирлаа. Даанч тэр амьд үлдсэнгүй.

Эвий дээ, хойд эцэгтээ зодуулдаг байсныг хөгжлийн бэрхшээлтэй 12 настай эгч нь илчилж. Дүүг нь дарамталж зодож байсан хойд эцэг нэртэй тэр хүн сүг ч хөгжлийн бэрхшээлтэй эгчээр нь гарынхаа чилээг гаргадаг байсныг үгүйсгэхгүй юм. Ийм хүүхдүүдээ төр халамжиндаа аваач. Алгын чинээ хүүхдээс аяга хоол, алд дэлэм хувцас харамлахгүй биз дээ. Халамжийн гэх тодотголтой байгууллагууд нь ийм байдалд байгаа хүүхдүүдээ харж, хандаач.

Өнөө маргаашгүй амаржих дөхсөн ээж нь бас хохирогч гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ тэр эмэгтэй өөдсийн чинээхэн охидоо өөрөө яагаад хамгаалж болсонгүй вэ. Ядаж л өөрийн төрсөн тулсан ах дүүс, өвөө эмээд нь аваачаад өгч болоогүй юм бэ.

Өөрөө ажилтай гээд гэрээсээ гараад явдаг ч өөдсийн чинээ үрсээ хойд эцэгт нь даатгаад орхиод явахдаа тэр ээж юу боддог байв. Даанч үр хүүхдээ өмгөөлөх, хайрлах ухаан тэр ээжид дутжээ. Хоёр жилийн турш охинд нь хүнд болон хөнгөн гэмтэл учруулж, хүчирхийлж байгааг нь мэдсээр байж ямар ч үйлдэл хийгээгүй, хамгаалаагүй гэж бодохоор өмнөөс нь гомдоод байх юм.

Хүүхэдтэй холбоотой элдэв хэцүү зүйлийг уншихгүй, бичихгүй, ярихгүй, сонсохгүй байхыг хичээх юм. Гэвч өөрийгөө хамгаалж чадахгүй, өчүүхэн бяцхан үр хүүхэд томчуудын хүчирхийлэлд өртөж, улмаар зодуулж амиа алдсаар байна. Бид энэ бүхэнд дөжирлөө гэжүү. Эсвэл ниргэсэн хойно нь хашгирсаар байх ёстой юу. Бид таван жилийн өмнө дөрвөн настай охиноо тархийг нь гоожтол зодож амийг нь хохироосон Цогт, Маралмааг аль хэдийнэ мартсан.

Хэдхэн сарын өмнө Хэнтий аймгийн Хэрлэн суманд хойд эцэг Хүлүгэнийхээ гарт амиа алдсан хоёр настай хүүг аль хэдийнэ мартжээ. Мөн хэдхэн сарын өмнө Баянгол дүүрэгт “Хичээлээ хийсэнгүй” гэдэг шалтгаанаар 9 настай хүүхдээ зодож амийг нь хохироосон аавын хэргийг ч ор тас мартсан байгаа. Гэвч тэдэн шиг хүмүүс эргэн тойронд байсаар байна. Хэзээ үр хүүхдийнхээ төлөө нэгдэн нийлж, ганц ч болов үр нөлөөтэй ажил хийе.

“Хүүхдийн” гэх тодотголтой байгууллагууд нь эрсдэлт бүлэгт байдаг хүүхдүүддээ хүрч ажиллая, нийгмийн ажилтнуудын оролцоог нэмэгдүүлж, хүртээмжтэй болгож, өйл болгоны хаалгыг тогшдог байя, энэ айлд тэдэн сонгогч байдаг гэдгийг мэддэг шигээ энэ айлд хүүхэд яг ямар нөхцөлд амьдардгийг нь мэддэг байх бүрэн боломж төрд байгаа. Хэдэн цагдаа, хэдэн хүүхдийн байцаагч, төрийн бус байгууллагуудад энэ бүх ачааг үүрүүлж “Хүүхэд хамгаал” гэж тушааж болмооргүй санагдах юм.

Хаалттай хаалганы цаана байгаа хүүхдийн нулимс, айдас түгшүүр, аврал бүрийг илчилж, ил гаргая, төрсний гэрчилгээтэй иргэнээ төр нь мэдэж, хамгаалалтад авъя. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамтарч нийлж нэгдэж байж эх орны ирээдүй болсон үрсээ хамгаална. Цэцэг цэврүү шиг ургаж байгаа охидоо цээжээрээ хамгаалах цаг нь болсон.

Хүүхдийн амь үнэгүй, хүүхдийн нулимс их байж болохгүй гэдгийг хаа хаанаа анхаарах цаг нэгэнт болсныг энэхүү харамсалтай гэмт хэргүүд харуулсаар байгааг хүн бүр мэднэ. Үр хүүхдээ, хамгаалъя, хайрлая, хүүхдийнхээ байгаа ертөнцийг гэрэлтүүлье. Сүүдэргүй газар гэрэл гэгээ байдаг гэдгийг санах ёстой юм.

 

 

 

 

Хүүхэдтэй холбоотой элдэв хэцүү зүйлийг уншихгүй, бичихгүй, ярихгүй, сонсохгүй байхыг хичээх юм. Гэвч өөрийгөө хамгаалж чадахгүй, өчүүхэн бяцхан үр хүүхэд томчуудын хүчирхийлэлд өртөж, улмаар зодуулж амиа алдсаар байна. Бид энэ бүхэнд дөжирлөө гэжүү. Эсвэл ниргэсэн хойно нь хашгирсаар байх ёстой юу. Бид таван жилийн өмнө дөрвөн настай охиноо тархийг нь гоожтол зодож амийг нь хохироосон Цогт, Маралмааг аль хэдийнэ мартсан.
Нийгэм

Сэтгэгдэл (163)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.