| | USD/MNT 0₮

Хугацаагүй хадгаламжийн хүүг тун удахгүй тэглэх нь

“Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгож гэнэ ээ” гэсэн цуурхал олон нийтийн сүлжээгээр тарав. Уг цуурхалд итгэсэн зарим хүн хугацаагүй хадгаламж нь хүүгүй болчихсон учраас хугацаатай хадгаламжийн данс нээлгэх талаар ярьж явна. Хугацаагүй хадгаламжид урьдын адил хүү тооцсоор байгааг дуулгая.

УИХ-аас Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын эцэст батлан, мөрдүүлж эхэлсэн. Энэ хуульд банкны харилцах хадгаламжид хүү тооцохгүй байх заалт тусгасан юм. Харилцах хадгаламжийг хүүгүй болгосныг иргэд хугацаагүй хадгаламжтай хольж, ойлгосон байх талтай. Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгохын тулд хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай аж. Тодруулбал, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “Хугацаагүй хадгаламж хүүгүй байна” гэсэн утгатай заалт оруулсны дараа эцсийн шийдвэрт хүрэх нь.

Хэдийгээр хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгоогүй ч ийм шийдвэр гаргуулах талаар Төвбанкныхан идэвхтэй ажиллаж буй гэнэ. Монголбанкныхны санаачилгыг УИХ-ын ирэх намрын чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Тиймээс уг төрлийн хадгаламжид ирэх жилээс хүү тооцохгүй болж мэдэх нь. Мөн харилцах хадгаламжийг хүүгүй болгох заалтыг дээрх хуульд тусгуулах гэнэ. Тэгэхээр банкны харилцагч ямар нэгэн хүү тооцдоггүй гүйлгээний, мөн хугацаатай хадгаламжийн данс л эзэмшдэг болно гэсэн үг.

Манай улсын иргэн, аж ахуйн нэгжүүд энэ оны наймдугаар сарын эцсийн байдлаар 20 орчим их наяд төгрөгийн хадгаламж эзэмшиж буй гэсэн статистик мэдээллийг Монголбанкнаас гаргажээ. Үүний 11.76 их наяд төгрөг нь хугацаатай хадгаламж аж. Тэгвэл 3.58 их наяд төгрөг нь хугацаагүй, 4.64 их наяд нь харилцах хадгаламж юм байна. Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу одоогоор харилцах хадгаламжид хүү тооцохгүй байгаа. Эл хуулийг “Ковид-19” өвчний үед түр хугацаанд хэрэгжүүлнэ. Банкны салбарын урт нэрт буюу Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд “хугацаагүй”-тэй адил харилцах хадгаламжийг хүүгүй болгох заалт тусгачихвал урт хугацаанд хэрэгжүүлэх бодлого болох юм.

Хэрэв хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хугацаагүй болон харилцах хадгаламжийг хүүгүй болговол нийт хадгаламжийн 40 орчим хувьд хөлс тооцохгүй гэсэн үг. Хүү бол тухайн мөнгийг ашигласны хөлс. Банк хүний мөнгийг хадгаламж хэлбэрээр татаад, өөр нэгэнд зээлүүлэн ашиг олж буйнхаа төлөө хүү бодож, хөлс төлдөг. Ийм ойлголтын үүднээс авч үзвэл мөнгөн хадгаламжийн нэлээд хэсгийг хөлсгүй болгох бодлого хэрэгжүүлэх нь. Банкуудын хугацаатай хадгаламжийн жилийн хүү дунджаар 12 хувьд хүрсэн. Тэгвэл хугацаагүй хадгаламжийн жилийн хүү 4-5 хувьтай байна. Харин банкууд зарим харилцах хадгаламжид гурав хүртэлх хувийн хүү тооцдог. Хоёр төрлийн хадгаламжийн хүүг тэглэчихээр банкны эх үүсвэрийн зардал буурна. Тодруулбал, хадгаламжийн хүүд төлдөг мөнгө нь багасна гэсэн үг.

Монголбанкаас арилжааны банкны зээлийн хүүгийн 60 хувийг эх үүсвэрийн зардал эзэлж байна гэсэн судалгааны дүгнэлтээ танилцуулсан. Энгийнээр хэлбэл, энэ нь хадгаламжийн хүүд төлж буй мөнгө. Дээр дурдсанчлан хоёр төрлийн хадгаламжийг хүүгүй болгочихоор эх үүсвэрийн зардал зээлийн хүүгийн 40-50 хувийг бүрдүүлэх магадлалтай. Энэ нь зээлийн хүүг бууруулах хөшүүрэг болох нь дамжиггүй. Монголбанкныхан “Хоёр төрлийн хадгаламжийн хүүг тэглэх нь санхүүгийн зах зээлд эрүүл орчин бүрдүүлэх олон зорилгыг биелүүлнэ. Гэхдээ эцсийн зорилго нь зээлийн хүүг бууруулах” гэж тайлбарлаж байна.

Хэрэв хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хоёр төрлийн хадгаламжид хүү тооцохгүй болбол иргэд, аж ахуйн нэгжийн хуримтлалаа удирдах арга, хандлага ыөөрчлөгдөх нь ойлгомжтой. Иргэд, аж ахуйн нэгжийн харилцах дансан дахь мөнгөнд хүү тооцохыг хориглосон хууль хэрэгжүүлж эхлэнгүүт төгрөгөө хугацаагүй хадгаламж руу шилжүүлж эхэлжээ. Хугацаагүй хадгаламж нь харилцахаас өндөр хүү тооцохоос гадна мөнгөө хэзээ ч захиран зарцуулах боломжтой данс байдаг. Мөнгөө хэзээ ч захиран зарцуулж болдгоороо харилцахтай яг адил. Тиймээс хэн ч мөнгөө чөлөөтэй захиран зарцуулаад, хүү тооцуулахыг илүүд үзэх нь дамжиггүй.

Энэ оны эхэнд хугацаагүй хадгаламж 2.69 их наяд төгрөг байсан. Тэгвэл дээр дурдсанчлан өнгөрсөн сарын эцэст 3.58 их наяд төгрөг болж өсжээ. Харин энэ оны эхэнд иргэд, аж ахуйн нэгжүүдийн харилцах дансанд 5.43 их наяд төгрөг байв. Одоо 4.64 их наяд төгрөг болж буураад байна. Энэ нь 800 орчим тэрбум төгрөгийг харилцах данснаас хугацаагүй хадгаламж руу шилжүүлснийг харуулсан үзүүлэлт юм. Банкууд төрийн байгууллагуудын харилцах дансан дахь мөнгийг өндөр хүү амлан өөртөө татах явдал газар авсан байжээ. Ингэх нь зээлийн эх үүсвэрийн зардлыг нэмж, өндөр хүү тогтоход нөлөөлж байсан учир харилцах хадгаламжид хүү тооцуулахгүй байх арга хэмжээг Монголбанкнаас авсан гэнэ. Гэвч харилцах дансны мөнгө хугацаагүй хадгаламж руу шилжсэн нь тэдний эх үүсвэрийн зардлыг бууруулах зорилгыг бүрхэгдүүлэв. Тиймээс хоёр төрлийн хадгаламжийг хүүгүй болгож, замыг нь нэгмөсөн хаахаар шийдсэн хэрэг.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа иргэд, аж ахуйн нэгжүүд богино хугацаанд хэрэглэх мөнгөө гүйлгээний данс ашиглан эргэлдүүлэх биз. Харин урт хугацаанд хэрэглэхгүй мөнгөө хугацаатай хадгаламжид байршуулан, хүү тооцуулах байх. Ийм менежмент хийх нь ойлгомжтой. Монголбанкныхны санаачилсан бодлого зээлийн хүүг бууруулахад хэр бодитой нөлөөлөх бол. Үүнийг одоохондоо баримжаалах тооцоолол алга.

“Хугацаагүй хадгаламжийг хүүгүй болгож гэнэ ээ” гэсэн цуурхал олон нийтийн сүлжээгээр тарав. Уг цуурхалд итгэсэн зарим хүн хугацаагүй хадгаламж нь хүүгүй болчихсон учраас хугацаатай хадгаламжийн данс нээлгэх талаар ярьж явна. Хугацаагүй хадгаламжид урьдын адил хүү тооцсоор байгааг дуулгая.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.