| | USD/MNT 0₮

Сэлэм эргүүлж танхайрсан С.Бямбацогтыг хар тамхи хэрэглээгүй гэж үзжээ

Сэлэм барьж олон нийтийн газар танхайрсан бичлэг нь нэг хэсэг дуулиан тарьсан С.Бямбацогт нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх шийдвэрлэжээ. Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулууны төрсөн дүү, ахынхаа үүсгэн байгуулсан “VIP security” хэмээх хамгаалалтын албыг удирддаг хэмээн тухайн үед хэвлэлд мэдээлж байсан тэрбээр 2018 онд болсон шүүх хурлын үеэр худал мэдүүлэг өгсөн учраас уг үйлдлийг нь нэгтгэн шалгуулахаар буцаасан байна. Тиймээс 2017 оны арваннэгдүгээр сард гарсан уг хэргийг энэ оны дөрөвдүгээр сард шүүх хэлэлцэн шийдвэрлэсэн аж.

Прокуророос С.Бямбацогт, Н.Мөнх-Учрал нарыг буруутгасан гол үндэслэл нь мансууруулах бодис хууль бусаар хадгалсан, хэрэглэсэн гэх үйлдэл байв. Тодруулбал, 2017 оны арваннэгдүгээр сарын 14-нд Баянзүрх дүүргийн нутаг, “Sunshine” хотхоны 332 дугаар байрны 201 тоотод метамфетамины агууламж бүхий мансууруулах бодис хадгалсан хэрэгт тэд холбогдсон юм. Өөрөөр хэлбэл, сэлэм эргүүлэн, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн нийтийн хэв журмыг зөрчиж, бусдад хүч хэрэглэн эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан хэрэг өдүүлснээсээ хойш хоёр хоногийн дараа хар тамхины хэрэгт холбогдсон байна. ШШҮХ-гийн шинжээчид С.Бямбацогт, Н.Мөнх-Учрал нарын шээсэнд шинжилгээ хийгээд “Шинжилгээнд ирүүлсэн “С.Бямбацогт 2017.11.14” гэж хаягласан шээсэнд метамфетамины агууламж илэрсэн. Метамфетамин НҮБ-ын сэтгэцэд нөлөөт бодисын 1971 оны жагсаалтад багтдаг” гэсэн дүгнэлт гаргасан байна. Мөн “Н.Мөнх-Учрал 2017.12.11 15.50” гэсэн хаягтай шээснээс метамфетамин илэрч байна” гэж дүгнэсэн аж.

Ингээд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс С.Бямбацогт, Н.Мөнх-Учрал нарыг бүлэглэн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, нийтийн хэв журмыг бүлэглэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэм буруутайд тооцож, хар тамхи хадгалсанд нь нэг, нөгөө үйлдэлд нь хоёр жил хорих ял оноохоор болсон. Мөн шүүхэд худал мэдүүлэг өгсөн хэрэгт нь 30 хоног хорих ял нэмсэн. Харин давж заалдах шатны шүүх хар тамхи хадгалсан, худал мэдүүлэг өгсөн үйлдлийг нь тусгаарлан шалгуулахаар буцаахаар шийдвэрлэж, сэлэм эргүүлж танхайрсан үйлдэлд нь хоёр жил хорих ял оноосон нь үндэслэлтэй байна гэж үзсэн юм.

“Сэлэм” барьж танхайрсан С.Бямбацогтыг хар тамхи хэрэглээгүй гэж үзжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.