| | USD/MNT 0₮

БИД ЦАХИМ ЕРТӨНЦӨД БИШ БОДИТ ЕРТӨНЦӨД АМЬДАРДАГ ТУЛ ҮР ХҮҮХДЭЭ ЦАХИМ ХАЛДЛАГААС ХАМГААЛЪЯ

 
XXI зуунд хамгийн хурдацтай хөгжиж буй гол хэрэглээ бол сошиал медиа. Хүн бүр хөгжилтэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд хүссэн, хүсээгүй цахим хэрэглээг хэрэглэж байна.

Өөрөөр хэлбэл, цахим хэрэглээ ихэссэн гэсэн үг. Тиймээс ч сүүлийн үед  айл гэрт ч ажил төрөл дээр ч амьд харилцаа байхгүй болж, цахим харилцаагаар ажлаа хийж, амжуулж, амьдралаа явуулж байна гэсэн шүүмжлэл гарсныг хэн ч үгүйсгэхгүй байх. Ямар сайндаа л “Тог хоёр цагаар тасарлаа. Гэрийнхэнтэйгээ нүүр нүүрээ харж ярилцаж үзлээ. Их аятайхан хүмүүс байдаг юм байна” гэсэн егөө онигоо гарсан нь амьдралын үнэн.

Яс юман дээрээ бид бодит ертөнцөд амьдардаг болохоос цахим ертөнцөд амьдардаггүй ард түмэн шүү.

Монгол Улсад гурван сая гаруй гар утас хэрэглэгч байдаг. Үүнээс нэг сая 400 орчим мянга нь фэйсбүүк хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Тэгвэл Монгол Улсын иргэн болох сая 200 мянган хүүхдээс 600-700 гаруй мянган хүүхэд ухаалаг гар утсыг ашиглаж байна.

Ухаалаг гар утастай хүүхдүүд мэдээж ямар нэгэн байдлаар цахим хаягтай байгаа нь ойлгомжтой. Цахим хаягийг ашигласнаар эерэг хандлага ч бий сөрөг хандлага ч бий. Жишээлбэл, ямар нэгэн байдлаар групп үүсгээд мэдээлэл авдаг, хичээлийн даалгавараа харилцан солилцож хийдэг гэх мэт сайн талыг нь дурдаад дуусахгүй.

Гэхдээ сөрөг нөлөө их бий. Эцэг эхчүүд хүүхдүүдэдээ фэйсбүүк хаяг нээж өгөөд цахимын идэвхтэй амьдрал руу өөрсдөө хөтлөөд оруулдаг. Ингэснээр эцэг эхийн хараа хяналтгүйгээр ондоо хүн хүүхдийг тань хүмүүжүүлээд эхэлдэг. Ямар нэгэн байдлаар цахим сүлжээний цаанаас таны хүүхдийг удирдана, гэмт хэрэгт уруу татна, садар самуун зэрэг буруу бусармаг зүйлд уруу татна. Хүүхэд болсон хойно сониуч зангаасаа болж эрсдэлд орох алхам их ойрхон байдаг. Жишээлбэл, фэйсбүүкээр танилцсан насанд хүрээгүй охин хүчирхийлэлд өртөх, бусдын эрхшээлд орох гэх мэт эрсдэлтэй алхамд өртдөг байна. 
 
Хүүхэд олон мэдээлэл авснаас мэдээллийг эрэмбэлэх чадваргүй болдог
 

 
Насанд хүрээгүй хүүхэд цахим гэмт хэрэг үйлдэгч болсныг ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан мэдээлсэн юм. 

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд насанд хүрээгүй хүүхдүүд цахим сүлжээ ашиглаж хүний фэйсбүүкийн нууц дугаараар халдаж гэмт хэрэг үйлдэх тохиолдол гарсаар байна. Тиймээс цахим төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тал дээр эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгч багш нар арай илүү мэдлэг, мэдээлэлтэй байх нь чухал юм. Эцэг эхчүүд цахим сүлжээг сайн хэрэглэж мэдэхгүйгээс болж хүүхдүүд нь өөрийнх гар утсаар нь нууц үгээр  нэвтрэн орж янз бүрийн сайт руу ямар ч хяналтгүйгээр хандалт хийдэг. Олон мэдээлэл авснаас болж хүүхэд мэдээллийг эрэмбэлэх чадваргүй болдог.

Ингэснээр цахим мэдээлэл болон цахим сүлжээнд донтох аюултай. Яг л соронз шиг татагддаг гэж ойлгож болно. Сүүлийн 3 жилийн байдлаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвд 240 гаруй хүүхэд цахим тоглоомонд донтсоны улмаас эмчилгээ хийлгэсэн байгаа юм. Нэг удаа цахим тоглоом тоглоод, нэг удаа элдэв янзын сайт хараад донтсон юм бишээ. Нэг, хоёр сар, гурван сар, нэг жилийн дараагаар донтолт гэдэг “дон” эхэлдэг. Нэг удаа донтсон хүүхэд цаашаа байдал улам даамжирах аюултай.

Энгийн үедээ хүүхдүүд гадаа гарч тоглох ч юмуу, эсвэл ном сонин унших, өөр тоглоомоор тоглодог. Гэтэл донтсон хүүхэд компьютерийн араас холдох дургүй, гар утаснаас салахгүй байвал таны хүүхэд донтсон байна гэж ойлгоорой” гэлээ.

Цахим сүлжээгээр дамжаад хүүхэд элдэв халдлагад өртөх, элдэв гэмт хэрэг үйлдэх сэдэл, эрсдэлүүд бий болсон байх зэрэг аюулгүй байдал нь алдагдаж эхэлснийг эцэг эхчүүд, эгч ах дүүс нь анзаараагүй байдаг.

Манайд нэг сая 400 орчим фэйсбүүк хэрэглэгч байна. Үүнээс гадна групп чат үүсгэсэн асуудлыг тоохгүй орхиж боломгүй санагддаг. Жишээлбэл, Дондог, Бат, Дулмаа гурав гурвалсан чат үүсгэснийг хэн ч мэдэхгүй. Үүнээс л элдэв муухай зүйл урган гардаг. 

Элдэв гаж, гоё, ганган нэртэй групп чатууд дунд насанд хүрээгүй хүүхэд ч харагддаг. Буруу зүйлд уруу татагдаж байгаагаа мэдэхгүй. Таны хүүхэд хаана, хэнтэй юу хийж явна, цахим хуудсаараа дамжуулж ямар хүмүүстай яаж харилцаа үүсгэж байна гэдгийг хянах, хамгаалах үүрэг нь гэр бүлийнхэнд нь бий.
 
Хүүхдийнхээ аюулгүй байдалд эцэг эхчүүд яаж анхаарах вэ
 
Таны хүүхэд цахим орчинд гэмт хэргийн халдлагад өртөж, нэр хүндээрээ гүтгүүлж, хэн нэгэн этгээдэд дарамтлуулж, уруу татагдсан байх вий. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд хамгийн эмзэг байдаг.

Хэдхэн жилийн өмнө “Бүдүүн охин сургуулиас зайлаарай” гэж зурагныхаа доор бичүүлсэнийхээ төлөө өндрөөс үсэрч амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан. Цахим орчин дахь сөрөг мэдээлэл ийм л аюултай зүйл. Хүүхэд өдөр бүр сөрөг мэдээлэл авах тусам хандлага нь сөрөг болдог байна. Тэгвэл хүүхдийнхээ цахим орчин дахь аюулгүй байдлыг нь гэр бүлийнхэн нь хэрхэн яаж хамгаалах юм бэ.

Хүүхэд хамгаалалын тухай хуульд, таван төрлийн хамгаалалт байдаг. Гэр бүл дэхь хүүхэд, боловсролын салбарт, эрүүл мэндийн чиглэлээр хүүхэд хамгуулна, цахим орчин дахь хүүхэд, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад хүүхэд хамгаалуулах эрхтэй гэж заасан.

Тэгвэл цахим орчин дахь хүүхдийг эцэг эхчүүд нь хамгаалах үүрэгтэй. Мөн цагдаагийн байгууллага, харилцаа холбооны газрууд маань үүн дээр хяналт тавьж зөвлөмж гаргаж, зөвлөгөө өгдөг. Магадгүй таны хүүхэд шөнийн 03-04 цаг хүртэл ямар нэгэн байдлаар фэйсбүүктээ байвал та анзаарах анхаарах ёстой шүү.

Монгол Улсад 800 мянга гаруй гэр бүл бий. Харин 600-700 мянган хүүхэд цахим орчинд байж тэг шөнө хэн нэгэн рүү янз бүрийн чат бичиж байхыг Харилцаа холбооны газар болон цагдаагийн байгууллагаас “танай хүүхэд шөнө болгон тоглож байна” гэж 800 мянган гэр бүлд хэлэх бүрэн хянах боломжгүй юм.

Тэгэхээр хажууд нь байгаа аав ээж нь хяналт тавих ёстой юм шүү. Ер нь хүүхдийг 16 наснаас дээш фэйсбүүк хэрэглүүлдэг баймаар байна. Гэвч манайхан мэдээлэл технологийн эрин үед хөл нийлүүлэн алхуулна хэмээн хүүхдүүддээ үнэтэй гар утас авч өгч, эрх чөлөөг дураар нь олгодог. Энэ зөв үү, буруу юу гэдгийг хэн ч шүүдэггүй. Нөгөөтэйгүүр гэмт хэргийн хохирогч болох аюултай.

Жишээлбэл үнэтэй гар утас барьж яваад дээрэмдүүлэх, булаалгах зэрэг эрсдэлүүд нэмэгдээд байгаа тул эцэг эхчүүд анхаараарай.

Бидэнд интернэт ашиглаж мэдээлэл авах нь хэрэгтэй. Гэхдээ аюулгүй байдлаа хангах хадгалах нь таны үүрэг.

Яагаад эцэг эхчүүд чухал вэ гэдгийг дахин онцлоход, таны хүүхэд боловсролын байгууллага болон цэцэрлэг дээр 5-6 цаг болно. Харин үлдсэн 18-19 цагийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлдэг. Тэгэхээр хүүхэд хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байгаа биз. Гэр бүлээсээ гэмт хэрэгтэн болох уу, гэр бүлээсээ сайн хүн болох уу гэх бүх хандлага, төлөвшил эцэг эхээсээ шууд хамаарна шүү. Тэгэхээр цахим орчин дахь хүүхэд хамгааллын аюулгүй байдлыг эцэг эхчүүд өөрсдөө анхаарах ёстой. 
Таны хүүхэд боловсролын байгууллага болон цэцэрлэг дээр 5-6 цаг болно. Харин үлдсэн 18-19 цагийг гэр бүлтэйгээ хамт өнгөрүүлдэг. Тэгэхээр хүүхэд хүмүүжлийнхээ 70-80 хувийг гэр бүлээсээ авч байгаа биз. Гэр бүлээсээ гэмт хэрэгтэн болох уу, гэр бүлээсээ сайн хүн болох уу гэх бүх хандлага, төлөвшил эцэг эхээсээ шууд хамаарна шүү. Тэгэхээр цахим орчин дахь хүүхэд хамгааллын аюулгүй байдлыг эцэг эхчүүд өөрсдөө анхаарах ёстой.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.