| | USD/MNT 0₮

Д.Будзаан: Бага насны хүүхэд хүчирхийлсэн бол 12-20 жил буюу бүх насаар нь хорих ялаар шийтгэнэ

Цагдаагийн байгууллагаас хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, бэлгийн хүчирхийлэл, аливаа эрсдлээс сэргийлэх хүүхдийн эрхийг хамгаалах, аюулгүй байдлыг хангахад эцэг эх, асран хамгаалагч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг орон даяар эхлүүлсэн байгаа билээ.

Ингээд хичээл сургууль эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээг цагдаагийн байгууллагаас зохион байгуулах болон эцэг, эхчүүд юунд анхаарах ёстой талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа.

-Цагдаагийн байгууллагаас “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг эхлүүлсэн байгаа. Энэ аяны хүрээнд яг ямар ажил хийх вэ?

-Хүүхдийн бэлгийн халдашгүй байдал, гэр бүлийн соёл хүмүүжил, эцэг эхийн үүрэг хариуцлага, тэдний оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх гэх мэт маш олон эерэг ажил хийгдэнэ. Энэ аян хүүхдийг хайрлая, хамгаалъя гэсэн уриатай мэдээ, мэдээлэл түгээж, ард иргэнийг соён гэгээрүүлэх чиглэлээр явна. Дан эерэг мэдээлэл түгээнэ. Мөн хүүхэдтэй холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ.

-Цагдаагийн байгууллагад жилд дунджаар хэдэн дуудлага мэдээлэл ирдэг вэ. Үүний хувь нь хүүхэдтэй холбоотой мэдээлэл байдаг вэ?

-Жилд дунджаар 600 мянган гаруй дуудлага мэдээлэл ирж байна. Монгол Улс 3 сая хүнтэй гэж бодоход таван хүн тутмын нэг нь ямар нэг байдлаар цагдаагийн байгууллагад хандаж байна гэсэн үг. Гэмт хэргийн гаралт их байна. Тэгэхээр энэхүү гэмт хэргийн гаралтыг саармагжуулах нөлөө зорилготой дээрх нөлөөллийн аяныг эхлүүлсэн.

-Энэ жил хөл хориотой холбоотойгоор хүүхдүүдэд тохиолдсон осол гэмтэл хэр их байв?  

-Цар тахалтай холбоотойгоор гадуур хөл хөдөлгөөн харьцангуй бага байсан. Эцэг, эхчүүд ч хүүхдэдээ тавих хараа хяналт нь сайн байгаа гэж бодож байна. Гэсэн хэдий ч гол усанд живэх, төөрөх өндрөөс унах гэх мэт санамсаргүй, болгоомжгүй байдлаас үүдэлтэй ослууд цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байгаа. Өнгөрсөн жил нийт 20 орчим хүүхэд голын усанд живж амиа алдсан.

Мөн хорио цээр дэглэмийн үед халуун тогоонд түлэгдсэн, тогонд цохиулсан, бэртэж гэмтсэн зэрэг, тоглоомын талбайд бэртэж гэмтсэн гэх ахуйн ослууд маш их бүртгэгдсэн. 

-Хүүхдийн эрх яг хаана зөрчигддөг вэ?

-Гудамж талбайд, гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрх зөрчигдөж байна. Хамгийн ноцтой нь гэр бүлийн хүрээнд хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөөр. Насанд хүрсэн хүн хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж байна. Сүүлийн 3 жилийн байдлаар 3378 хүүхэд гэмт хэрэг үйлдэж 5043 хүүхэд гэмт хэргийн хохирогч болжээ. Тэгэхээр энэ 5000 гаруй хүүхдийг ЕБС-иар авч үзвэл таван сургууль, аймгийн сургуультай тоолж үзвэл 10 сургуультай тэмцэх хэмжээний хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна.

-Хүүхдүүд ихэвчлэн ямар төрлийн гэмт хэрэгт холбогддог вэ?

-Жилд дунджаар 1000-1200 хүүхэд гэмт хэрэг үйлдэн, шалгагддаг. Нийт гэмт хэргийн 78 хувийг танхайрах, зодуулах, зодолдох буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгай, залилан мэхлэх, дээрэмдэх үйлдэл эзэлдэг. 

-Хүний бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нийгмийг айдаст автуулж жигшүүлдэг. Ялангуяа бага насны хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдсэн байна?

-Энэ төрлийн гэмт хэрэг хүнд хор уршиг учруулдаг. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсад энэ төрлийн гэмт хэрэг жилд 270-370 орчим бүртгэгддэг байсан. Өнгөрсөн жил 610 бүртгэгдсэн. Энэ төрлийн гэмт хэрэг нэг үеэ бодвол нийгэмд мэдэгддэг болж илэрдэг болж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг болж энэ нь сайн тал ч нөгөө талдаа хүүхэд, эмэгтэйчүүд хохирч байгаа нь хүнд хор уршиг болчихоод байна. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэмт хэргийн тоог хэлэхэд сүүлийн 3 жилийн байдлаар 187, 236, 253 гээд өссөн үзүүлэлттэй.

-Хүүхэд хүчирхийлчихээд торгуулийн ял эсвэл тэнсэн харгалзах ял аваад өнгөрдөг гэх. Иргэдийн эрхзүйн мэдлэг мэдээлэл дутуу дулимаг байгаагаас ийм ойлголтыг нийгэмд төрүүлээд байна. Хүүхэд хүчирхийлсэн этгээдэд дээд тал нь хэдэн жилийн хорих ял оноодог вэ?

-Эрүүгийн хуулинд зааснаар хамгийн хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэг. Бага  насны хүүхэд хүчиндсэн бол Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 12 жил, түүнээс дээш 20 жил, бүх насаар нь хорьдог. Торгох ял ногдуулдаггүй. 

-Манайд хэрэг гарсан тухай болон хохирогчийг мэдээлдэг болохоос гэмт хэрэгтэн хэн юм, энэ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар огт мэдээлдэггүй өнгөрөх тал бий?

-Хэрэг гарсан тухай мэдээлчихдэг хэрнээ хэрэг хэрхэн шийдвэрлэгдсэн талаар мэдээлдэггүй. Эрүүгийн хуулинд зааснаар онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэж байгаа. Гэвч иргэд ийм төрлийн гэмт хэрэг үйлдэж болдог юм байна харин хариуцлага хүлээдэггүй юм байна гэсэн ойлголтыг авдаг.

Хоёрдугаарт бэлгийн хүчирхийллийн хохирогч болж байгаа үйлдэл өдөр бүр гарахгүй жилд 1-2 удаа гарч байгаа. Жишээ татахад нэг аймагт ийм төрлийн гэмт хэрэг гарлаа гэхэд хохирогч хүүхэд өөрийнхөө талаар мэдэж сонсч байгаа. Бүх хүн миний асуудлыг мэдсэн байна гэж бодоод гэрээсээ дайжих, амиа хорлох, гэмт хэрэг үйлдэх гэх мэт олон эрсдэлтэй тулгардаг.

Тэгэхээр нийгмийн болон гэр бүлийн соёл хариуцлага чухал байна. Эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хараа хяналтаа сайн тавихад энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй.

-Нийтийн сүлжээгээр дамжуулан насанд хүрээгүй хүүхдийг садар самуун зүйлд уруу татах, улмаар цахим сүлжээгээр танилцаад хүчирхийллүүлсэн тохиолдол, тоо баримт бий юу?

-Олон нийтийн сүлжээг ашиглаж, садар самуунд уруу татагдах нь эргээд гэмт хэргийн хохирогч болно. Үүнээс урьдчилан сэргийлэх ажлыг цагдаагийн байгууллагаас хийж байгаа.

Хэн ч 13 настай охиноо дагуулаад явж байтал үл мэдэх этгээд “Таны охин хөөрхөн юм, гоё юм” гээд биед нь хүрвэл та шууд цагдаагийн байгууллагад хандах ёстой. Өнгөрсөн жил 16 настай охин цахим сүлжээгээр танилцаад хүчирхийлүүлж хохирогч болсон хэрэг бүртгэгдсэн. Энэ онд мөн ийм төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна. 

Тиймээс эцэг эхчүүд хүүхэддээ хараа хяналт тавихаас гадна цахим сүлжээнд хараа хяналт тавих шаардлагатай. Хэнтэй найзлаж нөхөрлөж байгааг нь мэдэх ёстой.

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд цаашдаа буруу замаар явдаг гэсэн ойлголт байдаг?

-Ийм хэргийн хохирогч болсон охид эмэгтэйчүүд биеэ үнэлэх, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болох, цаашлаад гэрээсээ дайжих, сураггүй алга болох гэх мэт олон сөрөг хандлагууд гаргадаг.

-Иймэрхүү хэрэг их нуугдмал байдаг учир “Сүүдэр бүү тусга” аянаар энэхүү төрлийн гэмт хэргийг илрүүлж илчлэх арга хэмжээг авах уу?

-Энэ төрлийн хэрэг нуугдмал, илэрдэггүй. Хүүхэд хохироод үлддэг. Тэгэхээр энэ төрлийн гэмт хэргийн талаар иргэдэд зөв ойлголт мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх, илрээгүй байгаа нуугдмал гэмт хэргийг илрүүлж, мэдээ мэдээлэл авна.

-Танайх  хүүхдийг бэлгийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Хүчиндэх гэмт хэрэгт дэлхийн бусад улс орон ямар бодлого, чиглэл баримталдаг, яаж урьдчилан сэргийлдэг вэ гэхээр нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн ялын бодлогоор хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт тооцдог. Үүнээс хүмүүс айдаг, ичдэг болохоор ийм төрлийн гэмт хэрэг үйлддэггүй, жигшдэг. Хоёрдугаарт, хохирогчийг чадавхижуулдаг. Энэ үйлдэл бол хүчирхийллийн гэмт хэрэг, мэдээллэх юм бол буруутай этгээд хариуцлага хүлээнэ гэдэг.

Манайх хохирогчийг чадавхижуулах сургалт, нөлөөллийн ажил, Эрүүгийн хуульд заасан ялын шийтгэлийн хэмжээг олон нийтэд таниулах ажлууд хийж байгаа. Цахим сүлжээгээр бага насны хүүхэд, өсвөр насны охидыг хүчиндсэн гэмт хэрэгт торгох ял ногдуулдаг, ялгүй гэх мэт худал мэдээлэл тараадаг. Энэ бол ташаа, хүчирхийлэл нь Эрүүгийн хуулийн хамгийн хүнд ялтай гэмт хэргүүдийн нэг.

-Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг яаж хамгаална гэж заасан байдаг вэ?

-Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг таван төрөлд хамгаална гэж заасан байдаг. Үүнд,  гэр бүлийн, боловсрол, эрүүл мэнд, цахим, хэвлэл мэдээллийн орчин хамаарна.

-Улсын хэмжээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэдэн алба хаагч ажилладаг вэ?

-Улсын хэмжээнд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр 53 алба хаагч ажиллаж байна. Гэтэл Монгол Улс ерөнхий боловсролын 800 орчим сургууль, 1.2 сая хүүхэдтэй. Өөрөөр хэлбэл, нэг хүүхдийн байцаагчид 12-15 сургууль, 20-25 мянган хүүхэд ногдоно. Жилийн хугацаанд тухайн хүн 40 орчим хувьд нь л хүрч ажиллах боломжтой байдаг аж. Ажлын ачаалал их учраас энэ нь хүн, хүчийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгаа.

О.Сайханцэцэг 

 

 

 

Хэн ч 13 настай охиноо дагуулаад явж байтал үл мэдэх этгээд “Таны охин хөөрхөн юм, гоё юм” гээд биед нь хүрвэл та шууд цагдаагийн байгууллагад хандах ёстой. Өнгөрсөн жил 16 настай охин цахим сүлжээгээр танилцаад хүчирхийлүүлж хохирогч болсон хэрэг бүртгэгдсэн. Энэ онд мөн ийм төрлийн гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (14)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.