| | USD/MNT 0₮

З.Мягмарсүрэн:Гэр бүл, нийгэмд сайн зан чанарын боловсролыг хэвшүүлэх юм бол хүүхэд гэмт хэрэгт өртөхгүй байна

Гэр бүлийн гишүүд хүүхдийнхээ сайн чанарыг яаж хөгжүүлэх вэ. Алдааг нь яаж засах, хүүхэддээ чанартай цаг гаргах, хүүхдийн хүмүүжилд яаж нөлөөлөх аргачлалыг хэрхэн зааж өгөх талаар “Зөв эцэг эхээс зөв хүүхэд” төрийн бус байгууллагын тэргүүн З.Мягмарсүрэнтэй ярилцлаа.

-Гэр бүлийн хүрээнд сайн зан чанар болон сайн цаг гаргах хэрэгтэй. Тэгж байж бие биенээ ойлгож, хүндэлдэг, ярилцдаг, хайрладаг болно гэх?

-Гэр бүлийн хүрээнд зан чанарын боловсролыг хэвшүүлэх нь чухал юм. Ээж аавын харилцаа хандлага хэрхэн хүмүүжүүлэхээс манай өнөөдрийн нийгмийн өнгө төрх харагдана. Чи гэртээ хүүхэддээ шим тэжээлтэй хоол унд өгч, зан чанарын боловсрол олгоод сайн хүн болгосон ч гадаа талбайд нийгмийн харилцаанд бусад хүүхдүүдийн дунд зан чанарын боловсролгүй хүүхэд чинь дунд байхаар доголдол үүсдэг.  Тэгэхээр гэр бүл, нийгэмд зан чанарын боловсролыг хэвшүүлэх юм бол хүүхэд янз бүрийн гэмт хэрэгт өртөхгүй.

-Хэрэгт ямар хүн, хүүхэд холбогддог вэ?

-Ер нь хувь хүний боловсрол явж зан чанарын боловсрол дээр ирнэ. Тэвчээргүй хүлээцгүй зан чанарын доголдлоос болж хүн гэмт хэрэгт холбогддог. Тиймээс үнэнч шударга нийтэч зан чанарыг хүүхэддээ суулгах. Хэрвээ хүүхэд тань алдаа гаргалаа гэхэд алдаанаас сурах ёстой вэ. Мөн сайн чанарыг яаж суулгах гээд эцэг эхчүүд болон сурган хүмүүжүүлэгч багш нарт манай төв сайн чанарыг хөгжүүлэх таван аргачлалыг заадаг. Сайн зан чанарын боловсрол гэсэн картыг манай багш нар боловсруулсан.

-Эрт дээр үеэс манайхан зүйр цэцэн үгээр хүүхдээ хүмүнжүүлдэг уламжлалтай байсан нь амьдралд их хэрэгтэй байжээ?

-Манай монголчууд зүйр цэцэн үгээр хүүхдээ хүмүжүүлж ирсэн уламжлалтай байсан. Энэ арга дээр суурилаад зүйр цэцэн үгээр хүүхдийг сурган хүмүүжүүлж болно. Жишээлбэл, Нухац гэсэн картанд “нягтлан бодох нь саруулынх, нуулгүй хэлэх нь үнэнчийнх” гэх мэт. Нухацтай гэдэг нь олон талаас бодож, ул суурьтай оновчтой шийдвэр гаргахыг хийхийг хэлнэ.  

-Сайн зан чанар гэхэээр яг ямар зан чанарыг хэлэх юм бэ?

-Сайн чанарыг нэрлэ гэхээр монголчууд ухаантай зоригтой, хөөрхөн гэсэн гарын таван хуруунд багтах зан чанарыг нэрлээд зогсдог. Манайх бол хүүхдэд хэрэгтэй 30 сайн чанарыг гаргаад зүйр цэцэн үгтэй уялдуулсан. Цаашдаа өсвөр нас залуучуудад зориулсан карт цувралаар гарна. Дэлхийд 1000 гаруй сайн чанар байдаг гэх судалгаа бий. Тиймээс гэр бүлдээ чанартай ярилцах цаг гаргаад нэг зан чанарыг нэг долоо хоногт хэвшүүлэх хэрэгтэй. Хэвшил болгосон сайн зан чанарыг хүүхдүүдээ аав ээж нь хэлж өгдөг байх ёстой. Жишээлбэл, өнөөдөр би нэг гар утас олоод эзэнд нь өгчихсөн гэх мэтээр ярихаар хүүхэд “Аан би сургуулийн орчинд гээсэн эд зүйлсийг олвол эзэнд нь буцааж өгөх ёстой юм байна. Энэ чинь үнэнч шударга зан юм байна” гэсэн зан чанарыг өөртөө аваад дадал болгочихно. Тэгэхээр гэр бүл болгон хүүхэддээ ярилцах цаг гаргах, хүүхдийнхээ сайн зан чанарыг чиглүүлэх ёстой. Зан чанарыг хөгжүүлдэг хэвшүүлдэг юм байна гэдгийг

-Гэр бүлийн хүрээнд сайн зан чанарыг хэвшүүлэх хэрэгтэй гэлээ. Гэтэл өдөржин ажилдаа түүртэж ядарч ирсэн аав ээжүүд орой хүүхэдтэйгээ ярилцах цаг гаргадаггүй?
-Оройн хоолоо идчихээд чанартай 20 минутыг үр хүүхэддээ зарцуулах хэрэгтэй. Хүн юмыг хийгээд байх тусам дадал хэвшил болдог. Тэгэхээр гэр бүлээрээ 20 минут ярилцана гэдгийг хэн хэн нь зөвшилцөх. Тэгээд хүүхэдтэйгээ “Өнөөдрийг миний хүү хэрхэн өнгөрүүлсэн бэ” гэдэг асуултыг тавих хэрэгтэй шүү.

-Гэвч манайхан хүүхдээсээ “Багш нь загнасан уу, ямар хоол идсэн” гэх мэт буруу асуултыг асуугаад байдаг?

-Тийм. Манай аав ээж нар хүүхдүүдээ цэцэрлэгээс нь авангуутаа “Яасан багш нь загнасан уу, ямар хоол идсэн” гэж асуултаа буруу тавьдаг. Түүний оронд “миний хүү сургууль, цэцэрлэг дээрээ аз жаргалтай байсан уу, найз нартайгаа хөгжилтэй байсан уу, сайхан байв уу” гэдгийг асуух хэрэгтэй. Хүүхэд яг үнэнээр л хариулна. Хүүхэд аяндаа өөрөө үнэнийг илэрхийлдэг болно.

-Ер нь эцэг эхчүүд хүүхэдтэйгээ харилцахдаа их мэдрэмжтэй байхгүй бол болохгүй юм шиг санагдлаа?

-Бид нарын амьдрал мэдрэмж дээр суурилж байдаг. Бодол эерэг байвал мэдрэмж эерэг байна мэдрэмж эерэг байх юм бол үг үйлдэл нь мэдрэмж дээрээ төвлөрдөг. Олон нийтийн сүлжээнд сөрөг мэдээлэл болгонд сэтгэгдэл бичдэг хүмүүс бол сөрөг дээрээ тавьчихсан хүмүүс.Мэдрэмжийг эерэг болгох дасгал сургалт байдаг. Хүүхдийнхээ мэдрэмж дээр ажиллах нь чухал хүүхдээсээ асуултаа зөв тавих хэрэгтэй. Гэр бүлийн боловсрол эцэг эхийн боловсрол дээр ирнэ.

-Нийгмийн стресс их байна. Бухимдаж цухалдаж байгаа эцэг эхчүүд үр хүүхэддээ хайрлах, хамгаалан өсгөх тал дээр учир дутагдалтай байна уу гэж бодогдох юм?

-Танд өнөөдөр тэвчээртэй зан чанар байхгүй бол нийгэмдээ, хань ижил үр хүүхэддээ бухимдана. Танд үнэнч шударга зан байхгүй бол бусдын юмыг хуурч мэхэлнэ. Хүүхэд гэлтгүй насанд хүрэгчид зан чанарын боловсролдоо анхаарах хэрэгтэй. Тэвчээртэй, хүлээцтэй, итгэлтэй, хайртай, халамжтай байж өөрийн гэх “цөм” болсон үнэт зүйлсээ хайрлан хамгаална. Үр хүүхдээ бид хайрлаж өсгөж, сайн хүн болгох гэж төрүүлсэн болохоос хайхрахгүй хайхрамжгүй, харааж загнаж нийгэмд буруу төлөвшилтэй хүн болгохоор төрүүлээгүй нь лавтай. Ялангуяа цэцэг цэврүү шиг хир толбогүй өсч байгаа охид, хөвгүүдээ бид хамгаалж чаддаг байх. Хар хороос, аюул ослоос, элдэв эрсдлээс, хэл амнаас гэх мэт. 

-Хүүхдээ загнаж чичдэг эцэг эхчүүд байдаг. Хүүхэд загнуулах тусам аймхай хулчгар болдог байх?

-Бид нар хүүхэд насыг туулаад дайраад өнгөрсөн. Бид нарын хүүхэд нас соц үед өнгөрсөн. Том хүний хэлсэн үг л үнэн байдаг. Багшийн болон ээж аавын, гудамжинд нэг настай хүний хэлсэн үг л зөв байдаг.  70-80-аад оныхон бусдыг сонсч сураагүй өөрийнхөө үзэл бодлыг тулгадаг. Тиймээс орчин цаг үед хүүхдээ зөв сонсч сурах хэрэгтэй. Хүүхдүүдээ өөрийгөө олж, өөрийнхөөрөө шийдвэр гаргахад нь туслах хэрэгтэй. Түүний хүсээгүй зүйлийг нь хүчээр хийлгэж, хүсэл зорилгыг нь мохоож болохгүй.

-“Сүүдэр бүү тусга” хүүхэд хамгааллын нөлөөллийн аяны хүрээнд насанд хүрээгүй хүүхдүүдээ бид яаж хамгаалах ёстой вэ?

-Ерөөсөө хүүхдийнхээ сэтгэл дотрыг уудлаж нээлттэй ярилцах. Яагаад өнөөдөр хүүхдээ хүчиндүүлчихээд 2-3 жилийн дараа мэдэж байгаа юм бэ. Тэгэхээр гэртээ гэр бүлээрээ ярилцах цаг байхгүй байна. Хүүхдийнхээ үгийг сонсохгүй байна. Нэг юм хэлэх гэхээр “Би өнөөдөр ажил ихтэй байна дараа бол, би ядарч байна” гэдэг үгээр буцаачихдаг. Хүн болгон ажлаасаа ирээд яаж ч ядарч байсан 5-10 минутыг хүүхэддээ зарцуулах ёстой. Тухайн өдөр хүүхдэд чинь юу тохиолдсон бэ, харцанд нь гуниг байна уу, баяр хөөр байна уу гэдгийг мэдрэх хэрэгтэй. Ажлаас ороод ирвэл хүүхэд андашгүй байдаг. Нөгөөтэйгүүр хүүхдэд тохирсон сайшаалыг хэлэх хэрэгтэй. Өөрийгөө эрсдлээс хамгаалах дархлаатай болох ёстой.

-Бид нар хүүхдээ “Мундаг” гэдэг ганц үгээр магтахдаа гарамгай. Гэтэл хоосон магтаалаас илүү өөрийгөө л хамгаалах дархлаа болон мэдлэг мэдээлэлтэй болгох нь чухал байх?

-Бид нар хүүхдээ зөв магтаж чаддаггүй. Мундаг гэж магтдаг. Мундаг гэдэг үг чинь өөрөө мунхаг мунаг гэсэн үгний үндэс. Тэгэхээр хүүхдийг хэрхэн зөв магтахыг манай зан чанарын боловсрол картаас мэдэж болно. Эхлээд хийсэн үйлдэл, араас нь зан чанарыг нь хэлнэ. Хүүхдийн тархи гэдэг эерэг зөв зүйлд хөгжиж урам авдаг. Бид нар хоосон мундаг гэж багтах биш чиний энэ үйлдэл чинь зөв байсан шүү гэдгийг хэлэх ёстой. Тархины хөгжилд магтаал маш чухал үүрэгтэй. Бид нар хоосон магтах биш, “Миний хүүхдийн энэ үйлдэл чухал байсан шүү” гэдгийг сайн зан чанартай уялдуулж ойлгуулах нь чухал юм.

Ерөөсөө хүүхдийнхээ сэтгэл дотрыг уудлаж нээлттэй ярилцах. Яагаад өнөөдөр хүүхдээ насанд хүрээгүй бусдад хүчиндүүлчихээд 2-3 жилийн дараа мэдэж байгаа юм бэ. Тэгэхээр гэртээ гэр бүлээрээ ярилцах цаг байхгүй байна. Хүүхдийнхээ үгийг сонсохгүй байна. Нэг юм хэлэх гэхээр “Би өнөөдөр ажил ихтэй байна дараа бол, би ядарч байна” гэдэг үгээр буцаачихдаг. Хүн болгон ажлаасаа ирээд яаж ч ядарч байсан 5-10 минутыг хүүхэддээ зарцуулах ёстой. Тухайн өдөр хүүхдэд чинь юу тохиолдсон бэ, харцанд нь гуниг байна уу, баяр хөөр байна уу гэдгийг мэдрэх хэрэгтэй. Ажлаас ороод ирвэл хүүхэд андашгүй байдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.