| | USD/MNT 0₮

Оймсондоо хахуулийн их хэмжээний ам.доллар нуусан МХЕГ-ын албан тушаалтнуудыг шүүх хурлыг дахиад хойшлуулав

Оймсондоо хахуулийн маш их хэмжээний ам.доллароо чихэж байгаа бичлэг нь олны дургүйцлийг төрүүлж, Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг эргэн харж, өөрчлөхөд хүргэсэн, МХЕГ-ын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 14-ний 09.00 цагт хэлэлцэхээр товлосон ч дахиад хойшлуулав. Тодруулбал, Нийслэлийн Прокурорын газраас:

  • шүүгдэгч Н.Баярсайхан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга/,
  • шүүгдэгч Э.Аззаяа /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйл /хахууль авах/-ийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт, 
  • шүүгдэгч Ш.Тэгвандан /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын байгаль орчны улсын байцаагч/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
  • шүүгдэгч Г.Элдэв-Очир /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/, шүүгдэгч С.Бүрэнтөгс /Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч/ нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,
  • шүүгдэгч Д.Төмөрбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйл /хахууль өгөх/-ийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 09 цагт товлон зарласан боловч шүүгдэгч Э.Аззаяагийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаан давхардсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч Д.Төмөрбаатарт шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж 2020 оны есдүгээр сарын 21-ний өдрийн 09:30 цагт товлож, шүүгдэгч Д.Төмөрбаатар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй нь түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, дараагийн шүүх хуралдаан хүртэл Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ, С.Бүрэнтөгс, Г.Элдэв-Очир, Ж.Тэгвандан нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлж шийдвэрлэлээ.

Хэргийг эргэн сануулахад, 2017 онын есдүгээр сард МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн газрын хэлтсийн дарга Н.Баярсайхан албан өрөөндөө 8600 ам.долларын хахууль авч, АТГ-ынхныг ороход оймсныхоо түрийнд чихсэн билээ. Улмаар тухайн шөнөдөө хууль сахиулагчид гэрт нь нэгжлэг хийгээд 230.8 сая төгрөг, 152 177 ам.доллар, 77 000 юань хураан авч баримтжуулсан. Харин МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяагийн гэрт нь нэгжлэг хийх явцад 57.4 сая төгрөг, 20 000 юань эд мөрийн баримтаар хураан авсан билээ. Шалгалтын явцад Э.Аззаяа, Н.Баярсайхан нар улсын хилээр хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл олгох чиг үүргээ биелүүлэхдээ түргэн муудах болон хүнсний бүтээгдэхүүн экспортлох, импортлох зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрлийг олгохгүй удаах аргаар нэг тэрбум орчим төгрөгийг авлига авсан болох нь тогтоогдсон юм.

Оймсондоо хахуулийн их хэмжээний ам.доллар нуусан МХЕГ-ын албан тушаалтнуудыг шүүх хурлыг дахиад хойшлуулав
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.