| | USD/MNT 0₮

Т.Хонгорзул:Намайг хэн ч тоодоггүй, хайрладаггүй гэх мэдрэмжийг авсан хүүхэд сэтгэл гутралд орж, амиа хорлох тухай бодож эхэлдэг

ГБХЗХГ болон ЦЕГ төрийн болон төрийн бус байгууллагууд хамтар “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяныг орон даяар эхлүүлсэн байгаа. Энэ аяны хүрээнд хүүхдийн эрх хамгаалал гэж юу байдаг. Мөн хүүхдээ хэрхэн хайрлаж хамгаалах, иргэдийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх, аюулгүй байдлыг нь хангахад юуг анхаарах гэх мэт маш олон ажлыг хийхэд чиглэгдсэн байгаа.

Хүүхдийн хамгийн том хэрэгцээ бол эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нартаа хайрлагдах, хайраар дүүрэн буюу сэтгэл нь айдасгүй амар амгалан байх ёстой юм.

Ингээд хүүхдийн эрх хамгаалал, аюулгүй байдлыг хангахад юуг анхаарах уу, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал гэж юуг хэлэх талаар “Шинэ эхлэл” төвийн тэргүүн, клиник сэтгэл засалч, сэтгэл судлаач Т.Хонгорзултай ярилцлаа.

-Ямар хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох магадлал өндөр байдаг вэ?

-Үл хайхрагдсан хүүхдүүд, эцэг эхийн анхаарал халамж сул хүүхдүүд гэмт хэрэгт өртөх магадлал өндөр байдаг. Ээж аав нь хүүхдийнхээ санаа бодлыг нээлттэй сонсдоггүй. Тиймээс хүүхэд өөрт тулгарсан зүйлээ хэлэхээс айж эмээнэ, ичгүүртэй санагдаж, өөрийнх нь буруу гэж үзэж өөрийгөө буруутгадаг. Хүүхдийг байгаа чигээр нь хүлээж авах ёстой. Хүүхдийг хэзээ ч буруутгаж болохгүй.

-Бие махбодийн хүчирхийллээс гадна сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн хүүхдийн сэтгэлзүй эмчлэгдэхэд хэр хугацаа орох вэ?

-Сэтгэлзүйн хүчирхийлэл гэдэг юу вэ гэхээр хүүхдийг үл хайхрах, эцэг эхчүүд завгүй болж хүүхэддээ зав гаргахгүй байх, өөрийг нь тоодоггүй сонсдоггүй учраас хүүхэд үл тоогдсон гэсэн мэдрэмжийг авдаг. Үүнээс болж хүүхэд их ганцаардмал болдог. Намайг хэн ч тоодоггүй, хайрладаггүй гэх мэдрэмж нь яваандаа сэтгэл гутралд хүргэдэг. Сэтгэл гутралд удаан байхаар нөгөө хүүхэд амиа хорлох тухай бодож эхэлдэг.

Аав ээж нь анхаарал халамж тавиагүйгээс болж ганцаардлыг мэдэрсэн хүүхэд нийгэмшиж чаддаггүй. Өөрөөр хэлбэл, найз нөхөдтөй байсан ч дотроо ганцаардлыг мэдэрсээр байдаг. Ажил дээр гарсан ч ганцаардлыг мэдэрнэ. Гаднаа олон хүнтэй харилцаж нээлттэй байгаа мэт мэдрэмж төрүүлэх ч дотроо ганцаардмал байна. Эсвэл сэтгэл түгшүүртэй болно, бие өвдөж эхэлнэ. Ингээд амьдрах ямар ч хүсэлгүй болно. Тэгэхээр эцэг эхчүүд цаг гаргаж бай, хүүхдүүдээ сайн сонсдог, хүүхдүүдтэйгээ тоглох ёстой. Хүмүүжлийн арга барил дээр эцэг эхчүүд сайн ажиллах хэрэгтэй байгаа юм.

-Сэтгэл гутралыг нь эмчлэхэд хэр хугацаа орох вэ?

-Маш их хугацаа шаардагдана. Зарим хүмүүсийн тохиолдолд 10 жилийн хугацаа ч зарцуулах шаардлага гардаг. Тухайн хүний сэтгэлзүйд үүссэн гэмтэл нь хэр хэмжээтэйгээс шалтгаалаад хэдий хэр хугацаанд эмчлэгдэх үү гэдэг нь шийдэгдэнэ. Насан туршдаа бүрэн эмчилж чадахгүй нөхцөл үүсэх тохиолдол бий.

-“Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аянаар нийгэмд эерэг гэрэл гэгээтэй мэдээллийг түгээж, хүргэх зорилготой юм. Олон нийтэд хандаж хэлэхэд, хүүхдийг хамгаалж, хайрлахад юуг хийх шаардлагатай байна вэ?

-Юуны түрүүнд аав ээжүүд өөрсдийнхөө харилцаан дээр анхаарах хэрэгтэй. Бие биенээ хүндэлж, хайрлаж, ойлголцож амьдрах ёстой. Аав ээж нь хоорондоо муудалцлаа гэхэд сэтгэлзүйн хувьд байнгын аюултай гэх мэдрэмжийг хүүхдүүд авдаг. Эхлээд аав ээжүүд харилцаан дээрээ анхаарч хүүхдийнхээ дэргэд муудалцаж хэрэлдэж зодолдохгүй байх нөхцлийг бүрдүүлэх нь чухал байна.

Хоёрдугаарт аав ээж хүүхэдтэйгээ харьцахдаа байнга шүүмжлэхгүй шаардахгүй загнахгүй байхыг хүсье. Хүүхэддээ цаг зав гаргахгүй бол хүүхэд ганцаардаж, гутарна. Хүүхэд рүүгээ орилж хашгирч, зодож загнах нь сэтгэлзүйд нь маш хүнд гэмтлийг өгч байдаг. Хүүхэдтэйгээ яаж ойлголцох, намуухан ярилцах, хүүхэддээ дурсамжтай таатай орчныг бүрдүүлвэл хүүхэд баярлана. Ерөөсөө харилцаагаа эрүүл байлгаж чадах тал дээр залуу гэлтгүй гэр бүлүүд анхаараасай. Бид үр хүүхдээ бараан нийгэмд сүүдэр үгүй өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй гэдгийг сайтар ойлгох хэрэгтэй байна. 

-Эцэг эхчүүд өдөржин ажиллаж ирээд оройд ажиллаж ядарснаа гайхаж, ээж аавдаа эрхлэх гэсэн хүүхдээ төвөшөөж бухимддаг.  Айл гэрт амьд харилцаа алга. Халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлж чадахгүй юм?

-Эцэг эхчүүд өөрсдөө стрессээ зөвөөр тайлж сурах хэрэгтэй. Харин ч гэртээ бие биетэйгээ ярилцаж, харилцаж, хүүхэдтэйгээ тоглох юм бол стресс тайлагдана. Стресс ихтэй хүмүүс гэр бүлдээ халуун биш хүйтэн уур амьсгалыг бий болгодог. Амьд харилцааг бий болгохын тулд нэг нэгнээ сонсох, анхаарах, халамж хайр тавих ёстой.

-Өсвөр насны хүүхдүүд өөрт тулгарч байгаа зүйлээ ярих гэхээр  эцэг эх нь“Чи том хүний юм эрээ цээргүй ярих гэлээ” гээд уурладаг?

-Ялангуяа өсвөр насны хүүхдүүдийг ойлгож, сонсох хэрэгтэй. Гэвч аав ээжүүд “Одоо энэ хүүхэд томорч байна. Хандыг нь хага дарахгүй бол болохгүй. Юм хийлгэж сургана” гээд үүрэг хариуцлага өгч, доош нь дардаг. Гэтэл тэр хүүхдүүдийн хувьд хүүхэд наснаасаа насанд хүрэх гэж байгаа завсрын үе дээрээ маш их хямардаг. Маш их уур бухимдалтай болж эцэг эхийнхээ өөдөөс сөрөхөөр “Чи миний өөдөөс том дуугарлаа, миний үгэнд орохгүй байна” гээд эргээд буруутгадаг. Хүүхдийнхээ сэтгэлзүйг ойлгох нь чухал. Хүүхэд тань ууртай бухимдалтай байвал өөрсдөө тайван байх хэрэгтэй. Сэтгэл хөдлөлөө таньж мэдэх зохицуулж байх нь чухал.

-Өсвөр үе бол өөрийгөө олох үе гэдэг. Гэтэл янз бүрийн зүйлээс болж эрсдэлд орох, аюултай тулгарах зүйлс их гардаг?

-Өсвөр үед уураг тархины хөгжил хурдацтай явагддаг учраас маш олон гүн гүнзгий асуултуудыг асууж эхэлдэг. Би хэн бэ? Би юунд итгэх вэ? Амьдралын утга учир юу вэ гэх мэт асуултуудыг өөрөөсөө асуудаг бөгөөд хариултаа олж чадахгүй тохиолдолд сэтгэлээр унах нь бий. Энэ үед Эго центризм буюу өөртөө төвлөрөх үзэл хүчтэй явагддаг учир өөрийнх нь бодол зөв гэдэгт итгэдэг ба бусад хүн намайг юу гэж бодож байгаа бол гэдэгт маш их санаа зовдог. Тэдний үзэл бодлыг хүндэтгэн үзэж байгаагаа илэрхийлэх нь тэднийг ойлгож байгаагийн нэг илрэл болж өгдөг. Тиймээс тэдэнтэй та бие даасан хувь гэдэг үүднээс нь хүндэтгэлтэй харилцаж байх ёстой.

-Ер нь хүүхдээ ойлгох, хүүхэдтэйгээ нээлттэй байхад юуг анхаарах вэ?

-Хүүхдийнхээ дуртай зүйлсийг хамт хийлцэх, хамт тоглох, хүүхдийнхээ сонирхлыг нь дагаж хийж эхлэхэд харилцаагаа илүү дотно байлгах юм бол хүүхэд чинь нээлттэй болно. Хүүхдийнхээ итгэлийг олж авахын тулд хүүхэддээ цаг зав хангалттай гарга. 

Аав ээж хүүхэдтэйгээ харьцахдаа байнга шүүмжлэхгүй шаардахгүй загнахгүй байхыг хүсье. Хүүхэддээ цаг зав гаргахгүй бол хүүхэд ганцаардаж, гутарна. Хүүхэд рүүгээ орилж хашгирч, зодож загнах нь сэтгэлзүйд нь маш хүнд гэмтлийг өгч байдаг. Хүүхэдтэйгээ яаж ойлголцох, намуухан ярилцах, хүүхэддээ дурсамжтай таатай орчныг бүрдүүлвэл хүүхэд баярлана. Ерөөсөө харилцаагаа эрүүл байлгаж чадах тал дээр залуу гэлтгүй гэр бүлүүд анхаараасай.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.