| | USD/MNT 0₮

Д.Алтан-Уяа:Хүүхэд бол гэгээн ариухан ертөнц учир хэзээ ч загнаж зодож, айлгаж ичээж, үл тоож болохгүй

Сургууль, цэцэрлэгийн шинэ жил эхлээд 10 гаруй хонож байна. Коронавирусийн халдвараас болж өнгөрсөн нэгдүгээр сараас хойш урт хугацаанд амралттай байсан цэцэрлэгийн хүүхдүүд ангиа, тоглоомоо болон багшаа санасан гэж жигтэйхэн.

Цэцэрлэгийн багш нар ч бяцхан шавь нараа их үгүйлжээ. Хөөрхөн багачуудынхаа хөгжилтэй үйлдэл, ойлгомжгүй хэлбэр үгүй хэл яриаг нь сонсох хэчнээн хөөрхөн гээч.

“Багшаа яагаад” гэж байнга асуудаг бяцхан шавь нараасаа залхдаггүй, “Яагаад” гэж асуусан асуулт болгонд хариултыг нь товч бөгөөд тодорхой хэлж, зааж сургаж өгдөг, хүүхдүүдийнхээ авьяасыг хөгжүүлэхийг зорьдог нэгэн цэцэрлэгийн багштай ярилцлаа. Түүнийг Даваанямын Алтан-Уяа гэдэг. Тэрбээр алслагдсан гэх тодотголтой СХД-ийн 32 дугаар хороо буюу Барүүнтүрүүнд ашиглалтад ороод долоон жилийн нүүр үзэж байгаа Нийслэлийн 195 дугаар цэцэрлэгийн Бэлтгэл бүлгийн багшаар ажиллаж байна.

Тэрбээр гурван жилийн өмнө уг цэцэрлэгт Дуу хөгжмийн багшаар ажиллаж байгаад ийнхүү бэлтгэл бүлгийг дааж авчээ.

Өнгөрсөн баасан гарагт Д.Алтан-Уяа багштай уулзахаар тус цэцэрлэгийг зорьсон юм. Орой 17.30 цагийн үед ангийн хүүхдүүд нь бараг таржээ. Цоохор цэцэгтэй хормогч өмссөн эгэл даруухан багш уриалгахан угтаж авсан юм.

Ингээд Д.Алтан-Уяа багштай орон даяар хэрэгжиж байгаа “Сүүдэр бүү тусга” нөлөөллийн аяны хүрээнд хүүхдүүдийн эрхийг хэрхэн хамгаалж, хайрлаж, хөгжүүлэх талаар ярилцлаа.

-Сайн байна уу, хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байна. Анги хамт олон жигдэрсэн үү?

-Сайн байна уу. Ажил жигдэрч, анги дүүргэлт сайн байгаа шүү. Манай бэлтгэл бүлэг 25 хүүхэдтэй.

-Таны ажлын нэг өглөө хэрхэн эхэлдэг вэ?

-Хүүхдүүдээ ирэхээс өмнө ирчихсэн байна. Ажлын цаг эхлээд хүүхдүүд аав ээждээ эсвэл ах эгчдээ хөтлүүлсээр энэ хаалгаар орж ирэхдээ “Багшаа сайнуу, сайхан амарсан уу” гэж цангинасаар орж ирэх нь хэчнээн хөөрхөн гээч. Багштайгаа мэндлэх, багшаа хүндлэх гээд хүүхдүүд их хөөрхөн. За тэгээд багш нь “Оройг гэртээ хэрхэн өнгөрүүлсэн бэ. Ангидаа заалгаж сурсан дуу хөгжим, шүлгээ гэрийнхэндээ уншиж өгсөн үү” гээд л багш нь хүүхдүүдээ “байцаана”, хүүхдүүд уралдаад “би би” гээд л шулгана. Зарим нь гэртээ орой ямар хоол идсэнээ, ямар кино үзсэнээ хүртэл сонирхуулж ярина шүү дээ.

-Хүүхдүүдийн гаргадаг хамгийн хөөрхөн өхөөрдөм үйлдвэл юу вэ?

-Хоорондоо эвтэй найртай тоглох, нэг нэгнээрээ оньсого таалгах юмуу, эсвэл нэгэндээ дуу шүлэг зааж өгнө. Охидууд их хөөрхөн нэг нэгнийхээ үс гэзгийг оролдох, өмссөн хувцасных нь гоёог гайхах, зүүж ирсэн толгойн гоёогоор нь тоглох гээд их адтай үйлдэл гаргадагийг анзаардаг.

-Сургуулийн өмнөх боловсрол олгодог багшийн хувьд хүүхдүүдтэйгээ хэрхэн харилцаж, яаж зааж сургах арга барилаар ажилладаг вэ?

-Хүүхдийг өөрийнхөөр нь байлгах нь миний арга барил. Хүчээр биш хүүхдийн хүсэл сонирхлоор нь сургах ёстой. Дуртай зүйлийг нь хийлгүүлж, дуртай зүйлээр нь хичээл орох нь зөв гэж боддог. Дургүй зүйлд нь хүчлээд байвал хүүхэд сонирхох ч үгүй. Дуу хөгжимд дуртай хүүхэд байж болно, зурагт ном болон сэтгэхүй хөгжүүлэх тоглоом сонирхдог хүүхэд ч байж болно. Гарыг нь зүгшрүүлэх дүрс зуруулахад хамгийн сонирхолтой аргаар л хичээллэнэ. 

-Цэцэрлэгийн насны хүүхдүүд “Багшаа яагаад” гэсэн асуултыг байнга тавьдаг. Хүүхдүүдийнхээ асуултад бүрэн хариулт өгч чаддаг уу та. Ер нь “Яагаад” гэсэн асуултад хариулж байх тусам тэд хөгжиж байдаг гэх?

-Тийм шүү. “Багшаа яагаад тэрийг тэгж болдоггүй юм. Манай ээж тэгж хэлсэн. Манай аав тэгж хэлсэн” гэж асууна. Аль болох таарсан зөв хариултыг нь өгнө.

-Хүүхдийн ертөнцийг ямар байгаасай гэж хүсдэг вэ?

-Хүүхэд бол гэгээнхэн ариухан ертөнц. Тиймээс ямар ч буруу үйлдэл хийсэн бай хэзээ ч загнаж, зодож, айлгаж, ичээж болохгүй. Хүүхдийг загнах тусам хулчгар болдог. Өөрөөр хэлбэл их аймхай, өөртөө итгэлгүй болно гэсэн үг. Тиймээс буруу үйлдэл хийсэн бол хийгээд байдаг бол ойлгуулж хэлэх нь чухал юм. Байнга ойлгуулж утга учрыг нь тайлбарлаад байвал хүүхэд гаргаж буй үйлдлээ мартдаг, хийхээ больдог юм.

-Багш хүний хувьд энэ хөөрхөн бяцхан зүрхнүүдээ хэрхэн аз жаргал, хайраар дүүргэдэг вэ?

-Хүүхдүүдээ яг өөрийнхөөр нь байлгадаг. Хорьж цагдахгүй. Чөлөөтэй өөрийнхөөрөө байж чаддаг хүүхэд бусдад өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаг. Манай ангийн хүүхдүүдийн хувьд янз бүр. Хэтэрхий даруухан дуугай ноомой хүүхэд ч бий, зарим нь бүр хэл ам нь “хөгжсөн” хүчрэгдэхгүй адтай жаалууд ч бий.

-Цэцэрлэгийн багш байх их сайхан мэргэжил юм шиг санагдлаа. Хүүхэд бүр янз бүрийн ааш араншинтай байгаа. Хүндрэлтэй хэцүү зүйл гэж байдаг уу?

-Хэцүү гэхээс сайхан зүйлс нь олон. Хүүхдүүдтэйгээ хөгжилдөж, дуулж хуурдаад, янз бүрийн үйлдэл гарган тоглоод сууж байх нь аз жаргал шүү. Ямар ч ааштай хүүхэд болно, аашийг нь олоод аргадаад, өхөөрдөөд сурчихсан юм даа. Хүүхүүдтэйгээ харилцан ойлголцож яг юу нь болохгүй байгаа талаар асууж, харилцан ярилцана. Бас хүүхдүүдийнхээ хөгжлөөс хоцрохгүй тулд эд нартайгаа хөл нийлүүлэн, өөрийгөө хөгжүүлнэ. Хүүхдүүдээс суралцах тохиолдол их бий. Эрэл хайгуул ч их хийнэ. Тэгж байж хамтдаа хөгжинө, хамтдаа алхана.

-Шувуу хүртэл өндгөө сүүдэр тусчих вий гэж айж хамгаалдаг. Хүн ч гэсэн үр хүүхдээ хар толботой болж сүүдэрдчихвий гэж эмээдэг. Тэгвэл үр хүүхэддээ сүүдэр тусаахгүй тулд бид яах ёстой вэ?

-Хайрлах, хамгаалах. Багаас нь хайраар дүүрэн байлгасан хүүхэд ирээдүйд айх аюулгүй, өөртөө итгэлтэй нэгэн байна. Нөгөөтэйгүүр биеийг багаас нь даалгаж сургах хэрэгтэй.

-Нийгэмд хүүхэдтэй холбоотой янз бүрийн муухай хэрэг их гардаг. Ялангуяа бага насны хүүхдүүдийг хүчирхийлэх явдал их байдаг. Тэгэхээр нас биед хүрээгүй нялх үрсээ бид яаж хамгаалах юм. Сурган хүмүүжүүлэгч багшийн хувьд? 

-Айхтар хэрэг гарсныг сонсохоор сэтгэл өвдөж, айдас төрдөг. Эрүүл саруул төрүүлж, өсгөж байгаа бяцхан үрсээ элдэв эрсдэл аюулаас хамгаалахын тулд гурван талын хамтын оролцоо их чухал. Тодруулбал, багш, асран хамгаалагч, аав ээжүүд хариуцлагатай,  үүрэг оролцоотой байх ёстой. Яг юу нь болохгүй байна, юун дээр анхаарахгүй байна гэдгийг сайтар ярилцаж, ажил хэрэг болгох ёстой.

-Нийгмийн орчин нь их аюултай санагддаг. Гудамж талбайд хүүхэд халдлагад өртдөг гэх судалгаа бий. Багш хүний хувьд хүүхдүүддээ аюултай зүйлээс биеэ хэрхэн хамгаалах талаар зааж сургадаг уу?

-Эцэг эхийн асаргаа, хайр халамж сул байгаагаас хүүхэд гэмт хэрэгт өртдөг байх. Цэцэрлэгт хүүхэд хүчирхийллээс өөрийгөө хэрхэн хамгаалах талаар хичээл ордог. Өөрийгөө хамгаалах анхан шатны мэдлэгийг багш нар заана. Жишээлбэл, танихгүй хүн гэж хэнийг хэлэх вэ, танихгүй хүнээс чихэр жимс авч болохгүй. Хэрвээ осол аваар болвол автобусны буудал руу гүйгээрэй, 3-4 хүнтэй газар руу гүйгээрэй. Аав ээжийнхээ утасны дугаарыг цээжлээрэй. Танихгүй хүнд гэрийн хаягаа зааж өгч болдоггүй юм шүү гэх мэтээр заана, ойлгуулна.

-Цэцэрлэгийн орчин хүүхдийн аюулгүй орчин байж чадах уу?

-Анги дотроо ороод ирсэн байхад аюулгүй гэж үзнэ. Хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлнэ. Мэдээж өглөөд эцэг эх нь гараас гарт гэсэн зарчмаар хүүхдээ хүлээлгэж өгнө. Орой багш нар хүүхдийг нь бүрэн бүтэн байдалтай “Хүлэн авсан, хүлээлгэн өгсөн” гэж гарын үсэг зуралцаад эцэг эх, эмээ өвөөд нь хүлээлгэн өгнө.

-Сургуулийн өмнөх боловсрол гэдэг их чухал. Өөрөөр хэлбэл суурь хүмүүжил нь болдог. Таны хувьд хүүхдүүдийнхээ төлөө ирээдүйд юуг хийж, бүтээж чадах вэ?

-Зөв монгол хүүхэд болгон хүмүнжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хүүхдийн ёс суртахуун төлөвшил эцэг эх, багштай ч хамааралтай. Мөн хувь хүүхдийн хөгжил онцлог. Юм хийж чадаад байгаа хүүхдүүд болон чадахгүй байгаа хүүхдүүдээ адилхан хөгжүүлэхийн төлөө бид нар оюун санаагаа чилээж ажилладаг.

-Хүүхдийн эрх хамгаалал болон эерэг хандлагыг төлөвшүүлэхэд юуг хийж болох вэ?

-Хүүхэд ангийн болон гэрийн дүрмээ баримтлаад явчихвал алзахгүй дээ. Хамгийн гол нь “Энэ болно, энэ болохгүй, ийм хор уршигтай, ингэдэг юм” гэдгийг сэтгэхүйд нь сайн ойлгуулж, хэлэх нь чухал. Түүнийгээ дадал буюу хэвшил болгочихно.

-Хүүхдийн эрхийг хамгаалахад бүх шатны байгууллагууд хэрхэн уялдаа холбоотой ажиллах вэ?

-Тийм. Төрийн болон төрийн байгууллагууд хамтран уялдаа холбоотой байж эх орныхоо ирээдүй хойч үеэ хамгаалж чадна. Бид хүүхдийн эрх гэж мянга яриад яах юм, хамгийн гол нь ажил хэрэг болгох нь чухал шүү. Бодит ажил, бодит байдлыг бие биенээсээ шаарддаг байх ёстой.

-Ярилцсан танд баярлалаа?

-За баярлалаа.

Хүүхэд бол гэгээнхэн ариухан ертөнц. Тиймээс ямар ч буруу үйлдэл хийсэн бай хэзээ ч загнаж, зодож, айлгаж, ичээж болохгүй. Хүүхдийг загнах тусам хулчгар болдог. Өөрөөр хэлбэл их аймхай, өөртөө итгэлгүй болно гэсэн үг. Тиймээс буруу үйлдэл хийсэн бол хийгээд байдаг бол ойлгуулж хэлэх нь чухал юм. Байнга ойлгуулж утга учрыг нь тайлбарлаад байвал хүүхэд гаргаж буй үйлдлээ мартдаг, хийхээ больдог юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (18)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.