| | USD/MNT 0₮

С.Амарбуян:Ээжийгээ "Эхийн алдар одон" зүүх мөчид ард нь хүндэт харуулд зогсоно гэдэг их сайхан нэр төрийн хэрэг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул болон Сүхбаатар дүүргийн ээжүүдэд Эхийн алдар одон хүртээсэн билээ. Сүхбаатар дүүргийн XV дугаар хорооны иргэн С.Мөнхсайханд эхийн алдар одонг нь зүүж өгөх мөчид түүний хүү С.Амарбуян төрийн есөн цагаан тугийн хүндэт харуулаар зогсч байсан нь яах аргагүй ховор мөч, нандин тохиол, дурсамжтай агшин юм.

Хүү нь өнгөрсөн жил хугацаат цэргийн албанд мордсон бөгөөд Хүндэт харуулын 032 дугаар ангийн цэрэг ажээ. Түүнд төрийн торгон цэрэг хийж, туг "манах" хүндтэй үүрэг тохионо гэдэг ховор тохиол юм. 

Эхийн алдар хүртсэн С.Мөнхсайхан төрийн тэргүүнээс одонгоо зүүхдээ "Миний хүү энэ ард хүндэт харуулд зогсч байгаа" гэж хэлэхэд Ерөнхийлөгч "Өө тийм юмуу, ямар гоё юм бэ" гэж баяр хүргэж, одонг нь дээлийнх нь энгэрт зүүж өгчээ. Тэрбээр ч хүүтэйгээ таарчих юмсан гэж гэж боджээ.

Ингээд ээжийгээ одон зүүх мөчид ард нь есөн цагаан хөлт тугийн хүндэт харуулаар зогсч байсан хүү С.Амарбуян сэтгэгдэлээ хуваалцжээ.

Тэрбээр "Ээжийгээ эхийн алдар одон зүүх мөчид ард нь зогсоно гэдэг их сайхан нэр төрийн хэрэг. Тухайн үед миний буух ээлж болж байсан. Ээжийн минь дүүрэг хамгийн сүүлд болохоор ээжийгээ харж чадахгүй байх вий гэж бодсон. Тэгээд хоёр цаг зогсоод дараагийн ээлж зогсох ёстой. Ээжийгээ харахын тулд даргадаа үнэнээ хэлж зөвшөөрөл аваад цаг сунгаж нийт дөрвөн цаг харуулд зогссон. Сүхбаатар дүүргийн ээжүүд орж ирэхэд ээжийгээ олж хараад үнэхээр их баярласан. Өөртөө ч баярлаж, ээжээрээ ч бахархсан шүү.

Би энэ цэргийн ангид өнгөрсөн жил ирсэн. Намайг ирэхэд түүхт 60 жилийн ой нь тохиож байсанд их баярласан. Би дээрээ нэг ахтай, дороо хоёр охин дүүтэй. Миний аав уран дархан хүн байдаг. Аавыгаа дуурайж ган тулга болон мөнгө аяга хийдэг, би. Өдий зэрэгт өсгөж хүмүүжүүлсэн аав ээждээ баярлалаа, та хоёрынхоо ачийг хариулахын төлөө хүү нь хичээнэ" гэв.

Ийнхүү төрийн торгон цэрэг Төрийн ордонд, төрийн тэргүүнээс ээжийгээ одон гардаж авч байгаа харна гэдэг хэмжээлшгүй их баяр бахдал, дурсамж болно гэдгийг ээж хүү хоёр харуулсан бөгөөд олон хүн ээж хүү хоёрын ховор нандин зургийг шэйр, хийж эерэг сэтгэгдэл үлдээжээ. 

С.Мөнхсайхан төрийн тэргүүнээс одонгоо зүүхдээ "Миний хүү энэ ард хүндэт харуулд зогсч байгаа" гэж хэлэхэд Ерөнхийлөгч "Өө тийм юмуу, ямар гоё юм бэ" гэж баяр хүргэж, одонг нь дээлийнх нь энгэрт зүүж өгчээ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.