| | USD/MNT 0₮

Х.Баттулга:Дансаа баталгаажуулсан иргэдийн ногдол ашгийн бичилтийг хийснээс мөнгө шилжүүлж эхлээгүй байна

"Эрдэнэс-Тавантолгой" компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл хувьцааны ашиг 1072 хувьцааг иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн тухай мэдээлэл цахим орчинд тархаж байна. Ингээд Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн Стартеги эрсдлийн удирдлага, хамтын ажиллагааны албаны дарга Х.Баттулгаас тодрууллаа.

-Иргэдийн ногдол ашгийн мөнгийг өнгөрсөн баасан гарагаас эхэлж иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ гэсэн мэдээлэл цацагдлаа. Энэ үнэн юмуу?

-Манай төвөөс бодит мэдээллийг хүргэе. “Эрдэнэс Таван Толгой" ХК-аас иргэдийн ногдол ашгийн төлбөр болох 179 тэрбум 830 сая төгрөгийг "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ХХК руу шилжүүлсэн. Өнгөрсөн тавдугаар сард эхний 60 тэрбум, наймдугаар сард 40 тэрбум, 79,8 тэрбум төгрөг шилжиж орж ирснээс яг одоогийн байдлаар Төрийн санд 179 тэрбум 830 сая төгрөг байршаад байна. Эрдэнс тавантолгойн компаний хувьцаа эзэмшигчийн хуулиар бол эхний ээлжинд хувьцаатай байгаа иргэдийн дансанд эхний ээлжинд энэ мөнгийг шилжүүлэх нь зүйтэй гэж үзсэн.

-Өнөөдрийн байдлаар төвлөрсөн хадгаламжинд хэдэн мянган иргэн дансаа нээлгэсэн бэ?

Төвлөрсөн хадгаламжинд 1 сая 800 мянган хүний данс нээгдсэн байна. Нээгдсэн данснаас 800 мянга гаруй иргэн дансаа баталгаажуулсан. Нээгдсэн, дансаа баталгаажуулсан хоёр өөр статус. Яагаад гэвэл та мэдээллээ баталгаажуулна гэдэг арилжааны банкны дансаа зогоод өгсөн гэсэн үг. Тэгэхээр энэ 839 мянган иргэний мөнгөний бичилтийг бид нар өнгөрсөн баасан гарагт хийгээд дууссан. Ингэснээр та ЭТТ хувьцааны хэдэн хувьцаа эзэмшинэ нэгж хувьцааны 80 төгрөгийг уг дансаараа дамжуулан авах боломжтой гэсэн үг.

-Бичилт хийгдэнэ гэсэн юу гэсэн үг юм бэ?

-Бичилт хийгдэнэ гэдэг нь мөнгө тараагдана гэсэн үг бас биш. Та хэдэн төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаагаас хэдийг нь мөнгө болгож авах вэ гэдгийг системийн дагуу бичсэн гэсэн үг.

-Тэгэхээр яг хэзээ мөнгө иргэдийн дансанд орох юм бэ?

-Бид нар Засгийн шийдвэрийг хүлээж байна. Засгаас дансаа нээлгэж баталгаажуулсан иргэдийн мөнгийг өгч эхэл гэсэн шийдвэр гаргавал бид зарлага гаргах эрхтэй болно. Арилжааны аль банкинд данстай байна түүгээрээ дамжуулан авах бүрэн боломжтой. Одоогоор дээрх мөнгө Төрийн санд байршиж байна.

-Засгийн газраас хэзээ хувьцааны мөнгө тараа гэсэн шийдвэр гарах бол?

-Өнөө маргаашгүй Засгийн газрын хуралдаанаар гарах болов уу гэж найдаж байна. Харин та дансаа баталгаажсан эсэхийг хамгийн ойрт байрлах ТҮЦ машинаас очиж хувьцаа гэсэн цонхийг сонгож хурууны хээгээ уншуулаад хувьцааны дансаа баталгаажсан эсэхээ шалгаарай. Та үнэт цаас арилжих, авах гэж байгаа бол хуулиараа заавал үнэт цаасны данстай байна гэдгээ сайтар ойлгоорой. Хэрвээ та ногдол ашигтай ч дансаа нээлгээгүй бол авах боломжгүй юм шүү.

-Сая хүн данстай хэрнээ дансаа баталгаажуулаагүй бол мөнгөө авч чадахгүй нь. Тэд яг яах ёстой вэ?

-Тэр хүмүүс санхүүгийн үнэт цаасны мэдээллээ баталгаажуулж байж энэ мөнгийг авна. Зүгээр дансаа нээлгээд орхисон байгаа бол та эргээд нэг шалгаад үзээрэй. ТҮЦ машиныг үнэгүй ашиглаж, хэдэн төгрөгийн хувьцаа эзэмшиж байгаагаа харах бүрэн боломжтой болсон. Хурууны хээгээ уншуулаад өөрт холбоотой үнэт цаасны буюу хувьцааныхаа талаарх мэдээллийг үнэгүй авах боломжтой. Данстай эсэхээ мэдээд авч болно.

Үнэт цаасны төв дансаа баталгаажуулаагүй иргэдийн данс руу мөнгө хийхгүй. Хуулийн дагуу үнэт цаас хадгалдаг байгууллага болохоос Улсын бүртгэлийн газрын хийдэг үйлчилгээ үзүүлдэггүй. Гэхдээ мөнгө тараа гэсэн бэлтгэл ажил удаан хугацаанд хийгдлээ, одоо Засгийн газрын тараа гэсэн шийдвэрийг хүлээж байна.

Бас нэг мэдээлэл байна. ЭТТ хувьцаат компанийн данс эзэмшдэг 400 гаруй ААН байгаагаас дансаа нээлгээгүй ААН-үүд байна. Энэ ААН-үүд 572 сая төгрөгийн ногдол ашиг авахаар бичилт хийгдсэн. Эд нар брокер диллерийн компанид данс нээлгүүлэх шаардлагатай байна. Ингэж байж та ногдол ашиг авна. Тэгэхгүй бол компанийн ашиг болохоор татвартай холбогдоно.

-Сонгуулийн өмнө Ибаримт болон харилцдаг банкны дансаараа дамжуулж мөнгөө авах боломжтой гэж ярьсан. Тэгэхээр энэ худлаа болсон гэсэн үг үү?

-Ибаримтын дансаар тараах эсэхийг Засгийн газар шийдвэрлэнэ. Төрийн байгууллага учраас бид хоорондоо мэдээллээ солилцоод ибаримтын дансаар тараах боломжийг хангасан. Засгийн газар шийдвэр гаргавал бид энэ дансаар олгоно.

-Нэг гэр бүлийн таван гишүүн байлаа гэхэд нэг нь ибаримт бүртгүүлдэг бол бусад нь яах вэ?

-Хувь хүний хүсэл эрмэлзэл болохоор үүнд ямар нэгэн тайлбар хийх боломжгүй. Өөр хүн авах боломжгүй, учир нь регистрийн дугаараар мөнгийг нь авах боломжгүй. Тэгэхээр иргэн бүр өөрсдийнхөө регистрийн дугаартай данс нээлгэх ёстой. Хэрвээ ибаримтаар олгож эхэлвэл.

-ЭТТ хувьцаат компаниас хувьцааны ногдол ашиг гэж 90 төгрөг өгнө гэсэн. Гэтэл одоо 80 төгрөг болж буурчээ. Энэ яаж байгаа юм бэ?

-Анх ЭТТ компани шийдвэр гаргахдаа 199 тэрбум 811 сая төгрөг өгөхөөр шийдвэрлэж 90 төгрөг өгөхөөр болсон. Үүнээс Татварын тухай хуулинд зааснаар 10 хувийг нь авдаг. Өөрөөр хэлбэл, татварын журмаараа монгол хүн 10 хувийн шимтгэл төлж байна гэсэн үг.

 

Үнэт цаасны төв дансаа баталгаажуулаагүй иргэдийн данс руу мөнгө хийхгүй. Хуулийн дагуу үнэт цаас хадгалдаг байгууллага болохоос Улсын бүртгэлийн газрын хийдэг үйлчилгээ үзүүлдэггүй. Гэхдээ мөнгө тараа гэсэн бэлтгэл ажил удаан хугацаанд хийгдлээ, одоо Засгийн газрын тараа гэсэн шийдвэрийг хүлээж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.