| | USD/MNT 0₮

Т.Мөнхмарал: Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төвийг 2021 онд нээхээр ажиллаж байна

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ, БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийн хэрэгжилтийн талаар Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Мөнхмаралтай ярилцлаа.

-Сайн байна уу? Яриагаа Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл НҮТББ-аас эхлэе. Танай байгууллага хэзээ байгуулагдсан бэ? Залуу бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлээр ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?

-Сайн байна уу. Манай байгууллага Монголын гарааны бизнес эрхлэгчдийг глобал түвшинд хүргэх гүүр байх, олон улсын бизнесийн түншлэлийг бий болгож залуу энтрепнерүүдийн ирээдүйг бэхжүүлэх үйлсэд 2018 оноос эхлэн хувь нэмрээ оруулж байгаа. Бид гарааны бизнес эрхлэгчид буюу энтрепренеруудад ажиллах ээлтэй хууль эрх зүйн орчинг бий болгоход бодлогоор дэмжлэг үзүүлэх, гаднын хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлж энтерпренерт соёлыг Монгол Улсад төлөвшүүлэхээр зорин ажилладаг.

Бид үйл ажиллагааныхаа хүрээнд Монгол Улсын стратегийн түнш орнуудтай баримтлах бизнес түншлэлийн орчинг сайжруулах, олон улсын амжилттай бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах боломжийг хангах, шилдэг практик, сайн туршлагыг олон улсын хооронд солилцох боломжийг бий болгох чиглэлд тогтмол үйл ажиллагааг явуулж байна. Энэ хүрээнд “Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төсөл дээр ажиллаж байгаа.

-“Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төсөл хэрэгжих нөхцөл хэрхэн бүрдсэн бэ?

-“Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төсөл нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачилгаар хэрэгжиж байгаа юм. Энэ төсөл 2019 онд БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 онд Монголд айлчлах үеэр анх яригдсан. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд Ли Наг Ён нар уулзсан. Энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр орны залуу бизнес эрхлэгчдийг дэмжих, уялдаа холбоог сайжруулах зорилгоор Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөлийг БНСУ-ын ижил төстэй төрийн, хувийн байгууллагуудтай хамтран ажиллахыг санал болгож байсан.

2020 оны эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ мөн БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн асуудал хариуцсан сайд Пак Ёонг-Сунтай уулзаж, энэ асуудлаар хоёр тал ажил хэрэгч уулзалт хийсэн. Ингээд энэхүү төсөл хэрэгжих нөхцөл бүрдэж, ажил хэрэг болоод явж байна. Сонирхсон хүмүүс илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.yec.mn хаягаас авах боломжтой.

-Төсөл хэдэн үе шаттай хэрэгжих вэ? Төслийн явц одоогоор ямар түвшинд байна вэ?

-Бид энэ оны 2 дугаар сараас эхлэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, БНСУ-ын Жижиг дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй (KISED) хамтран “Монгол - Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах боломжийг судлаж эхэлсэн. Бидний хүргүүлсэн төслийн баримт бичигт үндэслэн БНСУ-ын холбогдох албаны төлөөлөгчид Монгол Улсад айлчилж шаардлагатай судалгаа,  дүн шинжилгээг хийгээд буцсан.

Айлчлалын үеэр БСШУЯ, НЗДТГ, СЯ зэрэг байгууллагуудтай уулзахаас гадна одоогийн Монголд үйл ажиллагаа явуулж буй стартап дэмжих хувийн байгууллагууд мөн төрийн оролцоотой хамтран ажиллах оффис, тэдгээрийн удирдлагатай уулзсан. Энэ үеэр БСШУСЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлогын газрын дарга Д.Одгэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нартай уулзахад уг төслийг бүрэн дэмжиж, хамтран ажилласанд нэн талархаж буйгаа илэрхийлмээр байна.

Ингээд Шинэ Яармаг дэд төвийн А блокд 1,000 мкв бүхий талбайд Монгол, Солонгосын хамтарсан “ХАБ” байгуулах талаар 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдөр С.Амарсайхан даргад уламжилсан. Энэ талаарх санамж бичиг 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан байгаа. Төсөл маань Төрөөс инновацын талаар баримтлах бодлого, Үндэсний инновацын тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл зэрэг бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтэд чухал ач холбогдолтой.

Төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 4.5 сая долларын хөрөнгө оруулалтыг БНСУ-ын Засгийн газар 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдөр “Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төсөл шалгарсан тухай албан ёсны мэдэгдлийг бидэнд ирүүлсэн.

Одоогийн байдлаар барилга байгууламжийн ажил дуусаж, дотоод засал чимэглэлийн ажил эхлээд байна. Төслийн маань албан ёсны нээлт 2021 онд болно. Бид одоогоор урьдчилсан бэлтгэл ажлыг хийж байна.

-Гарааны бизнес эхлүүлэх сонирхол залуучуудын дунд маш өндөр байдаг л даа. Төсөл гарааны бизнесүүдэд ямар боломжийг нээх вэ гэдгийг уншигчид сонирхож байгаа байх?

-Төслийн хүрээнд Монгол Улсад аль хэдийн бий болсон гарааны бизнесийн экосистемийг төгөлдөржүүлэх, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжсэн хууль эрх зүйн орчинг улам ээлтэй болгох,  хуулийн хүрээнд олгогдож буй боломж бололцоог бодитоор хүргэх, мэдлэг олгох мөн энтрепренер бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэх боловсролын хөтөлбөрийг Монголд нутагшуулах зэрэг зорилт тавьсан. Энэ хүрээнд энтрепренер боловсрол; хурдасгуур, инновацын хүний нөөц, гарааны бизнес эрхлэгч нарыг  хөгжүүлэх  Монгол, Солонгосын мэргэшсэн экспертийн баг хамтран  ажиллан хийнэ.

Монгол-Солонгосын бизнесийн орчинг сайжруулах, хоёр улсын бизнес эрхлэгчдийг холбож ажиллах зорилтын хүрээнд мэдлэг, мэдээлэл, сайн туршлагыг солилцох; инновацын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, түүний эргэх хөрөнгийг нэмэгдүүлэх; гарааны бизнес хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлуудыг хэрэгжүүлэх юм. 

Төслийн үйл  ажиллагаа маань зөвхөн Улаабаатар хот дахь бизнес эрхлэгч, бизнес эхлүүлж байгаа залуучуудаас гадна орон нутагт чиглэсэн тогтвортой, бие даасан цогц үйлчилгээтэй байна. Тухайн орон нутгийн эдийн засгийн эргэлтэд оруулж болох онцлох нөөц боломж дээр тулгуурласан инновацлаг бизнес эрхлэгч залууст чиглэсэн олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Мөн гарааны бизнес хөгжүүлэгч эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг чадавхжуулах бодлого баримтална.

Мөн энтрепренер боловсролын хөтөлбөрийг нэвтрүүлэхдээ жилдээ 300-500 дунд, ахлах сургуулийн сурагчдыг сургана. Цаашид холбогдох төрийн захиргааны төв байгууллага боломжтой гэж үзвэл уг сургалтыг мөн кодчлолын сургалтыг ерөнхий эрдмийн хөтөлбөрт тусгаж ажиллах зорилготой байгаа.

Ингэснээр, Монгол Улсад гарааны бизнесийн эрүүл экосистемийг бий болгох, ээлтэй хууль эрх зүйн орчныг цогцлоох ба НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын биелэлтийг хангах юм.

-Танд баярлалаа.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ, БНСУ-ын Жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яам, түүний харьяа Солонгосын гарааны бизнес эрхлэгчдийн хөгжлийн хүрээлэнтэй хамтран “Монгол-Солонгосын гарааны бизнесийг дэмжих төв” байгуулах төслийг хамтран хэрэгжүүлж байгаа. Төслийн хэрэгжилтийн талаар Залуу бизнес эрхлэгчдийн зөвлөл ТББ-ын Гүйцэтгэх захирал Т.Мөнхмаралтай ярилцлаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.