| | USD/MNT 0₮

Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ЗАХИАЛГАТАЙ хэмээн буцаалаа

УИХ-ын ээлжит бус чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Долоон жилийн өмнө би улс төр, бизнесийн мафийн бүлэглэл байна гэж хэлж байсан. Одоо ч үүний үр дагавар байгаа учраас МАН мөрийн хөтөлбөртөө шударга ёсыг тогтооно гэж хэлсэн. Х.Нямбаатар илтгэлдээ 2400 гаруй хэрэг овоорсон гэж хэллээ. Шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байна. Иргэний хэргийн танхим таван гишүүнтэй. Шударга бус хонгилыг нураана гэчихээд дахиад шинэ хонгил угсрах гээд байгаа юм биш үү гэсэн болгоомжлол байна. Засгийн газрын бодлого гэж ойлгохгүй байна. Улсын Дээд шүүхийн Д.Ганзориг гэдэг ерөнхий шүүгчийнхээ эрх мэдлийг нэмэгдүүлэх гээд байгаа юм биш үү, үнэртэж байна. Захиргааны эрх мэдэл нэмэгдэх хэрээр ажлын байрны дарамт, хууль бус нөлөөлөл үүсдэг. Түр хууль гэж байгаа боловч энэ нь бүр хууль болчих вий" гэлээ. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хэний захиалгатай хууль гэнэт ороод ирэв. Ээлжит бус чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд байхгүй хууль яаралтайгаар яагаад ороод ирэв. Ерөнхий шүүгчид танхимын бүрэлдэхүүнийг батлах хооронд нь сэлгэх эрх өгөх гэж байна. Үндсэн хууль болон шүүхийн тухай хуульд шүүх хараат бус бие даасан байна гэж заасан. Шүүх хараат бус гэдэгт шүүгч шүүгчээсээ хараат бус байх явдал ч ордог. Шүүгч нараас авсан судалгаагаар шүүгчид хамгийн их нөлөөлөл үзүүлдэг хүмүүс нь шүүгчид өөрсдөө гэж гарсан. Гэтэл үүнийг баталгаажуулах гэж байна. Улсын дээд шүүгчийг шинэ хонгилын хаанаар зарлах гэж байна. Дуртай хэрэг дээрээ хэнийг оруулах вэ гэдгийг шийдэх эрхийг Ерөнхий шүүгчид өгөх гэж байна. Таалагдахгүй байгаа шүүгчийг өөр танхим руу явуулах гэж байна"

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар "Энэ гэнэт орж ирээгүй. 2019 оны сүүлээр өргөн баригдсан хуулийн төсөл. Өнгөрсөн парламент хэлэлцэх гэж байтал шинэ Шүүхийн тухай хууль орж ирсэн. Тухайн үед Засгийн газар бичиг явуулаад энэ төслөө. Харин шүүхийн тухай хууль хэрэгжиж эхэлтэл тодорхой хугацаа орж байгаа юм. Энэ бол маш олон мянган иргэдийн эд хөрөнгийн маргааны асуудал эцэслэгдэхгүй байгаа.

Үүнээс бол БСБ-уудад хүндрэл дарамтууд үүсээд байгаа бодит хэрэгцээ шаардлага дээр үндэслэж байгаа юм. Хэргийн оролцогчид нэг шүүгч, бүрэлдэхүүнээс татгалзахад өөр шүүгчийн бүрэлдэхүүний нөөц байхгүй болчихоод байгаа. Танхимын бүрэлдэхүүнийг шинээр батлах замаар хоёр бүрэлдэхүүн маргаан хянан шийдвэрлэх ажлыг зэрэг явуулж 2400 хэргийг шийдвэрлэх агуулгаар орж ирсэн"

Улсын Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв "Монгол шүүх анхан шатны журмаар 65 орчим мянган хэрэг шийддэг. Одоогоор Иргэний танхим 5 шүүгчтэй хуралдаж байна. Харин өвчтэй, чөлөөтэй, татгалзсан, түдгэлзсэн тохиолдлуудад бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа".

Ийнхүү хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч үг хэлсний дараа Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжье гэсэн саналаар санал хураахад гишүүдийн олонх нь хэлэлцэхийг дэмжсэнгүй.

Иймээс дээрх хуулийн төслийг хууль санаачлагчид буцаалаа.

Дээд шүүхийн Тамгын газрын дарга Ж.Наранпүрэв "Монгол шүүх анхан шатны журмаар 65 орчим мянган хэрэг шийддэг. Одоогоор Иргэний танхим 5 шүүгчтэй хуралдаж байна. Харин өвчтэй, чөлөөтэй, татгалзсан, түдгэлзсэн тохиолдлуудад бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байгаа"
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.