| | USD/MNT 0₮

С.Чулуун:Үндэсний музейгээс 10 гаруй тэрбум төгрөгийн үнэт зүйлс хулгайлсан этгээд хуулийн хариуцлага хүлээсэн

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ удаа бүтцээ шинэтгэж Соёлын яамыг нэмж шинээр байгуулсан. Ийнхүү 24 жилийн дараа дахин салбар хариуцсан яамтай болсон бөгөөд сайдаар нь түүхч, академич С.Чулууныг томилсон билээ.

Түүний хувьд Соёлын сайд болохын өмнө Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын монгол судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Ингээд салбар удирдаж байгаа шинэхэн сайд С.Чулуунтай удирдаж байгаа салбарынх нь талаар ярилцлаа.

-Шинэ яам байгуулагдаад удаагүй байна. Соёлын сайдын хувьд ямар ажил хийхээр төлөвлөсөн байгаа вэ?

-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн үндсэн гурван чиглэлийн нэгд соёлын салбарын асуудлыг тусгасан. Энэ нь төр, засгаас соёлын салбарт анхаарч байгаагийн илрэл юм. Иймдээ ч асуудал хариуцсан Соёлын яамыг тусгайлан байгуулсан. Бидний хувьд нийгмийг соёлжуулах, өв соёлуудаа хүүхэд залууст танин мэдүүлэх тал дээр голчлон анхаарч ажиллаж байна.

Соёлын яам үндсэн гурван чиглэлээр ажиллана. Нэгдүгээрт соён гэгээрэл, соёлын хүртээмжийг нэмэгдүүлэх, Монголын соёл урлагийг бүс нутаг төдийгүй дэлхийд сурталчилан гаргах, таниулах зэрэг чиглэлээр ажиллана. Хоёрдугаарт урлаг уран бүтээл, сонгодог урлагийг хөгжүүлэх, энэ чиглэлийн боловсон хүчний чадамжийг дээшлүүлэх, Монголын урлагийн бүхий л салбарт цахим үйлчилгээг нэвтрүүлнэ. Гуравдугаарт соёлын өвийн салбар дээр анхаарна. Монголын соёлын өвийн салбарыг Монгол төдийгүй бүс нутаг олон улсын түвшинд хүргэж ажиллахаар зорилго тавьсан. Манай яамны төлөвлөсөн ажил их байгаа. Бид нар танилцах биш, ажлаа шууд хийж эхлүүлж байна. Засгийн газрын 100 хоногоор Соёлын яам ямар ажил хийсэн талаар та бүхэнд тайлагнаж, харуулах болно.

-Танай яамны бүтэц бүрэлдэхүүний хувьд?

-Долоон салбар газартай, 78 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Том бүтэц бүрэлдэхүүнийг шинэ Засгийн газраас баталж өгсөн.  Соёл урлагийн бүхий л чиглэлээр хариуцлагатай ажиллана.

-Эрдэмтэн, судлаачтайгаа хэр хамтарч ажиллах вэ?

-Мэдээж эрдэмтэн, судлаачидтайгаа хамтарч ажиллана. Эрүүл шүүмжлэлийг хүлээж авна, харин гүтгэлгийг хүлээж авахгүй. Хулгай хийдэг биш эмхэлдэг, цэгцэлдэг судлаач хүн, тийм ч судалгааны байгууллагыг удирдаж ирсэн хүн би. 

-Соёлын яам байрны асуудлаа яаж шийдсэн бэ?

-Байртай болсон шүү дээ. Одоогоор засвар хийж байна. Ирэх долоо хоногт гэхэд байрандаа нүүгээд орчихно.

-Соёлын салбарыг аварч, нийгмийг соён гэгээрүүлэхийн тулд Соёлын яамыг байгуулсан гэж бодоод байгаа?

-Тийм. Соёл урлагийн газрууд болон соёлын агентлаг Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтарч манай яам “Соёлын цаг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Ковидтой холбоотойгоор найман сар гаруй хугацаанд хорионд орчихсон Монголын ард иргэддээ Ковидын журмын дагуу урлагийн хэсэгчилсэн тоглолтыг үнэгүй хүргэхээр боллоо. Энэхүү хоёр сарын аян маань монголчуудаа соён гэгээрүүлэх, мэргэжлийн болон хувийн уран бүтээлчдийн уран бүтээлийг үзэгчдэд хүргэх ажлыг эхлүүлж байна. Ингээд Нийслэлийн 9 дүүргийн 24 газарт хэсэгчилж тодорхой цагт, тодорхой хуваарийн дагуу уран бүтээлийг үнэгүй хүргэнэ.

-Соёл урлагийн газруудаас гадна номын сан, музейгаар орох боломж бий юу?

-Байгаа. Номын сан, музей, галлерай зэрэг энэ байгууллагууд ирэх сарын 01-нээс эхэлж дунд сургуулийн хүүхдүүд үнэ төлбөргүй үйлчилнэ. Соёл болоод соён гэгээрүүлэх ажил Монголын ард түмэнд хүрч үйлчлэх ёстой.

-Өнгөрсөн хугацаанд коронавирус гээд ихэнх байгууллагын ажилчид сул зогсолт хийсэн. Ажилчдын цалин хөлс ямар байгаа вэ. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

-Цалин хэвийн. Харин орлого бол тасарсан байгаа.

-Түүхэн дурсгалт газрууд орхигдож, сүйдэж, устгагдаж байгаа талаар их шүүмжлэл бий. Монголынхоо үүх түүхийг хамгаалсан олон жилийн настай эдгээр газруудыг арчлан хамгаалах тал дээр салбарын яам яаж анхаарч ажиллах юм бэ?

-Монголд байгаа 100 гаруй мянган түүхийн өв соёлуудыг бүрэн бүртгэлжүүлж, цахимжуулна. Ингэж цахимжуулснаар аялал жуулчлалын хувьд хүртээмжтэй болно, хоёрдугаарт соёлын биет бус биет өвийн хулгайг хамгаална. Хууль бус хулгайтай хатуу тэмцэнэ.

-Хөвсгөл аймагт байдаг Хориг уулын булшийг ухаж тоносон байна гэх асуудал гарсан шүү дээ?

-Хориг ууланд манайх дэмжлэг үзүүлээд малтлага гаргасан. Хоёр хоногийн өмнө манайхан очоод ирсэн. Нэг уулыг ухаж хөндсөн байна гэсэн. Өөр ухаж тоносон зүйл байхгүй.

-Та Байнгын хорооны хурал дээр “Үндэсний музейгээс 10 гаруй тэрбум төгрөгийн үнэ өртэйгтэй үнэт үзмэр хулгай хийсэн хүн ял шийтгэлээ аваагүй. Харин ч шагнуулаад явж байна гэж ярьсан”. Энэ ямар хүн юм бэ?

-Энэ бол 10-аад жилийн өмнө болсон хэргийг би жишээ татаж ярьсан юм. Тодруулбал, 2005-2006 онд Үндэсний музейгээс эд зүйлс алдагдсан хэрэг. Эзэн холбогдогч нь ял шийтгэлээ аваад хуулийн хариуцлага хүлээсэн. Тэгэхээр үүн шиг нөхцөл байдлыг дахиж Соёлын яам гаргахгүй.

-Таныг Хятадад 640 мянган архивын бичиг баримтыг худалдсан гэх мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгөөч?

-Тийм зүйл байхгүй. Би нэг ширхэг ч хуудас хүнд өгөх эрхгүй. Би тийм гэрээнд гарын үсэг зураагүй. Үндэсний архивын газар хамтын ажиллагааны хувьд хийсэн ажил юм.

 

Монголд байгаа 100 гаруй мянган түүхийн өв соёлуудыг бүрэн бүртгэлжүүлж, цахимжуулна. Ингэж цахимжуулснаар аялал жуулчлалын хувьд хүртээмжтэй болно, хоёрдугаарт соёлын биет бус биет өвийн хулгайг хамгаална. Хууль бус хулгайтай хатуу тэмцэнэ.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.