| | USD/MNT 0₮

Парламентын сэтгүүлчид эсэргүүцлээ илэрхийлэв

Улс төрийн албаны сэтгүүлчид өнөөдөр Төрийн ордонд эсэргүүцлээ илэрхийллээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн коронавирусийн хүрээнд манай улс онцгой дэглэм тогтоож, зарим газарт хөл хорио тогтоосон. 

Энэ дагуу УИХ-ын чуулганы үйл явдлыг сурвалжлах эрхтэй сэтгүүлчдийг төрийн ордонд мэдээлэл бэлтгэхэд тодорхой зааг тогтоож, Төрийн ордонд бүтэн нэвтрүүлэхгүй байх журмыг гаргасан юм. Хэдий онцгой дэглэм ч гэсэн иргэдийн мэдэх эрхийг хааж, сэтгүүлчдийн мэдээллэх эрхийг нь хааж хөлийг нь тушсан энэ үйлдлийг парламентын сэтгүүлчид эсэргүүцэж, Төрийн ордон дотор парламентын үйл ажиллагааг чөлөөтэй сурвалжлах боломжийг олгохыг шаардлаа. Хэрвээ тавьсан шаардлагыг холбогдох албаныхан хүлээж авахгүй бол УИХ-ын чуулганы хуралдааныг дамжуулахгүй, улстөрчөөс ярилцлага авахгүй, мэдээ мэдээллийг нь сурталчилж өгөхгүй байх арга хэмжээг авч, цаашид тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ мэдэгдэв. 

25-р суваг телевизийн сэтгүүлч Г.Туул "Өнгөрсөн гуравдугаар сараас хойш хэвлэлийнхний ажил хийх нөхцөлийг хязгаарласан. Бид хөл хорио тавьсан цагаас эхлэн хүлээцтэй хандаж байсан. Гэтэл сүүлдээ Засгийн газар, УИХ-ын хэвлэл мэдээллийн албаны зүгээс цар тахлын хорио цээрийн дэглэм цуцлагдсан ч хэвлэлийнхний Төрийн ордноос мэдээ, мэдээлэл бэлтгэх нөхцөлийг чангатгана гэсэн хандлага байгаа.

Сэтгүүлчдийг гишүүдийн өрөөгөөр дураараа явуулахгүй, чуулган болон байнгын хорооны үүдэнд олноор цуглуулахгүй, тодорхой цэгт яриа авахыг зөвшөөрнө, ордны цайны газар кофе шопд сэтгүүлчдийг орохыг хязгаарлана гэсэн мэдээллүүд яваад байна. Цар тахлаар далимдуулаад хэвлэлийнхний амыг хаах гэсэн хандлага цаашдаа ч гэсэн үргэлжлэх юм байна гэж харж байна. Ямар нэгэн асуудлаар сэтгүүлчид эрэн сурвалжилж, шүүмжлэлтэй хандах гэсэн асуудлыг хязгаарлах гээд байгаа юм байна. Гишүүд, сайд нар өөрсдийнхөө хүссэн асуудлаар өөрсдийгөө рекламдах гэсэн яриа, мэдээлэл, хэвлэлийн бага хуралд энэ цэг дээр ирж өгчихөөд бидний хүссэн асуудлаар мэдээлэл өгөөч гэхээр гишүүд зугтаагаад алга болчихдог.

Сэтгүүлчдийн ажлаа хийх нөхцөл боломжийг дэндүү их хязгаарлаж байна. Би сүүлийн 20 гаруй жил парламент сурвалжилж байна. Энэ хугацаанд ийм байдлаар хэвлэлийнхнийг хязгаарлаж байсан түүх байхгүй" гэв. 

NTV телевизийн сэтгүүлч Н.Сугар: Ингээд хоригдчихоор бид улстөрчдийн ярихыг хүссэн зүйлийг л дамжуулах болчихоод байгаа юм. Улстөрчид ярихыг хүссэн, өөрт ашигтай л зүйлээ ярина. Мэдээж өөрийгөө муухай харагдуулах хүсэхгүй, буруу зүйл хийж байгаа бол тэрийгээ нуухыг хүснэ. Харин өөрийнхөө сайн сайхан зүйлийг л ярихыг хүснэ.

Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллага түүний нь дамжуулах нөхцөл байдал руу хүчээр шахаж оруулж байна. Бид төрийн ордонд чөлөөтэй мэдээ, сур бэлтгэмээр байна гэж байгаа нь өөрсдийнхөө төлөө биш. шууд явж байгаа хурлаас нь мэдээ сурвалжлага, бэлтгэхэд биед амар.

Гэхдээ төр иргэн хоёрыг холбох хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж байгаа зүйлийг нь танилцуулж, болохгүй байгаа зүйлийг нь шүүмжилж байж ард түмний ханалт дор байна. Тиймээс сэтгүүлчид чөлөөтэй мэдээ, мэдээлэл бэлтгэмээр байна" гэлээ. 

Төрийн ордон дотор парламентын үйл ажиллагааг чөлөөтэй сурвалжлах боломжийг олгохыг шаардлаа.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.