| | USD/MNT 0₮

Т.Оюунбаяр:Хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүлэхийг хичээж, энэ бүгдийг өөрөө хийсэн

 

Ээж хүү хоёр зочидоо хүлээх зуур... 

Цахим ертөнцөд гэрэл гэгээтэй, эерэг сөрөг гэсэн мэдээ мэдээлэл өдөр бүр хөвөрнө. Түүний дундаас хүний сэтгэлийг татаж, харц булаах зураг, нийтлэл харагдах нь хичнээн сайхан гээч.

Хэдхэн хоногийн өмнө хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг хөдөө суманд мэргэжлээ болон бүтээлч сэтгэхгүйгээ ашиглаж, гарын доорх материалаар бүхнийг хийж тэмдэглэсэн нэгэн бүсгүйн бичсэн нийтлэл, оруулсан зураг олон мянган хүнд таалагдаж, 500 гаруй хүн түүний хийсэн гоёмсог бүтээлийг шэйрлэсэн байгаа нь яах аргагүй анхаарал татлаа.

Тэр ээжийг Т.Оюунбаяр гэдэг бөгөөд найз нөхөд, гэрийнхэн нь нүүр номын танилууд нь Оюу гэж дууддаг юм байна.

Тэрбээр цахим хуудсандаа “Хүүгийн минь нэг насны ойн баярт өдөр тохиолоо. Хөдөө, Сум гэлгүй бүтээлч хандахыг хичээлээ. Өөрт ч тэр, ирээдүйд ч хүүдээ тэдэн төгрөгөөр баярыг нь тэмдэглэсэн гэхээсээ илүү ингэж хоёулаа нэг насаа үдэж байлаа гэж ярих дурсамжтай үлдэхийг илүүд үзлээ. Жичдээ хэлэхэд одоо надаас багахан мэргэжлийн минь үнэр үнэртэж байна уу? Дизайнер гэхээр оёдолчин шиг төсөөлж юм оёх уу, юм оёх уу гээд байдаг хүмүүс одоо болио. Ямар ч хүн хичээвэл оёж чадна. Хүссэн хүн болгон дизайн гаргаж чадахгүйд л энэ мэргэжлийн үнэ цэнэ оршиж байдаг” гэж бичээд хүүгийнхээ төрсөн өдрийн баярын зургийг нийтэлсэн байв. Ингээд түүнтэй холбогдож ярилцлаа.

-Сайн байна уу, өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?

-Сайн сайн байна уу? Намайг Түвшинжаргалын Оюунбаяр гэдэг. Би Дизайнер мэргэжилтэй. Одоогоор гэртээ хүүгээ өсгөөд хааяа сонирхлынхоо дагуу handmade зүйлүүд хийдэг.

-Хүүгийнх нь нэг насны төрсөн өдрийн баярын зураг яах аргагүй олон хүний харааг булаажээ. Өөрөө их бүтээлч эмэгтэй юм шиг санагдлаа. Хүүгийнхээ нэг насны төрсөн өдрийг ингэж тэмдэглэнэ гэж эртнээс төлөвлөсөн байсан уу?

-Баярлалаа. Ингэж олон ээжүүдийн анхаарлыг татна гэж огт бодсонгүй. Би ер нь хүүгийнхээ төрсөн өдөр гэлтгүй бусад бүх тэмдэглэлт өдөрт их ач холбогдол өгдөг. Хайртай дотны хүмүүстээ бэлэг сонгосон ч баглаа, боодол, өнгө зохицолд нь хүртэл анхаардаг. Манай их сургууль дизайны мэдрэмжээс гадна ямарч зүйлд сэтгэлээсээ хандах, нямбай байх, жижиг деталыг ч үл тоож орхиж болохгүй гүйцэтгэл гэдэг юмыг өөрийн эрхгүй шаарддаг байсан түүний илрэл юмуу даа. Хүү бид хоёр хотод байна гэж бодоод арай өөр төлөвлөгөөтэй байсан.  Хүүтэйгээ зургаа авахуулж, асрамжийн хүүхдүүдийг баярлуулна гэж нөхөртэйгээ ярилцсан. Гэвч хөдөө байх шаардлага гараад төлөвлөгөөнд өөрчлөлт орсон /инээв/.

Амттангууд яавал илүү гоё харагдах вэ? Яаж таваглах, савлах гэх мэт жижиг зүйлд ч ач холбогдол өгдөг хүн...

-Хүүдээ дурсамж үлдээж нэг насных нь төрсөн өдрийг ийнхүү өвөрмөц тэмдэглэсэн үү?

-Төрсөн өдөр болохоос нь өмнө хүүдээ ямар дурсамж үлдээх вэ гэж бодсон. Хөдөө байгаагийнх давуу тал юу билээ, юуг яаж ашиглах вэ гэж хамгийн түрүүнд бодсон. Тэгээд энэ сайхан агаар устай, ой модтойгоо ойрхон учраас модны хаяанд ширээ засвал ямар вэ гэж бодсон боловч цаг агаарын байдлыг хараад хашаандаа санаагаа буулгахаар болсон.  Угаасаа хөдөө учраас миний төсөөлсөн зүйлүүдийг хийх хэмжээний материалын олдоц байхгүйг тооцоолоод гарын доорх материалаар хийж болох зүйлүүддээ л цагаа зарцуулсан.

-Ой модтой газар гэхээр хаанах вэ?

-Архангай аймгийн Өндөр- Улаан сум миний төрж, өссөн газар даа.

-Нөхөр нь тамирчин хүн байдаг гэлээ. Хүүдээ Дуулал гэж нэр өгсөн нь их утга учиртай санагдлаа?

-Тийм. Миний хүүг Б.Дуулал гэдэг. Аав нь тамирчин хүн бөгөөд аавынхаа хүрсэн амжилтаас илүүг гаргаж эх орныхоо нэрийг тив, дэлхийдээ цуурайтуулсан, Төрийнхөө дуулалыг олонтоо эгшиглүүлсэн мундаг тамирчин хүү болоорой гэж билэгшээж өгсөн нэр юм. Миний ханийг Өлзийсайханы Батзул гэдэг. Чөлөөт бөхийн ОУХМ, Ази тивийн аваргын мөнгөн медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин мөн үндэсний бөхийн аймгийн арслан цолтой тамирчин залуу байдаг. Энэ жил Орхон аймгийн баяр наадамд түрүүлж Аймгийн арслан цол хүртсэн. 

-Залуу хосуудын хувьд алсын зорилготой, том мөрөөдөлтэй байх. Мөрөөдлөөсөө хуваалцаач?

-Бид хоёр том мөрөөдөлтэй. Эхлээд их спорт бол залуу насны тэр тусмаа амжилт гаргахад цаг хугацаатай учраас нөхрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд нь зорилго тавиад хэн хэн маань хичээж байна.

Дараа нь би өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхэд тэр маань миний арын албанд асаалттай танк шиг зогсож байх болно.  Гэлээ ч өмнө хойно гэж орхилгүй боломж бололцоогоороо сурах, мэдэх, өсч дэвшиж аль болох хэрэгтэй гэсэн зүйлүүддээ анхаарч бага багаар шатаа ахиулж л яваа. Ямартай ч өөрсдийн мөрөөдлөө биелүүлээд олон хүн баярлуулсан сайн үйл хийж амьдрах, зөв эрүүл харилцаатай, эерэг хандлагатай, хүүхдүүд маань баяслаар дүүрэн тийм л гэр бүлийг бий болгох нь бид хоёрын зорилго.

Бүгдийг өөрийн гараар...

-Таны мод болон цаасаар, цэцэг, шилээр хийсэн зүйлсүүд яах аргагүй мэдрэмжтэйг илтгэж байна. Мөн эко бүтээгдэхүүн их харагдаж байна билээ. Энэ бол мэдээж дизайнер мэргэжлийн онцлог байх?

-Мэргэжлийн онцлог шүү. Ер нь ямарваа нэг зүйлийг хийхэд маш сайн судалдаг. Нэг санаа оллоо гэхэд түүнийг яаж улам баяжуулах вэ, яавал өөр байлгах вэ гэж байнга боддог. Хүүхдээ харангаа гэртээ байх хугацаандаа зүгээр суухыг боддоггүй зав чөлөө бүхнээ ашиглаж өөрийгөө хөгжүүлж, бүтээл урлахыг боддог.

Хүүхдийнхээ төрсөн өдрийн амтат жимс болон тарган зайрмаг, ундаа жүүс, хоол, торт гээд бүгдийг өөрөө хийсэн эко бүтээгдэхүүн.

-Түүнээс гадна төрөл бүрийн хоолыг янз бүрээр гоё урладаг бололтой?

-Гэртээ байснаас хойш хоол хийх сэдэл төрдөг болчихсон тэрнээс би нээх гоё хоол хийгээд байдаггүй байсан. Миний хийсэн хоолонд манай гэрийнхэн бол нөхөр хүүхэд маань их дуртай байдаг.

-Бас нөхөртөө тэмдэглэлт баяр болон төрсөн өдрөөр нь хийж бэлэглэсэн бялуу болон бэлэг гоё харагдлаа?

-Нөхөртөө шинэ жилээр өгч байсан бэлэг мөн төрсөн өдрөөр нь яг өөрийнх нь дэвжээн дээр барилдаж байгааг нь хийлгэсэн. Сайн харвал олимпийн таван цагираг байгаа. Мөн олимпоос медаль авахыг нь бэлэгдэж хийлгэсэн гэх мэт. Ямар ч зүйлд утга учир агуулгатай хандаж, ач холбогдол өгдөг нь миний хийсэн энэ бүхнээс харагдах байх. Нөхөртөө ямар нэгэн баяр ёслолоор яг баярынх нь уур амьсгалыг оруулсан бэлэг боож өгөх дуртай. Жишээ нь шинэ жилээр энэ боосон гацуур байрны гадаа байсан модноос унасан байсан учраас аваад чимэг оруулж хийж байлаа. Энэ мэтээс харахад эргэн тойрон дахь зүйлүүдээрээ мөнгө үрэхгүйгээр ямар нэгэн зүйлийг хийж болно гэдгийг харж болно.

Б.Дуулал хүүгийн 0-12 сар хүртэлх дурсгалт зургууд...

-Мөнгө үрэхгүйгээр гарын доорх материалаар хүссэн зүйлээ хийнэ гэдэг нь их таалагдлаа. Түүнээс гадна хүүхэддээ их хөрөнгө оруулалт хийдэг юмуу даа?

-Мөнгө хэмнэх арга зөндөө бий. Хүүхдийнхээ төрсөн өдөр, үсний найр, өөр юу ч байдгийн тэмдэглэлт өдрүүдээр нь далимдуулж, “тэдэн төгрөг цуглуулчихлаа” гээд хүүхдийг мөнгө болгож хардаг сонин сэтгэхүйтэй ээж аавууд бас байна. Хүүхэд бол бидэнд ирсэн маш том бэлэг юм шүү дээ. Тиймээс хүүхдэд нь зориулсан бүхнийг хүүхдэдээ хадгалах нь зөв. Би хүүдээ ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж, Төрийнбанкинд хадгаламж нээсэн. Сар болгон төрөөс надад цалинтай ээж хөтөлбөрийн 50000 төгрөг олгодог. Намайг ээж болгосон, энэ мөнгийг надад өгөх шалтгаан нь болсон хүүдээ зарцуул гэж өгсөн гэж бодоод яг 10 сар авалгүй байлгаж хүүдээ хадгаламж нээлгэж өгсөн. Бас хүүхдийн мөнгө нэмэгдэнэ.

-Загвар өмсдөг үү?

-Оюутан байхдаа ганц нэг удаа өмсдөг байсан. Гэхдээ мэргэжлийн загвар өмсөгч бол бишээ.

-За хийж буй бүтээлд нь амжилт хүсч, гэр бүлд нь гэгээн сайхныг хүсье ээ?

-За баярлалаа.

 

Ингээд лааны суурь. Бас бантиклана. Ширээнд өнгө нэмээд их аятайхан...

Хашаанаасаа гоё цэцэг түүцгээе...

Хүүхдүүд зориулсан ойн хүрэн бамбарууш таргаар хийсэн зайрмаг....

 

Хэрэггүй болсон тульээр фон хийв...

Ширээний чимэглэл...

Хүүдээ зориулсан хадгаламж нээлээ...

Дэлгүүрээс бор уут аваад хайчилж бичиг арилгагчаар зураад хэдэн хөөрхөн боргоцой өлгөж баяжуулав.

Суманд гоё өнгийн цааснууд байдаггүй юм байна. Хүүхдүүд зургийн хичээлд дургүй байдаг цаг одоо өнгөрсөн харин ч энэ цаг дээр жинхэнэ өрсөлдөж байх ёстой. Ямар нэг зүйл хийгээл байхад илүү их бүтээлч сэтгэлгээ төрсөөр байдаг.

Энэ модондоо их хайртай...

За энэ хайрганууд бас л хашаанд маань ярайж байсныг сайтар угаагаад өнгөлөг, өвөрмөц хэлбэртэйг нь түүгээд царраннн...

Модоор жааз урлана....

Хашаанд минь болоогүй түүхий боргоцойгоор чимэглэл хийсэн...

Төрсөн нутагтаа....

Ханьтайгаа...

Хонхны баяраараа...

Нөхөртөө хийж өгсөн шинэ жилийн бэлэг...

Тамирчин нөхөртөө хийж өгсөн гарын бялуу....

 

Төрсөн өдөр болохоос нь өмнө хүүдээ ямар дурсамж үлдээх вэ гэж бодсон. Хөдөө байгаагийнх давуу тал юу билээ, юуг яаж ашиглах вэ гэж хамгийн түрүүнд бодсон. Тэгээд энэ сайхан агаар устай, ой модтойгоо ойрхон учраас модны хаяанд ширээ засвал ямар вэ гэж бодсон боловч цаг агаарын байдлыг хараад хашаандаа санаагаа буулгахаар болсон. Угаасаа хөдөө учраас миний төсөөлсөн зүйлүүдийг хийх хэмжээний материалын олдоц байхгүйг тооцоолоод гарын доорх материалаар хийж болох зүйлүүддээ л цагаа зарцуулсан.
Ярилцлага

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.