| | USD/MNT 0₮

С.Амарсайхан: Намайг удам угсаагаар минь хятад хэмээн доромжлох явдал жил гаруй хугацаанд үргэлжилсэн

УИХ-ын гишүүн С.Амарсайхан газрын асуудлаар хэвлэлийхэнд мэдээлэл хийж байна. Тэрбээр “Сүүлийн нэг жилийн турш намайг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хятад улсын компанид 50 га газар олгож, тариаланчдын эрх ашигт ноцтой халдаж байна гэсэн үндэслэлгүй мэдээлэл тарж эхэлсэн. Миний бие 2019 оны хоёрдугаар сарын 27-ноос 2020 оны зургадугаар сарын 27-ныг хүртэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүрэгт ажлыг хашсан. Энэ хугацаанд хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд иргэд, аж ахуйн нэгжийн газрын зохицуулалттай холбоотой үйлчилгээг үзүүлэх, шийдвэр гаргаж, нийтдээ 158 газрыг нийтийн эзэмшилд авч, эхнээс нь тохижуулсан.

БНХАУ-ын ямар нэгэн компанид 50 га газрыг хөдөө аж ахуйн болон өөр бусад ямар ч зориулалтаар олгоогүй болохыг албан ёсоор мэдэгдье.

Би УИХ-ын гишүүний хувиар НЗД-ын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн газар зохион байгуулалтын газрын албаны дарга нарт хандаж миний бие хотын даргын үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа хятад иргэдэд 50 га газар олгосон эсэх асуудлаар тайлбар авсан. Намайг үүрэг гүйцэтгэж байх хугацаандаа "БНХАУ-ын иргэн эсвэл аж ахуйн нэгжид ногоо тарих зориулалтаар 50 га газар олгоогүй байна" гэсэн бичиг ирсэн.

Ер нь нийслэлээр авсан газраа зориулалтын дагуу ашиглахгүй байж байгаад нийтийн эзэмшлийн талбайд хураалгасан газрын эзэд болон зарим улс төрчдийн явуулгаар ийм мэдээлэл тархаж байгаа учраас арга буюу няцаалт хийж байна.

Намайг Хотын даргаар томилогдсон цагаас хойш хятадын эрлийз, тагнуул гэх мэтээр гүтгэдэг байсан. Иймд гомдлын дагуу шалгаж, Тагнуулын байгууллагын дөрөвдүгээр сарын 20-ны албан бичгээр хариу ирүүлсэн. Үүнд “Үндэсний архивын төв лавлагаа, Увс аймгийн Бөх мөрөн сумын 1944 оны хүн амын тооллогын баримтууд нь тагнуулын газрын тусгай архивын лавлагаа мэдээлэлтэй тохирч байна. Таны эцэг, эх ард гаралтай Дүрвэд угсааны хүмүүс байна. Таны гарал үүсэлтэй холбоотой үндэслэлгүй худал мэдээллийг тараасан гэх иргэн Ц.Батмөнх, Г.Батбаяр, Б.Даваа нарын үйлдлийг гэмт хэргийн харъяаллын дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулна уу” гэсэн бичиг ирж байсан.

Харин намайг хотын даргаар ажиллаж байх үед БНХАУ-ын олон компанийн төлөөлөл уулзаж хамтран ажиллах чиглэлээр уулздаг байсан нь үнэн. Тэгээд ч Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт тусгаснаар монголын тариаланчдыг дэмжих төсөл хөтөлбөр хэрэгждэг. Энэ хүрээнд л уулзсан. Үндэсний тариаланчдад дэмжлэг туслалцаа үзүүлэх санамж бичиг байгуулсны хүрээнд "Нийслэлд 50 га газар олгож болох боломжтой эсэхийг судалж ЗГ-т танилцуул" гэсэн үүрэг өгч байсан. Үүнийг мушгин гуйвуулж газар олгосон мэтээр мэдээлж байгаа учраас би энэхүү мэдээллийг хийж байна.

Хүлэмжийн үйл ажиллагаа эрхлэгчдийг дэмжих хүрээнд шийдвэр гаргаж байсан нь үнэн. Яам болон ХААИС энэ чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа байх.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан газрын асуудлаар хэвлэлийхэнд мэдээлэл хийж байна. Тэрбээр “Сүүлийн нэг жилийн турш намайг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа Хятадын компанид 50 га газар олгосон гэсэн ташаа мэдээлэл тарж эхэлсэн. Миний бие 2019 оны хоёрдугаар сараас 2020 оны зургадугаар сар хүртэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үүргийг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд миний бие Хятад компанид 50 га газрыг хөдөө аж ахуйн зориулалтаар огт олгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье" гэлээ.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.