| | USD/MNT 0₮

Г.Мөнхцэцэг: Залуу хүн яагаад “АЛДАРТ ЭХ”-ийн одон авч болохгүй гэж...

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай зарлигийг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу “Эхийн алдар” одонг гардуулах ёслолын үйл ажиллагааг наймдугаар сарын наймны өдрөөс эхлэн засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар зохион байгуулж байгаа.

Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ сарын 15-ны өдөр нийслэлийн Баянзүрх дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулсан билээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо гардан авсан Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн Гансүхийн Мөнхцэцэгийн Өглөөний сонинд өгсөн ярилцлагыг хүргэж байна.

“Бүсгүй уулзалтад одонгийн дээлээрээ гоёж иржээ. Бэлхүүсээ жавхайтал ороож, энгэртээ одонгоо зүүсэн харагдана. Мэнд мэдээд тэрээр танан цагаан шүдээ гялалзуулан инээмсэглэснээр түүнтэй хийх ярилцлага эхэллээ. “Өглөөний зочин”-ыг маань Гансүхийн Мөнхцэцэг гэдэг. 26 настай. Монгол Улсын №179312 дахь “Алдарт эх”. Төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс одонгоо гардаад гарч ирж байгаа түүний зураг сошиал орчинд нэлээн түгээгдсэн юм. Басхүү түүн шиг залуу “Алдарт эхчүүд”-ийн талаар нийгмийн сүлжээнд хоёр талцсан маргаан ч дэгдсэн. Тэр маргаанаас үүдэж, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны иргэн, хоёр хүү, хоёр охинтой цэл залуухан “Алдарт эх”-тэй үзэл бодол, амьдрал ахуйнх нь талаар ярилцахаар шийдсэн билээ.

-Өөрийгөө танилцуулахгүй юу?

-Би 2011 онд 85-р сургуулийг төгссөн. “Цэцээ гүн” дээд сургуулийг хүний нөөцийн менежер мэргэжлээр төгсөөд супермаркетуудад худалдааны зөвлөх хийж байлаа. Одоо гэртээ хүүхдүүдээ хардаг. Зав зайгаараа давсаар бэлэг дурсгалын зүйл хийдэг. Гэхдээ хүүхдүүд цэцэрлэг, сургуульд орох болчихоод тэр ажлаа түр зогсоочихоод байна.

-“Алдарт эх”-ийн одонгоо гардсан дурсгалт мөчөө хуваалцаач…

-Гардуулахаас хоёр хоногийн өмнө утастсан юм. “За миний дүү наймдугаар сарын 15-нд Төрийн ордонд Ерөнхийлөгчөөсөө одонгоо авах нь байна шүү, ирэх боломж байна уу” гээд. Би бүр гайхаад… Өмнө нь зурагтаар Төрийн ордонд “Алдарт эх”-ийн одонгоо авч байгаа хүмүүсийг хараад “Ямар гоё юм бэ? Ямар азтай хүмүүс нь Төрийн ордонд одон авдаг юм бол?” гэж боддог байлаа. Манай Гачууртын “Алдарт эх” болсон хүмүүс өмнө нь дүүргээсээ эсвэл  хорооноосоо одонгоо авдаг байсан. Гэтэл би азтай. Төрийн ордондоо, Ерөнхийлөгчөөсөө авсандаа их бэлгэшээгээд байгаа.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Манай хүнийг Мөнхдоржийн Эрдэнэбат гэдэг. Ус сувгийн машинист. Одоо хөдөө ажиллаж байгаа. Ам бүл зургаа. Том хүү маань одоо долоон настай. Охин 2015, бага охин 2017, отгон хүү маань 2019 онд төрсөн. Нөхөр бид хоёр дунд сургуулийн нэг ангийн хоёр. Долоодугаар ангиасаа үерхсэн. Хэн хэнийхээ анхны үерхэл, анхны хайр. 2013 онд хуримаа хийсэн.

-Үерхлийн захидлаас эхэлсэн амьдрал юм аа даа…

-Тийм ээ. “Хоёулаа үерхье, би чамд сайн болчихжээ” гэсэн утгатай захидлыг манай ангийн хүүгээр өгүүлээд. Би “маргааш хариу хэлье” гээд. Тэгээд л үерхсэн.

-Шууд зөвшөөрснийг бодоход талтай байжээ дээ…

-Манай хүн хичээлдээ сайн. Матема­тиктаа бүр мундаг. Их зохион байгуулалттай, хар бор ажилд сайн. Нүдэнд дулаахан, бүлтгэр алаг нүдтэй, томоотой хүү байсан. Илүү дутуу зан байхгүй. Тэр нь надад их таалагдсан.

-Тэгвэл чи нөхрийнхөө нүдэнд хэзээ туссан бол?

-Би багадаа зураг зурдаг, доод ангийнхаа хүүхдүүдэд бүжиг заадаг, авьяаслаг охин байсан. Тэгэхэд л анзаарч харсан байх.

-“Алдарт эх”-ийн одон гар­дуулж эхэлсэнтэй холбоо­тойгоор нийгэмд багагүй маргаан дэгдлээ. Нэг хэсэг нь “залуу эмэгтэйчүүд хар залуугаараа хүүхэд цувуулаад, ямар ч төлөвлөлтгүй” гэж шүүмжилж байна. Нөгөө хэсэг нь “зориод ирсэн үрийн заяаг гомдоож болохгүй” гэж ярьж байна. Чи энэ талаар ямар бодолтой байгаа вэ?

-Тэр маргааныг би уншсан уншсан. Яагаад бусдын амьдралыг мэдэхгүй байж, бусдад заагаад, шүүмжлээд байгаа юм бол оо гэж бодсон. Би бол хань сайтай болохоор хүүхэд олбол гаргана аа л гэж боддог. Хүүхэд өөрөө хүнсээ дагуулаад ирчихдэг гэдгийг биеэрээ мэдэрч явдаг.

Энд нэг юм хэлмээр байна. Залуу хүн яагаад “Алдарт эх”-ийн одон авч болохгүй гэж? Яагаад олон хүүхэд  гаргаж болохгүй гэж. Энэ бол хүний хувийн сонголт. Миний хувьд удахгүй 27 нас хүрнэ. Амьдралаа, хүүхдүүдийнхээ ирээдүйг маш гоёор төсөөлдөг. Хүн төрүүлсэн хүүхдээ тэжээгээд, хүмүүжүүлээд, өсгөж л чадаж байвал хэдэн хүүхэдтэй байх нь хэнд хамаа байна аа. Эхээс төрөөгүй, эрэг ганганаас унасан юм шиг алдарт ээжүүдийг ийм хатуу ширүүнээр дайрч  доромжилж болохгүй.

-Ээж болох үеийн гайхамшигт мэдрэм­жийг эргэж дурсаач?

-Анх жирэмсэн болчихоод ээждээ хэлж чаддаггүй ээ. Тэгэхэд би 20 настай оюутан, манай хүн цэрэгт байсан. Айж айж ээждээ зориг гарган хэлж байгаа юм. Манай ээж “Өө тийм үү, ямар гоё юм бэ миний охин. Эмэгтэй хүн чинь хүүхэд гаргаж, эх хүн болох гэж төрдөг юм аа. Эмэгтэй хүний амьдралын гол утга учир нь тэр. Миний охин гарга” гэж хэлсэн. Тэгээд 2013 оны тавдугаар сарын 29-нд анхны хүүгээ төрүүлж байсан. Өмнөх өдрийн 21 цагт хүргэгдэж очоод шөнөжингөө өвдөж, үүрээр амаржсан. Хэчнээн их өвдсөн ч гэсэн хүүг минь гэдсэн дээр тавихад өөрийн эрхгүй нулимс асгаруулаад, өмнөх бүх өвдөлтөө таг мартаад баярлаж байгаа юм. “Хүнээс хүн ингээд төрчихдөг юм байна даа” гэж бодсон чинь хамгийн түрүүн ээжийгээ л их хайрласан, ээждээ л их баярласан. Тэр мэдрэмжийг би мартдаггүй ээ. Ямар ч ээж мартахгүй байх.

-Нөхөр чинь ууган хүүгээ хэзээ харсан бэ?

-Манай хүн Төв аймаг дахь 119-р ангид алба хааж байсан юм. Цэргийн журам хатуу, намайг төрөхөд нөхөр маань гуйсаар байгаад 24 цагийн чөлөө авсан юм билээ. Тэгээд над дээр бүр харанхуй шөнө ирсэн. Би чинь сувилагчтайгаа, эмчтэйгээ ярьж байгаад бичиг хийлгээд шөнө гараад очсон чинь нөхөр маань хүүгээ тэврээд уйлсан. Аягүй гоё мэдрэмж. Тэр 24 цагийн чөлөө одоо хүртэл санаанаас гардаггүй шүү.

-Төрсний дараа гам хэрхэн барьсан бэ? Өөрийг чинь харахад олон төрсөн гэхээргүй жавхаалаг харагдаж байна…

-Хүмүүс намайг дөрвөн хүүхэд­тэй гэхээр итгэдэггүй юм. Энэ бол ээжийн минь л ач. Дөнгөж төрсний дараа гэдсээ зөөлхөөн баадагначихвал зүгээр юм билээ. Тэгвэл гэдэс сунахгүй. Гэхдээ хамаагүй чанга баадагнаж болохгүй. Хөхний сүү татарна.

“Чи яаж жингээ бариад, гэдсээ сунгаагүй юм бэ” гэж хүүхнүүд их асуудаг юм. Би “та нар гэдэсний таталт хий л дээ” гэдэг.  Хүмүүс их сонин, мэдсээр хэрнээ хийдэггүй. Гэдэсний таталт хийхээр гэдэс их чангарч өгдөг. Би төрсний дараа гэдсээ татаад 5-10 минут цэх суудаг байсан. Мэдээж хагалгаагаар төрсөн хүмүүст хэцүү л байх.

Ер нь чих рүүгээ салхи оруулахгүй, толгойн орой битүү байх, даарч хөрөхгүй гээд гамаа сайн барьчихвал хожим дахиад төрөхөд хэрэгтэй. Дээр нь нөхөр хайртай, халамжтай, орон гэртээ амгалан тайван байхад болно доо.

-Цаашдаа гэр бүл төлөв­лөлтийн хувьд та хоёрт ярьсан зүйл юу байна?

-Хүмүүс олон хүүхэдтэй залуу гэр бүлүүдийг жирэмслэлтээс хамгаалах арга энэ тэр юу ч мэдэхгүй явж байгаад л баахан хүүхэд төрүүлээд байгаа юм шиг ойлгодог. Угтаа тийм юм гэж байхгүй шүү дээ. Бидэнд өөрийн гэсэн бодол, амьдралын төлөвлөгөө бий. Мэдээж хүүхэдтэй болох уу, яах вэ гэдгээ бид хоёр ярилцсан, төлөвлөсөн, залуу дээрээ хүүхэд гаргаад өсгөөд явъя гээд шийдсэн. Одоо 37-ны жил дээрээ л дараагийн хүүхдээ төлөвлөе гээд ярьсан.

-Залуу ээжүүддээ юу гэж зөвлөмөөр байдаг вэ?

-Ер нь эрүүл байж эрүүл хүүхэд төрүүлнэ. Тиймээс өөрийгөө их гамнаж, эрүүл байх хэрэгтэй.

Жирэмсний эхний гурван сардаа фолийн хүчил уувал ургийн хөгжилд их сайн.

Төрүүлсний дараа эрэгтэй, эмэгтэй хүүх­дийн асаргаа, арчилгаа тэс өөр. Охин хүүхэд цаанаа л энхрий. Охиноо төрүүлчихээд умдагнаас нь цагаан юм гарахаар би айгаад эмч дуудаж байсан. Өмнө нь хүүтэй байсан болохоор мэдэхгүй байхгүй юу. Тэгсэн эмч ирээд “Угаасаа тэгдэг юм аа” гээд тайлбарлахад тайвширч байгаа юм.

Мартсанаас, дүүтэй болоод хүүхэд их хямардаг юм билээ. Бага охин маань уйлаад, мөөмөө булаалдаад “энийг цаашаа ав” гэж дүүдээ уурлаж байсан. Том хүү маань бас шоконд ороод, хоол идэхээ больж байсан. Тиймээс залуу эцэг эхчүүд энэ талаар анхаарах ёстой юм билээ. Ажаад байхад манайхан том хүүхдээ “дүүдээ өг, дүүгээ хар” гэдэг. Тэр бол буруу гэж би боддог. Би том хүүгээ эрхлүүлдэг. Ер нь эрхлүүлэх үедээ эрхлүүлнэ, буруу юм хийвэл зэмлэнэ.

-Чи эрүүл байхын тулд өөрийгөө яаж анхаардаг вэ?

-Аль болох амьдралын буруу хэвш­лүүдээс татгалздаг. Хүүхдүүдээ амарч унтсан цагт нь дагаж амардаг. Архи, тамхи хэрэглэдэггүй.

-Хүүхэн хүн айлд хүндтэй очно гэдэг сайхан. Хуримын мөчөөс чинь хамгийн сайхан нь юу байдаг вэ?

-Хүний ёсоор хүндэтгүүлэн гуйлгаж хүнд очно гэдэг бас л сонин мэдрэмж шүү. Хадмууд маань Өвөрхангайн улс. Манай аав Төв аймгийнх, ээж Завханых. Хүүг гэдсэнд байхад намайг гуйсан юм. Тэгэхэд манай аав байсан. “Тэртэй тэргүй та хоёр гэр бүл болно, үр хүүхэдтэй ч болчихлоо. Их хүндрүүлж худуудаа зүдрээхгүй ээ” гэж байсан. Сүүлд мэдсэн чинь “Жирэмсэн байхад нь гуйлгүй, хүүхэд гарсны дараа гуйвал хоёр удаа гуйх ёстой” гэж зарим хүмүүс ярьдаг юм байна билээ.

Тэгээд бид хоёр хуримаа хий­гээд, төрийн ёсоор өрхөө тусгаарласан.

Галаа асаагаад, цайгаа чанах их гоё байсан. Монгол ёсонд шинэ бэрийг өөрийн хүн болгож авсныг бэлгэдэж, дээлийн хормой дээр нь алх тавьдаг юм билээ. Би мэдэхгүй гайхаад, “юун алх тавиад байгаа юм бол. Энэ алхаа авахгүй юм уу?” гээд асууснаа санахаар инээд хүрдэг.

-Танайх гэдэг айлын нэг өдрийг зураглавал…

-Манай хүүхдүүд өглөө яг зургаан цагт сэрдэг. Тэгээд сургачихсан. “Ээж ээ шээлээ, ээж ээ ингэлээ, ээж ээ ам цангаад байна” гээд шулганалдаж өгнө дөө. Том ах нь босоод ороо хураана. Дараа нь шүдээ угаахдаа дүү нарынхаа сойзон дээр оо түрхэж өгчихөөд, ар араасаа шүдээ угаана. Тэгээд цай ундаа уугаад, тоглоно.

Тоглож тоглож өдөр хоолоо иднэ, үдээс хойш ахиад цай, боорцог талх иднэ. Тэгээд оройны хоолоо иднэ. Долоо хоногтоо нэг усанд оруулна, угаалга хийнэ.

Манай хүү заримдаа хичээлээ хийгээд, заримдаа дүү нартайгаа тоглоод л өнждөг. Өөрөө ороо хураана, хогоо шүүрдэнэ, хааяа “Та нар битгий шуугилдаарай, ээж ядарч байгаа шүү” гэнэ.

Манай хүүхдүүд утас ерөөсөө оролд­доггүй. Утас нэхдэггүй. Анхнаас нь тэгж сургасан. Зурагт бараг үздэггүй. Хааяа л ганц цаг хүүхэлдэйн кино үзнэ. Нэг хэсэг теле хичээлүүд гарсан даа. Тэрийг үздэг байсан. Бусад цагт хоорондоо л тоглоно. Будагдана, элсэн дээр тоглоно, нуугдаж тоглоно. Яаж ийж байгаад ая эвээ олоод тоглоод байгаа юм. Манай хашаанд хавь ойрын хүүхдүүд шавна, нэг харахад л найм есөн хүүхэд болчихсон байдаг.

Манай хүүхдүүд орой унтах­даа бүг­дээрээ хувцсаа эвхэж унтдаг. Том хүү минь их цэгцтэй. Өөрийнхөө хувцсыг эвхэж хийчихээд л “хувцсаа эвхээрэй” гээд дүү нарынхаа хувцсыг эвхэж хийлгэнэ. Хүн чихэр бэлэг өгөхөөр “битгий нэг дор идээрэй, шүд өвдөнө, одоо хадгалчих, маргааш гэж өдөр байдаг шүү” гэж хэлдэг.  Хүүхэд ухаан байхад багадахгүй ээ, хоёр ой, гурван ой хүрээд л тусад орно. Тэгэхээр олон хүүхэд өсгөнө гэж түүртэх хэрэггүй.

-Энэ бүхэн аав ээжийн чинь хүмүүжил үү?

-Манай аав эхээс 13-уулаа. Манай ээж эхээс зургуулаа. Ер нь өнөр өтгөн өссөн дөө. Малтай байсан болохоор эрт босно. Аав ээж минь “хамгийн чухал нь эрдэм ном, сурч боловсрох хэрэгтэй,  залуу хүүхдүүд эрт бос. Ажилтай бай, зүгээр битгий суу. Хүнд тусархуу бай. Хүнтэй зөв харьц. Өөрөөсөө ах ч бай, дүү ч бай хүнтэй хүндэлж харьц” гэж хүмүүжүүлсэн.

-Хүүхдүүдээ яаж хөгжүүлдэг вэ?

-Дуу, шүлэг, түргэн хэллэг зааж өгдөг. Хааяа зүйр цэцэн үг хэлнэ. Манай том охин хэлний авьяастай байх, нэг харахад л ганцаараа суучихсан англиар ч юм уу гадаад хэлээр юм яриад сууж байдаг. Хэн ч зааж өгсөн юм бүү мэд. Манай том хүү зурах дуртай. “Ээж ээ намайг тийм юманд сургаад өгөөч” л гэнэ. Манай бага охин дуулаад л, дүүгээ “ховлоод” л “ээж ээ дүү ингэж байна, одоо тэгж байна” гээд явдаг.

-Хүүхдүүдийнхээ ирээдүйг яаж харж байна?

-Эхлээд сургууль, цэцэрлэг л ярьж байгаа. Хүүхдүүд томрох тусам хэрэглээ ихэснэ, сургуульд орно, дээд сургуульд орно гээд бодох юм их. Хуримтлалын тухайд бодсон юм бий, одоохондоо ганц хүний цалингаар арай л амжихгүй байна.

-Санхүүгийн асуудлаа яаж шийдэж байна?

-Олон хүүхэдтэй болохоор хэрэглээ өндөр. Ганц хүний цалинг хүргэнэ гэдэг чанга. Амьжиргаандаа нэмэрлэх гээд би давсан урлал хийдэг. Хоёр хүн зэрэг ажиллахаар шал өөр юм билээ.

Манай хүн чинь улирлын ажилтай. Хавраас намар хүртэл ажиллана. Өвөлдөө би ажиллана. Гэхдээ болгоод байдаг юм аа. Хамгийн хэцүү нь хүүхэд өвдөх.

-“Хүүхдээ хараад гэртээ сууж байж өвтгөчихлөө” гэж ээжүүдийг нь буруутгах хандлага их байдаг юм байна билээ. Ийм үгийг сонсож байсан уу?

-Миний хувьд тийм үг сонсож байгаагүй ээ. Тэр чинь ээжийн буруу биш шүү дээ. Хааяа хүүхдүүд үгэнд ордоггүй, бороо орохоор гүйж гарч тоглоно. Тэгээд өвдчихнө. Хүүхэд өвдөх хэцүү хэцүү. Ер нь вакциныг нь цаг тухайд нь алдахгүй л хийлгэх хэрэгтэй. Дээрээс нь шим тэжээлтэй хоол өгч, болж өгвөл  витамин уулга. Д амин дэм хамгийн чухал гэж боддог. Өөрийгөө бас хаяж болохгүй. эхчүүд бид эрүүл байж хүүхэд маань эрүүл байна. Надаас өөр миний хүүхдүүдийг харах хүн байхгүй шүү дээ.

Тиймээс хааяа өвдвөл даруйхан эмч дуудаж үзүүлээд, авах ёстой арга хэмжээгээ авна. Ер нь эх хүн эрхлэн шулганах хүүхдүүдээ хараад гайгүй болчихдог доо.

-Өөрөө “Алдарт эхчүүд”-ийн пэйж группийн гишүүн юм байна. Хэрвээ турш­лагаасаа хуваалцаач гэвэл юу хэлэх вэ?

-Хүн шөнө л унтаж амрах ёстой.  Тиймээс хүүхдээ эрт л унтуулж байгаарай. Бас шингэн юм сайн уулгаарай.

Хүүхэд загнаж биш эвээр хэлэхээр их ойлгодог. “Алив чи тэрийг тэг” гэвэл хийхгүй. “Миний охин мундаг шүү, тэрийг тэгээрэй” гэхээр хийдэг.

Хүүхдийнхээ дэргэд үг сөрж болохгүй. Мэдээж айл л юм чинь санал зөрөх үе гарна. Тэр үед би “Хоёулаа гарч ярья. Угаасаа буцаад эвлэрэхээс хойш маргалдаад яах вэ. Эвээр ярья” гээд л эвлэрчихдэг.

-Танайх гэдэг айлын уламжлал гэвэл юу байна?

-Бид баяр болгоныг гэр бүлээрээ тэмдэг­лэх дуртай. Хадам эгч, хүргэн ах, гэр бүлээрээ нийлээд Хүүхдийн баяраа, Шинэ жилээ тэмдэглэнэ. Гэхдээ архи дарс уудаггүй. Хоорондоо юм яриад тоглож өнжинө. Хүүхдүүдээ л харж баясдаг юм даа.

-“Алдарт эх” болсноор хамгийн их өөрчлөгдсөн зүйл чинь юу байна?

-Арай илүү ухаантай, юм ойлгодог болсон юм шиг. Нөхрөө улам хайрлаж байна. “Миний нөхөр амьдралаа авч явахын төлөө, үр хүүхдээ тэжээхийн төлөө ингэж зүтгээд явж байгаа болохоос ямар зарим хүмүүс шиг тэнээд яваад байгаа биш” гэж бодохоор улам их хайр төрдөг.

-Ярилцлагын төгсгөлд хайр­тай хүмүүстээ юу гэж хэлэх вэ?

-“Халамжтай, сайн ханьдаа баярлаж явдаг. Чамтайгаа учирсан би азтай. Чи минь ховор сайн хань шүү” гэж хэлье дээ. Хамгийн их баярлаж байгаа хүн минь манай ээж. Ээж минь та намайг төрүүлээгүй бол охин нь ийм сайхан бүхнийг үзэхгүй шүү дээ. Ухаантай, түшигтэй, сайхан ээжтэй би их хувь заяатай. Та минь урт насалж, үр хүүхэд биднийг түшиж яваарай.

Залуухан “Алдарт эх”-тэй хийсэн ярилц­лага минь түүний баяр хөөр, ирээдүйн гайхалтай төсөөллөөр өндөрлөлөө. Г.Мөнх­цэцэг маань бүжгийн авьяасаа хөгжүүлж, сурч төгссөн 85-р сургуулийнхаа хөөрхөн багачуудад бүжиг заах хүсэлтэй гэсэн. М.Эрдэнэбат, Г.Мөнхцэцэг хоёрт бодсон, төлөвлөсөн зүйл их бий. Юун түрүүн М.Эрдэнэбатыг ирэхээр “Алдарт эх”-ийн одонгийн найраа хийнэ. Зорилго, тэмүүлэл байхад бүх зүйл гэрэлтэн бүтдэг дээ.

Эх сурвалж:Өглөөний сонин

Гардуулахаас хоёр хоногийн өмнө утастсан юм. “За миний дүү наймдугаар сарын 15-нд Төрийн ордонд Ерөнхийлөгчөөсөө одонгоо авах нь байна шүү, ирэх боломж байна уу” гээд. Би бүр гайхаад… Өмнө нь зурагтаар Төрийн ордонд “Алдарт эх”-ийн одонгоо авч байгаа хүмүүсийг хараад “Ямар гоё юм бэ? Ямар азтай хүмүүс нь Төрийн ордонд одон авдаг юм бол?” гэж боддог байлаа. Манай Гачууртын “Алдарт эх” болсон хүмүүс өмнө нь дүүргээсээ эсвэл хорооноосоо одонгоо авдаг байсан. Гэтэл би азтай. Төрийн ордондоо, Ерөнхийлөгчөөсөө авсандаа их бэлгэшээгээд байгаа.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.