| | USD/MNT 0₮

Ж.Батбаясгалан: Сайжруулсан түлшний шинжилгээний хариу хэвийн гэж гарлаа, өмнө нь ч тэгж гарч байсан

Сайжруулсан түлшнээс болж иргэд угаартаж, дөрвөн хүн нас барсан гэх мэдээлэл гарсан. Үүнтэй холбоотойгоор сайжруулсан түлшнээс дээж авч, лабораторид шинжлүүлсэн бөгөөд хариу нь гарсан байна. Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар мэдээлэл хийлээ. 

Мэдээллийн эхэнд Нийслэлийн онцгой комиссын орлогч дарга Ж.Батбаясгалан "Энэ сарын 5-6-нд шилжих шөнө шуурхай ажлын хэсэг байгуулан ажилласан. Ажлын хэсэг 23 цэгээс дээж авч лабораторид шинжлүүлсэн. Мөн түлшний барьцалдуулагч бодисыг гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр өгсөн. Гурван газрын дүгнэлт гарсан" гэв.

Уг  үзүүлэлтүүдийг нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэлэхдээ "Өнөөдөр өглөө Нийслэлийн Засаг даргын шуурхай хуралдсан.  Нийслэлийн төр захиргааны байгууллагуудын албан хаагчид хуваарийн дагуу иргэдэд зөв, бодит мэдээллийг хүргэх, энэ түлшийг хэрхэн хэрэглэх талаар  зөвлөмжийг өгөх ажил өрнөж байна. Үнслэг нь 29 буюу түүнээс бага байх ёстой. Тэгвэл шинжилгээгээр 23-24 гарсан.  Дэгдэмхий чанар нь стандартын үзүүлэлт 22 түүнээс бага байх ёстой.  Шинжилгээгээр 18.9-20.3-ын хооронд хэлбэлж гарсан.  Хүхэр нь нэг буюу түүнээс бага байх ёстой. Тэгвэл 0.95-1.04 гарсан. Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны иргэний хэрэглэсэн түлшнээс бага зэрэг илүү хүхэртэй гарлаа.  Илчлэг нь 6000-аас дээш байх ёстой, хэвийн гарсан. Геологийн төв лабораторийн шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлт гаргана хэмээлээ.

Мөн угаарын хийнд хордсон айл өрхийн хэрэглэсэн сайжруулсан түлшнээс дээж авч, АМГТГ-ын лабораторид шинжлүүлсэн байна. Зөвхөн айл өрхийн хэрэглэж байгаа түлш төдийгүй “Тавантолгой түлш”-ийн хоёр үйлдвэрийн нунтаг түлшнээс дээж авч, шинжлүүлсэн гэв. Нүүрс нь ямар байна, боловсруулж гаргасны дараа ямар болов гэдгийг харьцуулах үүднээс давхар дээж авчээ. Ингээд үзэхэд, бүгд стандартын шаардлага хангаж гарсан. Гаалийн төв лабораторид бид цардуулыг шинжлүүлэх хүсэлт өгсөн. Өчигдөр шинжилгээний хариу ирсэн. “Танай газраас 2019 оны аравдугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн бүтээгдэхүүнд шинжилгээ хийхэд, уг бодис нь цардуул болох шаварлаг эрдэс агуулж байна”  гэсэн хариу ирүүлсэн гэдэг мэдээллийг өглөө.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуусан асуултад Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хариуллаа.

-Хүмүүс юунаас болж амь насаа алдсан талаар дүгнэлт гарсан юм уу?

-Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явж байгаа учраас цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл өгнө. Шүүхийн шинжилгээний албанаас дүгнэлт гарах ёстой.

-Шахмал түлшийг хэрэглэж болох уу, болохгүй юу?

-Монгол Улсад мөрдөж байгаа, шинэчлэн баталсан стандартад нийцсэн гэсэн хариу гарсан. Өмнө нь ч тэгж гарсан, сая ч стандартаас зөрсөнгүй.

Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.