| | USD/MNT 0₮

М.Алтанцэцэг:Анги дүүргэлтийн стандартаа барьж хичээллэх анхны жил болж байна

2020-2021 оны хичээлийн шинэ жилийн цэцэрлэгийн бүртгэл өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд үргэлжлэх юм. Цэцэрлэгийн бүртгэл болон хэрхэн хичээллэх талаар Чингэлтэй дүүргийн Тэргүүний 74 дүгээр цэцэрлэгийн Арга зүйч М.Алтанцэцэгтэй ярилцлаа.

-Таван настнуудын шинэ элсэлтийн бүртгэл хэднийг хүртэл үргэлжлэх вэ?

-Цэцэрлэгт шинээр элсэх хүүхдүүдийг буюу таван настнуудыг наймдугаар сарын 17-21-ний өдрүүдэд, хуучин бүртгэлтэй байсан хүүхдүүдийг наймдугаар сарын 24-28-ны өдрүүдэд харьяа цэцэрлэг дээр нь бүртгэхээр товлосон байгаа.

-Танай цэцэрлэг энэ жил хичнээн хүүхдийг шинээр элсүүлэх төлөвтэй байна?

-Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгт шинээр элсэн орох хоёр настай хүүхдүүдийг гэрээр асран хамгаалж, хөгжүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөсөн. Харин цэцэрлэгийн хүчин чадлаас хамааран 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, харин таван настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор цэцэрлэгт бүрэн хамруулах шийдвэр гаргасан.

Энэ дагуу цэцэрлэгүүд хоёр настнуудыг шинээр бүртгэхгүй тул таван настнуудыг шинээр бүртгэж байгаа. Тиймээс манай цэцэрлэг энэ жил шинээр 25 хүүхдийн бүртгэл хийхээр ажиллаж байна. Учир нь нэг ангид 20-25 хүүхэд байхаар шийдвэрлэсэн учир хуучин бүртгэлтэй байсан хүүхдүүдээ бусад бүлэгрүү шилжүүлэх байдлаар анги дүүргэлтээ хийгээд хичээллэх юм.

-74 дүгээр цэцэрлэгийн хувьд хичнээн бүлэгтэй вэ? Мөн өргөтгөл нь хэзээ ашиглалтанд оров?

-Манай цэцэрлэг Чингэлтэй дүүргийн VI хорооны хүүхдүүдээ бүртгэдэг. Нийтдээ 12 бүлэгтэй. Энэ жилийн хичээлийн жилд гурав, дөрвөн настнуудын 2, 2 бүлэг, мөн таван настнуудын зургаан бүлэг тус тус хичээллэнэ.

Өргөтгөлийн хувьд өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтандаа ороод үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Тиймээс энэ жил хүүхдүүдээ авахад хүндрэл байхгүй гэж хэлж болно. Мөн хүчин чадлын хувьд ч хэвийн байх төлөвтэй байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд нэг ангид 40-45 хүүхэд сургадаг байсан бол энэ жил хоёр настнуудыг авахгүйн дээр 3,4 настнуудын шинэ элсэлт авахгүй байгаа учраас стандарт, нормоо бариад анх удаагаа хичээллэх боломжтой болж байгаа юм.

-Одоогоор шинэ элсэлтийн бүртгэлээ хэрхэн хийж байна, хичнээн хүүхэд бүртгэлд хамрагдав?

-Яг одоогийн байдлаар гэвэл цөөхөн хүүхэд бүртгэлд хамрагдсан байна. Өмнө жилүүдэд хоёр настнуудыг шинээр бүртгэдэг байсан болохоор ачаалал болон бүртгэл эрчимтэй явагддаг байсан. Энэ жил бүх насанд шинэ элсэлт авахгүй байгаа тул харьцангуй бага байна гэж хэлж болохоор байна. Мөн манай зургаадугаар хорооны цэцэрлэгийн насны хүүхдүүдийг 108 дугаар цэцэрлэг мөн хамруулдаг. Тиймээс шинэ элсэлт бага байх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн хичээлийн жилд таван настнууд маань бүгд хамрагдсан байсантай холбоотой байж болох юм.

-Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлаа хэрхэн хангаж байна. Халдваргүйжүүлэлтээ хэзээнээс хийх вэ?

-Өнөөдрөөс эхлэн багш нар маань ажилдаа орж байгаа. Одоогоор хуучин барилгынхаа цонхыг янзлах арга хэмжээ авч ажиллаж байна. Ингээд цонхоо бүрэн гүйцэд янзалж дуусвал ангиудаа бэлэн болгоод халдваргүйжүүлэлтээ хийх төлөвтэй байгаа. Тодруулбал энэ долоо хоногийн баасан гараг буюу 08 дугаар сарын 21-ны өдрөөс эхлэх боломжтой.

-Коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн энэ хичээлийн жил эрсдэл өндөртэй байгаа. Тийм учраас эцэг эхчүүддээ зөвлөмж, зөвлөгөө өгч байна уу?

-Мэдээж хэрэг эцэг эхчүүдэд халдвараас хэрхэн хамгаалах, ариутгал хэрхэн хийх, хүүхдийнхээ хувийн ариун цэврийг хэрхэн хангах талаар гарын авлагуудыг тараасан байгаа. Мөн Ковид-19-ын талаарх мэдээ мэдээллийг зохих журмын дагуу анги болгоны фэйсбүүк группүүдэд нь ангийн багш нар тавьж байгаа.

-Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэрхэн явагдах вэ?

-Цэцэрлэгийн орчин бол өөрөө эрүүл, аюулгүй, цэвэр байдаг. Мөн дээр нь манай цэцэрлэгийн хувьд ихэнх анги нь өөрөө орж гарах хаалгатай байдаг тул хүүхдүүдээ анги ангийн хаалгаар нь оруулах боломжтой. Энэ нь нэг талаараа хэт бөөгнөрөл, ачаалал үүсгэхгүйн дээр аюулгүй байдлыг ч мөн хангаж байгаа гэж хэлж болно. Гэхдээ хоёр давхрын ангиуд нь дээшээ гарах учир төв хаалгаараа орно. Мөн өглөө багш нар маань хүүхдүүдээ хүлээж авахдаа бүх хүүхдийн халууныг нь үзэх байдлаар хичээллүүлэхээр төлөвлөсөн.

Харин сургалтын хувьд өмнө жилүүдэд хэрхэн явагддаг байсан тэр зарчмаараа явагдах бөгөөд өглөөний 08 цагаас оройн 18 цаг хүртэлх хугацаанд бүтэн цагаар хичээллэнэ. Ерөнхийдөө эрүүл ахуй болон эрүүл мэнд талруугаа илүү их чиглэж ажиллах жил байх болов уу.

Т.Алтанзагас

Өргөтгөлийн хувьд өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтандаа ороод үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан. Тиймээс энэ жил хүүхдүүдээ авахад хүндрэл байхгүй гэж хэлж болно. Мөн хүчин чадлын хувьд ч хэвийн байх төлөвтэй байна. Учир нь өнгөрсөн жилүүдэд нэг ангид 40-45 хүүхэд сургадаг байсан бол энэ жил хоёр настнуудыг авахгүйн дээр 3,4 настнуудын шинэ элсэлт авахгүй байгаа учраас стандарт, нормоо бариад анх удаагаа хичээллэх боломжтой болж байгаа юм.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.