| | USD/MNT 0₮

Ховдод тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан иргэнтэй нэгдүгээр хавьталд орсон 73 хүнийг тусгаарлажээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор хэвтэн эмчлүүлж байсан Буянт сумын иргэн Б нь 2020 оны наймдугаар сарын 11-ний өдөр нас барсан байна. Одоогоор тус иргэний PCR, нян илрүүлэх шинжилгээний хариу албан ёсоор гараагүй, лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа юм.

Аймгийн Онцгой комиссын хурлаар тус иргэний 1 болон 2-р хавьтагч нарыг илрүүлж, 1-р хавьтагч нарыг тусгаарлах болон бусад холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосон. Үүний дагуу 1 дүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, урьдчилан сэргийлэх эмчилгээнд хамруулж байна. Тусгаарлагдсан иргэдийн биеийн байдал хэвийн, эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй байгаа юм. Мөн аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, ЗӨСТ-өөс Жаргалант сумын 4 чиглэлд хамтарсан хяналт шалгалтын пост ажиллуулж байна.

Өнөөдөр аймгийн Онцгой комисс дахин хуралдаж, сэжигтэй тохиолдлын 1-р хавьтлын хүмүүсийг дахин хянаж тогтоох, Жаргалант суман дахь постуудын хяналт шалгалтыг улам чангатгаж ажиллахыг холбогдох албанынханд үүрэг болголоо.

Мөн мэргэжлийн байгууллагуудаас гоц халдварт тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард иргэд та бүхнийг тарвага агнахгүй, түүхий эд бүтээгдэхүүнийг нь хэрэглэхгүй, зөөвөрлөн, тээвэрлэж худалдаалахгүй байхыг онцгой анхааруулж байна.

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэйгээр нас барсан иргэний нэгдүгээр хавьтлын 73 хүнийг тусгаарлаж, эмчилгээнд хамруулжээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.