| | USD/MNT 0₮

Цар тахлын үед Азийн хөгжлийн банкнаас манай улсад 159 сая ам.долларын тусламж үзүүлээд байна

2020 оны нэгдүгээр сараас эхлэн дэлхий нийт коронавирус гэгч шинэ төрлийн цар тахалд нэрвэгдэж, дэлхийн эдийн засаг элгээрээ хэвтсэн. Тухайлбал, экспортлогч орнууд хилээ хааснаас болж, газрын тос, түүхий эдийн үнэ огцом унасан. Энэхүү уналт манай орныг ч мөн дайраад өнгөрсөн. Иймд Монгол Улсын Засгийн газраас ард иргэдийнхээ амьжиргаа болон бизнес эрхлэгч, аж ахуйн нэгжүүдийг дэмжихийн тулд эдийн засгийн багц арга хэмжээг авч хэрэгжүүлж буй.

Гэсэн ч сүүлийн хоёр сарын хугацаанд ам.доллартай тэнцэх төгрөгийн ханш огцом унасаар, валютын зах дээр 2851-2853 төгрөгт хүрээд байгаа юм. Иймд Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагууд эдийн засаг нь хүнд нөхцөлд ороод буй хөгжингүй улсуудад тусламж үзүүлсээр байна.

Жишээлбэл, Азийн хөгжлийн банк нь энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр цар тахлын эрүүл мэндийн салбар болон эдийн засагт үзүүлж буй ноцтой сөрөг нөлөөг бууруулах зорилгоор Монгол Улсын Засгийн газарт 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгосон. Энэхүү зээлийг АХБ-ны Мөчлөг Сөрсөн Дэмжлэг Үзүүлэх Хэрэгслийн хүрээнд санхүүжүүлэх юм.

Монгол Улсад үзүүлэх тусламж, дэмжлэгийн талаарх хэлэлцүүлгүүд АХБ-ны нэгдсэн санхүүжилтийн багцыг албан ёсоор батлахаас ч урьдаж эхэлсэн билээ. Энэ талаар АХБ-ны Нийтийн менежмент, санхүү, бүс нутгийн хамтын ажиллагааны газрын Захирал Эмма Фан онцлохдоо “АХБ нь Монгол Улсад COVID-19 цар тахлын үзүүлж буй сөрөг нөлөөг бууруулахад чиглэсэн арга хэмжээг шуурхайлахын тулд бүхий л нөөц боломж, удирдлагын арга барил, бизнес процессын шийдлүүдийг дайчлан ажилласан” хэмээн дурдлаа.

АХБ-ны энэхүү дэмжлэгээр МСХСХ-ийн хүрээнд Хүүхдийн Мөнгө Хөтөлбөрийн санхүүжилт нэмэгдэж, хувийн хэвшлийн ажиллагсад дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 6 сарын турш хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөгдөж байгаа нь ажлаа алдах эрсдэлтэй болсон ажиллагсдыг онилсон арга хэмжээ болж байгаа юм. Уг арга хэмжээний үр нөлөөг хүртэх нийт иргэдийн 45-аас доошгүй хувь нь эмэгтэйчүүд байх бөгөөд ажлын байрыг хамгаалах зорилгоор бичил, жижиг, дунд бизнесүүд, тэдгээрийн дотор гадаад худалдаа эрхэлдэг, нэн чухал хүнс, эмнэлгийн хэрэгсэл импортлогч аж ахуйн нэгжүүдийг АХБ-ны санхүүжилтийн хүрээнд дэмжих аж.

Цар тахлын эсрэг дээрх дурдсан арга хэмжээнүүд амжилттай хэрэгжсээр байгаа хэдий ч Засгийн газрын тооцоолж буйгаар хүн амын 20 хувь нь эрүүл мэндийн ноцтой эрсдэлд өртөх аюултай хэвээр байгаа бөгөөд эдгээр бүлэгт голчлон ядуу, эмзэг бүлгийнхэн багтаж байна. Мөн халдвар тархсан улс орнуудад оршин суугаа 10,500 гаруй Монгол иргэд эх нутагтаа ирэх хүсэлтээ гарган хүлээж байгаа бөгөөд тэдгээр иргэдийн халдвар авсан байх эрсдэл ч мөн өндөр байгаа юм. Гэтэл халдварыг оношлох болоод шаардлагатай эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх тоног төхөөрөмж, хүн хүчний дутагдал байсаар байна.

Шуурхай Арга Хэмжээний Хөтөлбөрөөс өмнө АХБ цар тахал дэгдэж эхэлсэн цагаас эхлэн Монгол Улсад хэд хэдэн төрлийн багц дэмжлэг үзүүлсэн. Тухайлбал, одоо хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн санхүүжилтээс нэн хэрэгцээтэй эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг худалдан авахад зориулж 1.4 сая ам.долларыг энэ оны хоёрдугаар сард дахин хуваарилахын сацуу эрүүл мэндийн салбарт онцгой байдлын үед хариу арга хэмжээ авах тогтолцоог сайжруулах техник туслалцааны төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслээр хангах болон бусад шаардлагатай дэмжлэгт зориулан Ази Номхон далайн гамшгийн хор уршгийг арилгах сангаас 1 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгохоор болсон. Уг буцалтгүй тусламжийн хүрээнд энэ оны хоёроос дөрөвдүгээр сарын хооронд зөөврийн рентген аппарат, амьсгалын аппарат, тариа, дуслын автомат шахуурга, хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат зэрэг амьсгалын замын өвчний оношилгоо, эмчилгээний зориулалттай нийт 570 эмнэлгийн тоног төхөөрөмжийг орон даяар үйл ажиллагаагаа явуулж буй 34 эмнэлэгт гардуулан өгсөн. Мөн хилийн боомтуудад ажиллаж байгаа 700 гаруй гаалийн албан хаагчдад зориулан нэн шаардлагатай хамгааллын хувцас, хэрэгслүүдийг олгоод байна.

Түүнчлэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний хяналт тандалтыг хэрэгжүүлэх үндэсний чадавхи, тогтолцоог дэмжих 225 мянган ам.долларын техник туслалцааны төслийг баталсан тухай 3 дугаар сарын 18-ны өдөр АХБ нийтэд мэдээлсэн билээ.

Үүний дараачаар тавдугаар сарын 7-нд цар тахлын эсрэг бэлэн байдал болон хариу арга хэмжээг дэмжих зорилгоор “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр”-5 төслийн хүрээнд 30 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг тус тус олгохоор шийдвэрлээд байгаа билээ.

Цар тахлын энэхүү хүнд цаг үед АХБ-наас Монгол Улсад үзүүлэх тусламж, дэмжлэгийн хүрээ үүгээр хязгаарлагдахгүй. Тухайлбал, COVID-19 цар тахлын эсрэг АХБ-ны санхүүжилтийн багцад нэн хөнгөлөлттэй 26.4 сая ам.долларын “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг зургадугаар сарын 19-ний өдөр АХБ-ны Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж батлуулаад байна. Энэхүү төслийн санхүүжилтээр “Хүнсний эрхийн бичиг” болон “Хүүхдийн мөнгө” хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм. Мөн АХБ нь энэ оны сүүлээр шинэ Засгийн газартай хамтран ажиллаж, цар тахлын эсрэг арга хэмжээг санхүүүжүүлэх хоёрдугаар ээлжийн санхүүжилтээ батлахаар төлөвлөж байна.

Цар тахлын үед Азийн хөгжлийн банкнаас манай улсад 159 сая ам.долларын тусламж үзүүлээд байна
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.