| | USD/MNT 0₮

60 тэрбумаар Ц.Сандуй, хүчингийн хэргээр Д.Гантулга явлаа, одоо ЖДҮ-чдэд ял оноохыг харъя

Албаны эрх мэдлээ хувьдаа ашиглаж хулгай, дээрэм хийдэг тонуулчид, хууль бус үйлдэл хийдэг цагаан захтай гэмт хэрэгтнүүдэд төр төмөр нүүрээ харуулж эхэллээ. Удаан хугацаанд шалгагдаж байгаа эрүүгийн хавтаст хэргүүд эхнээсээ шүүхээр шийдэгдэж байгааг харахад шударга шүүх, шүүгчтэй юмуу даа гэж баярламаар санагдав.

Хулгай хийсэн, хууль бус үйлдэл гаргасан хэнбугайд ч Монгол Улсын хууль, дүрэм үйлчилдэг байх ёстой.

Гэтэл албан тушаал болон танил тал, эд хөрөнгө, мөнгө төгрөгөөрөө далайлгаж, хууль бус үйлдлээ хаацайлж хамгаалж, ял завшдаг албан тушаалтнууд олон бий. Тэд хуулийн цоорхойг ашиглаж, хөөн хэлэлцэх нэрийн дор хэргээ хэрэгсэхгүй болгуулдаг. Жишээлбэл, гишүүн асан Д.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болгосон байгаа юм.

Уг нь бол улсыг эдийн засгаар хохироож, хувьдаа мөнгө төгрөг завшиж, гэмт хэрэг хийсэн нь мөрдөн байцаалтаар тогтоогдож, баримтаар нотлогдсон бол яллаж, ялыг нь биеэр нь эдлүүлдэг байх ёстой. Гэхдээ иймэрхүү этгээдүүдэд эхнээсээ ял өгч байна.

Тухайлбал, УИХ-ын сонгуулиар Засгийн эрхийг хууль бусаар гартаа авахыг санаархаж, 60 тэрбум төгрөг босгосон гэх хэргээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ял авлаа.

Мөн хоёр удаагийн хүчингийн хэрэгт холбогдсон төрийн түшээ байсан Д.Гантулгад өчигдөр хоёр жилийн хорих ял оноолоо.

Түүнчлэн олны дунд нэртэй “од” дуучин Б.Амархүү хар тамхи хэрэглэсэн, худалдсан гэх хэргээр мөн хоёр жилийн хорих ялаар шийтгүүллээ гэх мэтээр олны анхааралд байгаа хэргүүд эхнээсээ шийдэгдэж байгаа нь сайн хэрэг юм.

Харин эд нарын араас шүүхээс ял авах өчнөөн албан тушаалтнууд бий. Тэдний нэг бол жирийн иргэдийнхээ боломжийг булааж ЖДҮХС-аас бага хүүтэй зээлийг албан тушаалаа ашиглаж бусдад олгосон, өөрийнхөө банк бус санхүүгийн байгууллага руу шилжүүлж, өндөр хүүтэйгээр иргэдэд зээл хэлбэрээр олгодог байсан гэх гишүүд, салбар толгойлсон сайд асан Б.Батзориг тэргүүтэй долоон хүн шүүхээр шийтгүүлнэ.

Тэдэнд холбогдох хэрэг шүүхэд ирсэн байгаа бөгөөд шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг энэ даваа гарагт болох байсан ч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилж ирэх даваа гарагт болохоор тов гарсан байгаа.

Анхан шатны шүүхээс мэдээж тэдний гэм буруутай эсэхийг хэлэлцэх хурлын товыг тогтооно. Тэгэхээр тэд шүүхээр шүүгдэх нь тодорхой. Тиймээс ЖДҮ-гийн хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан гишүүд болон сайд асан Б.Батзориг нарт ял оноохыг нь харах үлдлээ.

 

Жирийн иргэдийн боломжийг булааж, ЖДҮХС-аас бага хүүтэй зээл авч, банк бусаараа дамжуулан өндөр хүүтэй иргэдэд олгодог байсан ЖДҮ-чдэд ял оноохыг харъя.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.