| | USD/MNT 0₮

ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон сайд асан Б.Батзориг нарын долоон хүнийг даваа гарагт шүүнэ

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд ЖДҮХС-аас эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, их хэмжээний зээл авсан хэрэгт нэр бүхий гишүүнд хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.

Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан УИХ-ын гишүүн Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийг шалгаж дуусаад улмаар прокуророос хавтаст хэрэгт хяналт тавьж, яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар харьяа дүүргийн  шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлсэн билээ.

Тэгвэл өчигдөр Баянзүрх дүүргийн анхан шатны шүүхэд Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэг болох байсан ч өмгөөлөгчид нь хурал давхацсан гэдэг шалтгаанаар хойшлуулж, энэ сарын 18-ны 14.00 цагт хийхээр болжээ.

Сайд асан Б.Батзоригтой хамт ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч асан Д.Энхбат, ЖДҮХС-гийн захирлаар ажиллаж байсан С.Төгсбилэг, ХХААХҮЯ болон уг сангийн эрх бүхий албан тушаалтнууд болох Ч.Хашчулуун, Э.Чагнаасүрэн, В.Одхүү, Б.Мөнхтулга нарыг прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн 22.1, 22.4, 22.5 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болон бусад албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашигласан, хээл хахууль авсан, өгсөн гэх үндэслэлээр шүүх юм байна.

ЖДҮХС-ийн зээлийн асуудалд холбогдсон Б.Батзориг “Энэ хэргийг хэтэрхий улстөржүүлж байна. Жижиг дунд үйлдвэрээ дэмжиж хөгжүүлж байж улс хөгжинө.

Энэ сангаас Монгол Улсын хэнбугай ч барьцаагаа тавьж зээл авдаг. Барьцаагүй зээл биш. Зах зээлийн нийгэмд амьдарч байгаа болохоор авсан компаниуд хариуцлагаа хүлээдэг. Монголчууд бүгдээрээ зээлтэй, сангаас зээл авах журмын дагуу л төсөл сонгон шалгаруулж, шалгарсныг баталгаажуулаад компаниудад зээл олгосон. 

Миний хувьд хуулийн байгууллагад хоёр удаа мэдүүлэг өгсөн. Ёсзүйн хариуцлагаа хүлээгээд сайдын ажлаа өгсөн” гэсэн тайлбарыг өгчээ. 

Сайд асан Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох хэргийг шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн тов гарчээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.