| | USD/MNT 0₮

Зургаан настай хүүхэд буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарч, өндөр халуурчээ

Тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн захирал Н.Цогбадрах мэдээлэл хийсэн юм. Тэрбээр “Долдугаар сард улсын хэмжээнд тарваган тахлын хүний өвчлөл гарч, амь нас эрсэдсэн тохиолдол гарсан. Тодруулбал, Ховд аймагт хоёр тохиолдол гарсан. Мөн Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд сэжигтэй тохиолдол илэрсэн. Шинжилгээний сорьц өнөөдөр 10.20 цагт нийслэлд ирлээ. Одоо шинжилгээ үргэлжилж байна. Энэ тохиолдлын хувьд бэр гуйх ёслолд оролцсон хүмүүсийг тухайн айл нь тарваганы махаар дайлсан байсан. Өнөөдөр Ховдын Үенч суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тухай дуудлага мэдээлэл ирсэн. Уг сэжигтэй тохиолдол нь 6 настай хүүхэд, буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарсан, өндөр халуурсан гэсэн өгүүлэмжтэй байна. Одоогийн байдлаар 17 аймгийн 137 сумын 443.3 км2 газар нутагт нь тарваган тахлын голомт оршиж байна” гэсэн мэдээллийг өгөв. Мөн цаашид тарваган тахлын халдвараас сэргийлэхийн тулд нийслэл хот руу тарвага, түүхий эд зэргийг тээвэрлэн оруулахаас сэргийлэх, хяналт тавих шаардлагатай. Эрсдэл үүссэн тохиолдолд нийслэлийн Эрүүл мэндийн байгууллага бэлэн байдалд ажиллах бэлтгэл хангах, халдварт хамгааллын дэглэм сахиулах зэрэгт анхаарч ажиллах нь зүйтэй гэдгийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад онцолж хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Нийслэлийн Онцгой комиссоос өнөөдөр Иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангуулах шийдвэр гаргаж байна. Бид коронавирусийн эсрэг ямар хатуу арга хэмжээ авч байгаа билээ. Түүнтэй дүйцэхүйц байдлаар тарваган тахалтай тэмцэх шаардлага үүсч байна. Шалган нэвтрүүлэх товчоодод гэлтгүй хотоос гарах хөдөлгөөнд хяналт шалгалтыг явуулна. Иргэд бүгд нийтээрээ, бусдадаа шаардлага тавих хэрэгтэй. Хүүхдээ аюулгүйн суудалд суулгах, хурдаа тааруулах, аюулгүйн бүсээ зүүх, тарваганы мах идэхгүй, тээвэрлэхгүй байхыг бусдадаа анхааруулах шаардлагатай байна” гэв.

Түүнчлэн нийслэлийн Онцгой байдлын газар, Тээврийн цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Эрүүл мэндийн газар бүгд хамтарч энд онцгой анхаарч ажиллана. Мөн нийслэлийн нутгийн захиргааны бүх шатны байгууллагууд өөр өөрсдийн чиглэлээр урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. Тарваган тахлын эрсдэл бүхий бүсүүдийн орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Цагдаагийн байгууллага хууль бус ан агнууртай холбоотой мэдээллийг тухай бүрт нь олон нийтэд нээлттэй мэдээлж, хяналт тавьж ажилла гэсэн үүргийг нийслэлийн Онцгой комиссын ажлын хэсгийн гишүүдэд өглөө.

Зургаан настай хүүхэд буудуулсан тарвагаар тоглож байгаад биеэр нь тууралт гарч, өндөр халуурчээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.