| | USD/MNT 0₮

Д.Очгэрэл: Гадаадад гацсан иргэд шударга бус зүйлийг харсаар байгаа ч бухимдахаас өөр зүйл хийж чадахгүй байна

Ирланд улсад тав дахь сардаа гацаад байгаа иргэн Д.Очгэрэлтэй ярилцлаа.

-Сайн байна уу? Юуны өмнө бидэнтэй ярилцахыг зөвшөөрсөнд баярлалаа. Та Ирланд улсад хэзээ ирсэн бэ?

-Ирланд улсад түр хугацааны зорчих визтэй нэг сард ирээд одоо 5 дахь сардаа гацаад байна. Үнэхээр харамсалтай нь энэ хугацаанд гадаадад гацсан 10 мянга гаруй иргэдийн ажил амьдрал, бизнес гээд төсөөлөшгүй олон зүйл эрсдэлд орж байна. Бид хүний нутагт таван сар зүгээр сууж сэтгэл санаа болон эдийн засгаараа хохирч маш хүнд байдалд хагас жил амьдарч байна.

-Нууц биш бол энэ хугацаанд хичнээн төгрөгийн санхүүгийн хохирол амсаад байна вэ?

-Би газар зохион байгуулалтын инженер мэргэжилтэй. Миний ажил мэргэжил улирлын чанартай явагддаг. Хаврын цагт 3 сараас эхлэн эд ажил өрнөдөг юм. Гэтэл хил гэнэт хааснаас болоод үнэхээр шоконд орсон. 3 сард монгол буцна гээд бүх зүйлээ төлөвлөсөн байсан л даа. 4 сар гэхэд миний данс хоосорсон. Тэгээд л монголоос мөнгө татаж зээл тавьсаар өдийг хүрлээ. Өнгөрсөн хугацаанд нийт 20 сая гаруй төгрөгний санхүүгийн хохирол амсаад байна. Монголд ажлын байраа ч алдаж байх шиг байна. Залуу хүний хувьд үнэхээр дааж гарахад хэцүү нөхцөл байдал үүсчихлээ.

-Тусгай үүргийн нислэгийн талаарх таны бодол?

-Би анхны чартер нислэг зарлагдаж бүртгэл эхэлсэн даруй гуравдугаар сарын 13-нд монгол буцах хүсэлтээ Лондон хот дахь монгол улсын консулын газарт өгсөн. Өнөөдрийг хүртэл нислэг бүрт л хүсэлтээ шинэчлэн илгээж байна. Үнэндээ танил талаараа мөнгөтэй хүмүүс нь багтдаг гэж хүмүүс ярихыг олонтой сонссон. Энэ нь ч үнэн бололтой. Европоос буцах хүсэлтэй 2500 гаруй иргэд байгаа. Гэтэл өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд гуравхан чартер нислэг ирсэн. Европ руу чартер нислэгийнхээ тоог нэмэгдүүлэхийг хүсч байна.

-Та үүнийгээ тодруулахгүй юу?

-Би сошиалд монгол буцах хүсэлтэй иргэдийн байгуулсан маш олон групп, фэйсбүүк хуудсуудад нэгдсэн байдаг. Тэнд иргэд шудрага бус, ил тод бус байдлаас үүдэлтэй маш олон жишээг зураг хөрөгтэй нь тавьдаг. Жишээ нь та бүхэн мэдэж байгаа шүү дээ. Жишээ нь Англиас Дуучин Амархүүгийн эхнэр, загвар өмсөгч Ариунзул хүртэл чартерт багтаад явж байгаагаа сторидоо хийж байх жишээтэй. Эдгээр хүмүүсийг ямар шалтгаанаар багтаж байгааг нь мэдэхгүй ч мэдээлэл ил тод бус байдлаас үүдэж иргэдэд бухимдал үүсэх нь ойлгомжтой шүү дээ. Элчин нь хүртэл мэдэхгүй гэдэг үгээр ам таглаж байна. Мэдээллээ ил тод тавих хэрэгтэй байна.

-Таны байгаа улсаас хичнээн монгол иргэн энэ хугацаанд буцсан бэ?

-Бараг хагас жил болох гэж байна шүү дээ. Энэ хугацаанд Ирландаас нийтдээ 10 хүн л чартер нислэгт багтсан. Сүүлийн нислэгт ГАНЦХАН хүн багтсан гэж Лондон дахь консулын газраас мэдээллэсэн. Гэтэл яг тэр нислэгт 4 хүн Ирландаас багтаад явсан талаар тэнд сууж явсан хүн надад хэлсэн. Чартер нислэгт багтсан иргэдийн тоогоо хүртэл нууж байна. Бүх мэдээлэл хаалттай, шудрага бус байна.

-Лондон хот дахь элчин сайдын консулын газар та бүхэнтэй яаж хамтарч ажиллаж байна вэ?

-Би муу үнэлгээ өгнө. Үнэхээр хангалтгүй. Бид аргаа бараад “Ирланд улсаас монгол буцах иргэд” гээд фэйсбүүк групп үүсгэж жагсаал хүртэл хийсэн. Албан бичиг, шаардлагуудаа УОК болон ГХЯ гээд бусад байгууллагуудруу илгээсэн. Элчингийн ганц хэлдэг зүйл нь УОК шийднэ бид мэдэхгүй гэдэг. Мөн Лондон хот дахь элчин сайд Н.Тулга тавдугаар сарын 02-ны өдрийн Франкфуртын чартер нислэгт өөрийн албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж гэр бүлийн бүх гишүүдээ багтаан монгол буцаасан талаар хүртэл сошиал орчинд олон иргэд бичиж ярьж байна. Гацсан иргэд шудрага бус зүйлийг харсаар үнэхээр бухимдахаас өөр юу ч хийж чадахгүй байна. Монгол төр иргэнээ хамгаалах үүргээ биелүүлэхгүй байна.

-Ярилцсанд баярлалаа. Удахгүй эх орондоо, гэртээ харина гэдэгт нь итгэж байна. 

Баярлалаа.  Монгол Улсын 4 дэх засаглал хэмээх сэтгүүл зүйн салбарын та бүхэнд үнэний төлөө, шудрага ёсны төлөө үзэг нь хурц байхыг ерөөе. Та бүхэнд амжилт хүсье.

Д.Очгэрэл: Гадаадад гацсан иргэд шударга бус зүйлийг харсаар байгаа ч бухимдахаас өөр зүйл хийж чадахгүй байна
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.