| | USD/MNT 0₮

Ж.ОТГОНБААТАР: ХУРДАН МОРИНЫ ХАМГААЛАЛТАД 16 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА

Аадар бороотой өглөөний 6 цагт алба хаагчид үүргээ гүйцэтгэхээр “Хурдан морь”-ны талбайн зүг жагсан алхаж байна. Өдөр дамнан орж байгаа борооны улмаас шавар, шалбааг ихсэж унаач хүүхдүүд бэртэж, гэмтэх эрсдэл өндөр байгаа нь хэн бүгдэд тод мэдэгдэнэ. Уралдааны талбайг бүхэлд нь хамгаалалтад авсан цагдаагийн алба хаагчдын станцад “Хүүхэд мориноосоо унасан байна, анхаараарай” гэх дуудлага ирж эхэллээ. Ойролцоо зогсож байсан алба хаагч яаралтай арга хэмжээ авч байна. Мөн уралдааны бүсэд гадны хүн нэвтрүүлэхгүй байгаа нь бидний хэлдэгээр “Машинтайгаа морь даган” хүүхдүүдэд эрсдэл учрахаас сэргийлэн ажиллаж байгаа юм. Бид өнөөдөр “Үндэсний их баяр наадам”-ын Хурдан морины хамгаалалтад ажиллаж байгаа Эргүүл хамгаалалтын газрын Тусгай хамгаалалтын хэлтсийн, 5 дугаар тасгийн, хамгаалалтын цагдаацагдаагийн ахлах ахлагч Ж.Отгонбаатарыг “Их насны морины уралдаан”-д албан үүргээ гүйцэтгэх үед нь хэсэг хором ярилцсаныг хүргэж байна.

-Таны алба өндөр үү. Та хамгаалалтаасаа чөлөө хүсээд бидэнтэй хэсэг ярилцаж болох уу?

-Амрыг эрье. Ярилцаж бололгүй яахав, гэхдээ эхлээд хэсгийн ахлахаасаа чөлөө, зөвшөөрөл аваадхья.

/Цагдаагийн албаны онцлог нь бүх зүйл хууль ёс, дүрэм журмын дагуу байдаг тул танцаар ахлахдаа илтгэн танилцуулснаар бид хамгаалалтын хэсгийг орхин сүүдрэвчид суун, тухлан ярилцах боломж олдов./

-Таныг удам дамжсан цагдаагийн алба хаагч гэж сонссон. Энэ салбарт ажиллахаар шийдсэн тань үүнтэй холбоотой юу?

-Миний аав Цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан цагдаагийн ахмад цолтой Жамбалдорж гэж хүн байсан. Дундговь аймагт сум хариуцсан цагдаагаар ажилладаг байлаа. Манайх гэж айл аймгийн төвд байсан болохоор аав маань хэдэн сараар нь сумандаа ажиллаад, их л завгүй явдаг байсныг санаж байна. Хүүхэд болохоор завгүй, гэрээсээ хол байгаа аавдаа бага зэрэг гомддог байв. Гэвч нэг удаа сум руу очиход хүмүүс аавыг минь их л хүндэлж, талархаж байгааг нь хараад хийж байгаа ажилдаа сэтгэлтэй, зүтгэлтэй байхын сайхныг мэдрэн аав шигээ цагдаагийн алба хаагч болохыг мөрөөдөж эхэлсэн. Ах маань ч мөн цагдаа мэргэжилтэй байсан, тиймээс би тэднийхээ залгамж халаа болоод албандаа эргэлт буцалтгүйгээр зүтгэж явна.

Сайхан түүх байна. Та Эргүүл хамгаалалтын газрын алба хаагчийн хувьд тус газрын үндсэн чиг үүргийг тайлбарлавал? 

Бид хуулиар хүлээсэн нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, төрийн хамгаалалт, улсын онц чухал обьектыг хамгаалах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ зохих түвшинд хэрэгжүүлэн ажилладаг. Мөн улс оронд үүссэн цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цар тахлын үеийн хэв журмын хамгаалалтыг манай алба хаагчид мэргэжлийн түвшинд гүйцэтгэсээр байгаа юм.  

-Эргүүл хамгаалалтын газрын анх байгуулагдаж байсан түүхийг нь дурсвал?

-1965 онд Улаанбаатар хотын цагдан сэргийлэх газрын харьяа Эргүүлийн ротыг байгуулж байсан ба уг рот нь 3 салаа, 100 гаруй орон тоотой, 40 орчим агт морьтой, нэг авто машинтай үйл ажиллагаагаа явуулдаг байв. Харин өнөөдөр 500 орчим алба хаагчаас бүрдсэн томоохон бүрэлдэхүүнтэй газар болон өргөжсөн байна. Энэ онд манай Эргүүл хамгаалалтын газрын түүхт 30 жилийн ой тохиож байна.

-Яг одоо гүйцэтгэж буй үүрэг болох Хурдан морины хамгаалалтад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ. Хамгаалалтын үед ямар төрлийн зөрчил  хамгийн их гардаг вэ?

-Би цагдаагийн байгууллагад ажиллаад 16 жил болж байна. Анх орсон жилээсээ эхлэн одоог хүртэл жил бүр Хурдан морины хамгаалалтад тасралтгүй ажилласаар байна. Монголчууд маань морио дээдэлдэг ард түмэн, тэр ч утгаараа морь барианд орж ирэх үед хөлсөнд нь хүрэх гэж эмх замбараагүй байдал үүсгэх, бусдад болон өөртөө эрсдэл учруулах, мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс үүссэн зөрчил, хулгайлах төрлийн гэмт хэрэг “Баяр наадмын хамгаалалт”-ын үед их гардаг даа.

-Энэ жил коронавирусийн цар тахал дэгдсэнтэй холбогдуулан Үндэсний их баяр наадмыг үзэгчгүй буюу цахим хэлбэрээр зохион байгуулж буй. Тэгвэл цагдаагийн алба хаагчид ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?

-Цагдаагийн алба хаагчид нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийнхээ хүрээнд ажиллаж байна. Хэдий үзэгчгүй наадам ч гэсэн цаг агаарын гэнэтийн нөхцөл байдлаас шалтгаалан уяач, унаач хүүхдүүдэд тулгарч болохуйц эрсдэлийг тооцоолон цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үүрэг гүйцэтгэж байгаа юм.

-Хамгийн анх хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан тухайгаа дурсвал?

-2003 онд анх Цагдаагийн албанд ороод “Хурдан морины хамгаалалтад” ажиллаж байсан. Үүрийн 05.00 цагт босоод оройны 22.00 цаг хүртэл тасралтгүй гадаа зогсож, амрах ч завгүй байсан тэр үед л “Би ямар албанд орчихов доо” гэж бодож байсан шүү./инээв/

Гэхдээ түүнээс хойш шантарч үзээгүй, харин ч хамгаалалтад зогсож, Үндэсний их баяр наадмаараа ард түмнээ амар тайван, аюулгүй баярлах боломжийг бүрдүүлж байгаадаа баяртай байна. Хариуцлага өндөр албаараа үргэлж бахархдаг. Энэ бол жинхэнэ эр хүний гүйцэтгэдэг, шантрах эрхгүй алба юм шүү дээ.

-Наадмын хамгаалалтад 16 жил дараалан ажилласан гэхээр гэр бүлийхэнтэйгээ хамт өнгөрүүлсэн наадам ховор байх нь ээ?

-Тэгэлгүй яахав, Би эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Миний хань миний мэргэжлийн онцлогийг их ойлгодог. Намайг бага байхад аав маань гэртээ үзэгддэггүй цагдаагийн алба хаагч байсан гэхдээ би одоо ч ааваараа бахархдаг. Ажлынх нь нөхцөлийг биеээрээ мэдэрч байгаагийн хувьд миний хүүхдүүд бас намайг өсөж, том болоод ойлгох байх гэж боддог. Хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ сайхан наадамлах юмсан л гэж хааяа боддог шүү.

-Ярилцсанд баярлалаа.

-Та бүхэнд мөн баярлалаа. Цагдаагийн байгууллага үүсэн байгуулагдсаны түүхт 99 жилийн ой, Эргүүл хамгаалалтын газар байгуулагдсаны 30 жилийн ойн баяр тохиож байна. Цагдаагийн байгууллагад мөр зэрэгцэн амар тайван амьдралын төлөө зүтгэж байгаа нийт алба хаагчид болон тэдний гэр бүл, үе үеийн ахмад алба хаагчид, Эргүүл хамгаалалтын газрын хамт олондоо түүхт ойн баярын мэндийг дэвшүүлье” гэсээр яаравчлан хамгаалалтын хэсэгтээ очин, үүрэгт ажлаа үргэлжлүүлснээр бидний ярилцлага өндөрлөв.

ЦАГДААГИЙН АХЛАХ АХЛАГЧ Ж.ОТГОНБААТАР: ХУРДАН МОРИНЫ ХАМГААЛАЛТАД 16 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙНА
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.