| | USD/MNT 0₮

Д.НЯМХҮҮ: Гурван хүнд шинээр халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хийх үеэр манай улсад гурван тохиолдол шинээр батлагдаж, нийт тохиолдол 230 болсон талаар мэдээлэв.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү хэлэхдээ "2020 оны долдугаар сарын 11-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораториудад нийт 377 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 374-т коронавирус илрээгүй бол гурван хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Тус хүмүүс долдугаар сарын 6-ны өдөр Алтанбулаг боомтоор эх орондоо ирж, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 21-22 насны гурван хүн байсан бөгөөд хоёр дахь давтан шинжилгээгээр долоо хоногийн дараа илэрч байна. Бид орж ирсэн өдөрт нь амжиж сорьцоо авч, 1-2 хоногт эхний шинжилгээгээ, долоо хоногийн дараа дараагийн шинжилгээг, мөн тусгаарлалтаас гарахын өмнө шинжилгээ авдаг. Зарим тохиолдолд эмч нарын шийдвэрээр зарим хүнээс 4-5 удаа давтан шинжилгээ авч байгааг өмнө мэдээлж байсан.

Тэднийг Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д тусгаарлан эмчлэхээр авчирч байна. 

Дээр дурдсан шинжилгээ сөрөг гарсан 374 хүнийг нарийвчлан хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарласан гурван хүн, Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 252 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарласан 40 хүн, тандалтын зорилгоор гурван хүн, Алтанбулаг боомтоор ирсэн 65 хүний шинжилгээ, ачаа тээврийн жолооч нарын шинжилгээнд тус тус коронавирусийн халдвар илэрсэнгүй.

Өнөөдөр мөн сайн мэдээтэй. Өчигдрийн байдлаар хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс дараагийн шатны сувилалд шилжлээ. 20 настай эмэгтэй 55 хоног, 19 настай эмэгтэй 46 хоног эмчлэгдсэн. Тэд бол ОХУ-аас ирсэн оюутнууд юм. Маш олон хоног эмчлэгдэж байна. 50-аас дээш хоног эмчлэгдэж байгаа хүмүүс их байна.

Ингээд Монгол Улсад батлагдсан тохиолдол 230 боллоо. Үүнээс 202 хүнийг эмчилж, ХӨСҮТ-д 28 хүн эмчилгээнд байна. 

Биеийн байдлын тухайд 25 хүн хөнгөн, гурван хүндэвтэр, нэг жирэмсэн эмэгтэй, суурь өвчтэй нэг хүн эмчлэгдэж байна" гэв.

Д.НЯМХҮҮ: Гурван хүнд шинээр халдвар илэрлээ
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.