| | USD/MNT 0₮

Үндэсний фронтыг зохион байгуулагч Б.Баярмагнай генерал хөдөлгөөнөө орхижээ

"Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гарагт “Эр орон дуудаж байна” жагсаалыг Сүхбаатарын талбайд өглөө 11.00 цагаас зохион байгуулж, үдэш өндөрлөсөн билээ.

Тэд өөрсдийн шаардлагаа УИХ-ын даргын ахлах зөвлөх Ж.Сүхбаатар, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Төрийн ордны хамгаалалтын албаны дарга, дэд хурандаа Х.Ууганбат нарт хүлээлгэн өгсөн бөгөөд энэ сарын 15-нд шаардлагынхаа хариуг авахаа шаардсан байгаа юм.

Хэрвээ шаардлагын хариуг цаг тухайд нь өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч хэлсэн.

Тэгвэл энэхүү  “Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн, зохион байгуулагч хошууч генерал Б.Баярмагнай нь тус хөдөлгөөний үйл ажиллагаанаас урт хугацаагаар хөндийрч байгаагаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Генерал Б.Баярмагнай цахим хуудсандаа “Миний бие ар гэрийн шалтгаанаар “Монголын үндэсний фронт”ын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд хамт явсан фронтын нөхөддөө баярлалаа” гэжээ.

Ийнхүү сүр дуулиантай жагсаал хийнэ гэж орон нутгаас хүртэл хүмүүс цуглуулсан тэрбээр яагаад гэнэт нэг өдрийн настай жагсаалаас гарах болсон нь сонирхол татаж байна.

Магадгүй өөрийн эрх ашгаа ч гүйцэлдүүлсэн байхыг үгүйсгэхгүй юм. Хэдий тэргүүн нь хөдөлгөөнөөс гарсан ч жагсаал үргэлжилдэгээрээ үргэлжилнэ. Тэмцэнэ, шаардана, УИХ-ыг тарааж, Засгийн эрхийг гартаа авна гэсэн жагсагчид цаашид тэмцэнэ гэдгээ ч илэрхийлжээ.

"Монголын үндэсний фронт” хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гарагт “Эр орон дуудаж байна” жагсаалыг Сүхбаатарын талбайд өглөө 11.00 цагаас зохион байгуулж, үдэш өндөрлөсөн билээ.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.