| | USD/MNT 0₮

Сэргээшийн шинжилгээний дүнг авлигаар өөрчилсөн үү

- Сэргээштэй холбоотой, эрүүгийн хоёр тусдаа хэргийг АТГ-т шалгаж байна –

Сонгуулийн санал хураалт дуусаж, дараачийн үйл явдал, хүмүүсийн ярианы гол сэдэв нь Үндэсний их баяр наадам байх биз ээ. Жил бүр наадмаар сэргээштэй холбоотой дуулиан дэгддэг. Сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийн зарим нь дуугүй өнгөрч, эрхээ хасуулах шийдвэртэй эвлэрэх нь бий. Бүтэн жилийнхээ хөдөлмөрийг сэргээшийн шинжилгээний хариунаас болж гаргуунд нь гаргахгүйн тулд зарим хүчтэн Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрийг эсэргүүцэн, шүүхэд ханддаг. Тэдний гол төлөөлөл бол өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөх Э.Оюунболд. Хоёр хуваагдчихаад байсан МҮБХ-ны талцал арилаагүй байхтай зэрэгцээд түүнийг сэргээш хэрэглэсэн нь батлагдсан хэмээн зарласантай одоо ч олон хүн эвлэрдэггүй.

Э.Оюунболд ч дээрх асуудалтай эвлэрэлгүй МҮБХ, Допингийн үндэсний төв, Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний албаны эрх бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар АТГ-т хандсан. Улмаар Баяр наадам зохион байгуулах хорооны шийдвэрийг хэрэгсэхгүй болгуулахаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан юм. Түүний нэхэмжлэлийг тус шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн дангаараа шийдвэрлэв. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” хүсэлт гаргасныг шүүх хэрэгссэнгүй. Тодруулбал, нэхэмжлэгч нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтийн допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзэв. Тиймээс 08 дугаар тогтоол гаргаж “Э.Оюунболдын барилдаж давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жил хасах, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимэг олгуулах, Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэсэн юм. Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадмын түрүү бөхийн гаргасан гомдлоор 2020 оны нэгдүгээр сарын 10-нд захиргааны хэрэг үүсгэснийгээ нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн ерөнхий шүүгч Ц.Батсүрэн дараа жилийнх нь наадам болохоос сар хүрэхгүй хугацааны өмнө шийдэв.

ХЭРГИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЗААЛТ БАЙСААР АТАЛ ЯАРАН ШИЙДЭХ ЯМАР УЧИР БАЙВ

Нэхэмжлэгч тал шүүхийн дээрх шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэсэн. Учир нь нэхэмжлэгчийн өмгөөлөгч дээрх шүүхэд хандан шүүх хурлыг түдгэлзүүлэх үндэслэл бүхий санлаа хурал эхлэхийн өмнө гаргаж өгсөн байдаг. Гэвч хурал даргалагч түүнийг төдийлөн ойшоогоогүй нь хачирхалтай. Уг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ” гээд 65.1.3 дахь хэсэг нь “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” үед түдгэлзүүлэхээр заасан байдаг аж. Өмгөөлөгч нь шүүхэд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст Үндэсний их баяр наадамд эр бяр, ухаан чадлаа сорьсон бөхчүүдийн сэргээшийн шинжилгээний дүнг өөрчилдөг, түүгээрээ бөхчүүдийг шантаажилж хахууль авдаг байж болзошгүй хүмүүсийг шалгаж байгаа, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэж, гэм буруутай байж болзошгүй хүмүүст хариуцлага тооцоогүй учраас захиргааны хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэсэн утгатай хүсэлт өгсөн юм байна. Харамсалтай нь, шүүх хүсэлтийг нь үл ойшоожээ. 

Уг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3.2-т “Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт гаргаж өгөх, хасуулах, шинэ нотлох баримт шаардах болон хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг шалгуулах, шинжээч томилуулах санал, хүсэлт гаргах эрх эдэлнэ” гэж заасан. Мөн тус хуулийн 80.2-т “Нотлох баримт цуглуулах зайлшгүй шаардлагатай, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй нь шүүх хуралдаанаас өмнө тогтоогдсон тохиолдолд уг нөхцөлийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр товлосон хуралдааныг 14 хүртэл хоногоор хойшлуулж болно”, 81.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж заажээ. Тэгэхээр өмгөөлөгчийн хүсэлтийг үл ойшоож, хэргийн байдлыг тал бүрээс нь бодитой тогтоох арга хэмжээгээ шүүгч авсан, эсэх нь эргэлзээтэй. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар шүүгч дээрх хуулийн 56.1.3-т зааснаар “Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах” ажиллагааг хийсэн гэдэг. Гэвч АТГ-т шалгаж байгаа ач холбогдол бүхий баримтуудыг яагаад үнэлсэнгүй вэ. Мэдээж анхан шатны шүүхийн шийдвэрийг өмгөөлөгч, нэхэмжлэгч эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргаж болохоор байгаа. Бүр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд ч хандах эрх нь нээлттэй.

МҮБХ-НД АЖИЛЛАДАГ АЛБАН ТУШААЛТАН ИХ ХЭМЖЭЭНИЙ ХАХУУЛЬ НЭХСЭНИЙГ ГЭРЧҮҮД БАТАЛЖЭЭ

Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авах ажлыг ор нэр төдий хийж ирснийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэг илэрхийлдэг. Харин албаны хүмүүс бөхчүүдээс шинжилгээ авах ажил өндөр хяналттай байдаг хэмээн тайлбарласаар буй. Улсын цолтой нэг бус бөх хэвлэлд “Допингийн шинжилгээ олны нүднээс далд явагддаг. Шинжилгээний хариуг сольдог, хүнийг өмнөөсөө шээлгэдэг” хэмээн ярьсан нь ч бий. Өнгөрсөн өвөл л гэхэд 20 гаруй бөх нэгдэн хэвлэлийн хурал хийж, сэргээшийн асуудлыг шийдвэрлэхийг МҮБХ-ноос шаардаад “Бөхчүүд сэргээшийн шинжилгээгээ нуухын тулд авлига өгдөг” гэх мэдээллийг цухуйлгасны зэрэгцээ уг шинжилгээг шударгаар авдаг байхыг шаардсан. Тэдний ярианд ч, АТГ-ын мөрдөн шалгах ажлын явцад ч өнгөрсөн жилүүдэд сэргээшийн шинжилгээний хариуг зөрүүтэй гаргасан байж болзошгүй гэх зүйлүүд тодорч байгаа гэнэ. Тиймдээ ч АТГ-ынхан 2009 оноос хойших сүүлийн 10 жилийн сэргээшийн шинжилгээний хариуг нягтлахын тулд БНСУ-ын талаас мэдээлэл хүссэн байдаг.

Энэ талаар АТГ-ынхан “Үндэсний их баяр наадмын бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг солих, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оны наадамд шөвгөрсөн, давхардсан тоогоор 192 бөх байгаа. Давхардлыг нь арилгавал 109 бөх бий. Энэ 109 хүнээс дахин тодорхой төрлийн шинжилгээ авч хариуг нь Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгана” хэмээн мэдээлж байсан билээ. Тухайн үед Допингийн эсрэг үндэсний төв болон Баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны эрх бүхий албан тушаалтан, эмч Н-ыг шалгаж эхэлснийг ч хэвлэлүүд мэдээлэх болсон. Тэрбээр өнгөрсөн жилүүдийн наадамд шөвгөрсөн хэд хэдэн бөхөөс эхнэрийнхээ дансаар дамжуулж мөнгө авдаг байсан гэх хэрэгт сэрдэгдсэнийг хэвлэлүүд мэдээлсэн юм. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэмээн АТГ-т шалгаж байгаа бөгөөд прокурорууд ч мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй, яллагдагчаар татаагүй, хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгуулж байгаа гэх мэдээлэл өгч буй.

Тэгвэл Н-ынхаас гадна МҮБХ-нд ажилладаг Ц.Т-д холбогдуулан тусад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, түүнийг Биеийн тамир, спортын тухай хуулийн 5.1.4-т заасан “Спортыг ялгаварлан гадуурхалт, шударга бус өрсөлдөөнөөс ангид байлгах” зарчим, Допингийн эсрэг үндэсний төвийн дүрмийн 2.5 дахь хэсэгт заасан “Сэргээшийн хяналтын аль нэг хэсгийг хуурамчаар үйлдэх буюу үйлдэхийг завдах” зэрэг заалтыг зөрчин улсын арслан Э.Оюунболдын сэргээшийн шинжилгээний хариунд нөлөөлж, үнэн зөв, шударгаар авах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 2019 оны зургадугаар сарын 20-ны орчимд түүний дасгалжуулагч Ш.Б-оос 200 сая төгрөг нэхсэн гэх хэрэгт холбогджээ. Тэгэхээр сэргээшийн шинжилгээг шударга хийдэггүй, хахууль авч, өгөх үндэслэл болдог гэх хардлага үнэний ортой бололтой. Зөвхөн өнгөрсөн онд ч биш, түүнээс өмнө Үндэсний их баяр наадамд шөвгөрсөн бөхчүүдийн сэргээшийн шинжилгээг өөрчилсөн байх магадлал өндөр байгааг Ц.Т-д холбогдох хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүдийн яриа баталсан гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тэгэхээр эрүүгийн дээрх энэ хоёр хэргийг шалгаж дуусаагүй, шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхад захиргааны хэргийн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дахь заалтыг зөрчин хэргийг хэлэлцэх нь зүйд нийцэж буй, эсэхийг давж заалдах шатны шүүх хянах биз ээ.

Сэргээшийн шинжилгээний дүнг авлигаар өөрчилсөн үү
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.