| | USD/MNT 0₮

Бие даагчид:Хар хайрцгаар улайм цайм луйвар хийж төрийн эрхийг булааж авлаа

УИХ-ын 2020 оны сонгуульд бие дааж нэр дэвшсэн дэвшигчид сонгуулийн дүнгийн талаар мэдээлэл хийлээ.

Энэ жилийн сонгуульд 121 бие даагч нэр дэвшсэн. Гэвч бие даагчид сонгуулийн дүнг будлиантуулсан гэж үзэж буйгаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл, хар машинд байхгүй программ оруулж хар хайрцгаар улаан цайм төрийн эрхийг луйвардаж авсан.

Тиймээс дахин сонгууль явуулах шаардлагатай. Сонгуулиар илэрсэн баримттай булхайтай “но”-той баримтуудыг холбогдох хууль хяналтын байгууллага болон Тагнуулын ерөнхий газарт хандахаар болсноо мэдэгдлээ.

Ингээд Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшсэн Т.Ганболд мэдээлэл өглөө.

ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ, ЕРӨНХИЙ САЙД АА ШУДАРГА БАЙЖ ДАХИН СОНГУУЛЬ ЯВУУЛЪЯ

Тэрбээр "Маш олон хүн намайг нэгдүгээрт бичигдэж гарч ирнэ гэж байсан. Харамсалтай нь дан ганц бие даагч нарын саналыг тоолохдоо сонгуулийн машинд байхгүй таслалтай форматтай орж ирсэн. СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн мэдээлэл хийж нэг форматаар явах ёстой гэж хэлж байсан ч тэгсэнгүй. Тооцооллыг хөндлөнгийн хакер ажиллагаа хийлээ.

Хоёрдугаарт миний санал 7311 байхад 7311гэсэн тоо тавьсан хэр нь 10 мянгатай саналтай хүнд таслал гарсангүй. Сонгуулийн машин 7311 саналыг алдагдуулсан байна. Миний нийт санал 24 мянга байх байсан. Энэ зөвхөн надад тохиолдсон асуудал биш.

Чансаа өндөртэй байсан бүх бие даагчид дээр давтагдсан. Хан-Уул дүүрэгт Н.Номтойбаяр, Т.Бат-Оргил, Ж.Эрхэмбаатар, Ц.Цолмон гээд бүх бие даагчдын авсан санал дээр бүгд таслалтай гарч байна. Авсан саналыг хуваалт оруулчихсан учраас таслалтай гарч байгаа юм. Энэ нь солигдох хугацаа нь 15 минут орчим байгаа учраас эхлээд таслалтай гарч байгаа бөгөөд дараа нь арилж байна.

Тойрог бүр дээр бие даагч нарын санал бүгд таслалтай байсан. Бид энэ бүх баримтууд бүгд шууд дамжуулалт дээр бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж, улс орны төлөө үйлчилж байгаа, улс орноо МАН ба бусад гэж үзээгүй Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол энэ ажиллагааг шалгаж, энэ бүх ажиллагаа явагдсан тойргууд дээр дахин санал хураалт явуулах ёстой. Ингэж байж та 3.2 сая хүний Ерөнхий сайд болно.

Монгол Улсын Ерөнхийлөгчид ч хэлмээр байна. Та МАН-ын гишүүн биш, намаасаа хуулийн дагуу түдгэлзсэн. Та Монгол Улсын Ерөнхийлөгч тул энэ бүх баримтыг шалгуулж өгнө үү. Би нэгээр гарч ирэх гэж байгаа юм биш. Би дахиад барилдъя, унавал би хүлээн зөвшөөрье.

Ерөнхийлөгч өө, Ерөнхий сайд аа шударга байцгаая, шударга сонгууль болох ёстой гэж үзэж байгаа бол хүний өөрийн нам гэж үзэлгүй санал алдагдсан тойргууд дээр дахин санал хураалт хийе. Алга болсон санал хаашаа орсон нь бүгд гарна. Үүнийг ТЕГ-т бус олон улсын систем хангамжийн компаниар дахин шалгуулъя" гэлээ.

Т.БАТ-ОРГИЛ: БИД СОНГУУЛИЙН ДҮНГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БАЙНА

УИХ-ын сонгуулийн 29-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшсэн Т.Бат-Оргил "Улсын Их Хурлын тухай хуулийг хүч түрэн баталсан. МАН ялагдахынхаа өмнө үхэр буугаа тавьж, төрийн эргэлт хийж байна. Төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан хэрэг бол 60 тэрбум.

Гэтэл ил цагаан баримт нь байсаар байтал хэнд хариуцлага тооцов. Хоёр жараахайг сор залснаас биш томчууд нь юу ч болоогүй мэт ордонд сууж байсан. Бид сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ийм луйврыг хүлээн зөвшөөрвөл Монгол Улсад юу болох вэ. Бид сонгуулийг хүчингүй болгохоор гарын үсэг зуруулж эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч үүнийг зүгээр хараад өнгөрөхгүй гэж найдаж байна" гэлээ.

С.МӨНХЧУЛУУН:СОНГУУЛИЙГ ИЛТЭД ЛУЙВАРДСАН ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ БАЙНА

УИХ-ын 28-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшсэн С.Мөнхчулуун "Миний хувьд 2,755 гэсэн санал дээр зогсож байгаа нэмэгдэхгүй байж байснаа 10 мянга хүрээд тавдугаарт жагссан. Дүн ирүүлсэн тоо харуулж байхад 50 хэсгийн хорооноос тавынх нь ирсэн байхад Н.Учрал 13339, Д.Сумъяабазар 9172 санал авсан байгаа юм. Хуулиараа нэг хэсгийн хороонд 1800 сонгогч байх ёстой. 5 хэсгийн хорооны бүх хүн санал хураалтад оролцож эдэнд өгсөн байхад нийт 9000 санал л байх боломжтой. Үүнээс харахад хэсгийн хорооны саналын тоо зөрүүтэй байна. Таван хэсгийн хороонд 45 мянга орчим санал орж ирэх ёстой. Гэтэл нийт саналын тоо нь 65 мянга болж байна. 20 мянган санал хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй байна. Сонгуулийг илтэд луйвардсан гэдэг нь ойлгомжтой байна.

Тойрог бүр дээр бие даагч нарын санал бүгд таслалтай байсан. Бид энэ бүх баримтууд бүгд шууд дамжуулалт дээр бий. Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж та үнэхээр шударга ёсны төлөө тэмцэж, улс орны төлөө үйлчилж байгаа, улс орноо МАН ба бусад гэж үзээгүй Монгол Улсын Ерөнхий сайд мөн бол энэ ажиллагааг шалгаж, энэ бүх ажиллагаа явагдсан тойргууд дээр дахин санал хураалт явуулах ёстой. Ингэж байж та 3.2 сая хүний Ерөнхий сайд болно.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.