| | USD/MNT 0₮

Тайландад өвчтэй ухаангүй байсан өндөр настай эмэгтэйг эх оронд нь авчирчээ

Монгол Улс тусгай үүргийн онгоцоор гадаадад гацсан иргэдээ ээлж дараатай татан авсаар байна. Энэ сард гэхэд 2000 гаруй иргэнээ татаж авлаа. Хоёр хоногийн өмнө Франкфурт нислэгээр 250 гаруй иргэнээ авчирсан. Мөн Тайландад гацсан монголчуудаа транзит нислэгээр эх оронд нь авчирсан.

Сарын өмнө настай ээж нь Тайландад ухаангүй байгаа, мөн эмчилгээний зардалгүй болсон талаар нэгэн эмэгтэй УОК-д хандсан ил захидал илгээсэн билээ

Тэгвэл тэр өвчтэй иргэнийг хоёр хоногийн өмнө авчирсан байна. 

Энэ талаар тухайн онгоцонд явсан нислэгийн багийнханд хандаж түүний охин ингэж бичжээ. "Бид хүнд өвчтэй /хэвтэрийн хүний улс дамнасан тээвэрлэлт (medical evacuation буюу medevac)-ийг Тайландаас хийж чадлаа. Ээж маань бие нь гайгүй, замдаа томоохон хүндрэлгүй явж ирлээ.

Үнэхээр айж түгшиж байсан хэдий ч зориг шулуудаж, эмнэлгийн тусгай багийн гүйцэтгэдэг үйл ажиллагааг 2 хон хоногийн дотор, төсөв багатайгаар хүний их эмч, сэхээний эмч Oyunbileg Davaasuren, хүний их эмч Zaya Bg, сайн санаат залуу Lkhagvanyam Davaajav бидний дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэлээ. Хүний газар танилцаж нөхөрлөсөн эд нартаа талархахын дээдээр талархая!

Алхам тутамд сайн санаат таних болон танихгүй монголчууд, төр засгийн болон МИАТ компаний ажилтан албан хаагчид маш их тус болсонд гүнээ талархаж байна! Бангкокийн нисэх онгоцны буудалд түргэн тусламжийн машинаар хүргэгдэн ирэхэд монгол залуучууд тойрон хүрээлж, ачааг зөөж өгөв.

Тайланд дахь Монгол улсын элчин сайдын яамныхан, консул Anu Enkhbold ирчихсэн, нисэх гэж буй хүмүүсийг зохицуулж, ганцаараа нисэх болсон 7 сартай нялх хүүхдийг тэврээд нааш цааш гүйж байв.

Инчон хүртэлх нислэгт ээж маань хэдий сандаргасан боловч ачит эмчийн түргэн шийдвэр, арга хэмжээний ачаар бие нь тогтворжлоо. Инчонд ирэхэд транзит буудал захиалж амжаагүй, өрөө дуусчихсан байхан үл таних Оюун гэдэг нэртэй бүсгүй өрөөгөө бидэнд өгч, ээжийг маань хооллох, эмийг нь уулгах боломж өглөө. Эцэст нь МИАТ-ын онгоцонд гишгэмэгц сансрын нисгэгч мэт хувцасласан нисэх багийнхан болон мэргэжлийн хяналтынхан анхааралдаа авч, монгол дуу аялгуулан угтахад сэтгэл хөнгөрөөд явчихлаа.

Ээж маань хэдий ярьж чадахгүй байгаа хэдий ч нутагтаа ойртож байгаагаа мэдрэн замын турш сэрүүн, ядарсан хэдий ч “онц” явлаа. Онгоцонд төрсөн өдөр нь болж УОК-оос цэцэг авсан Tsogoo Baldandorj цэцгээ “эмээ түргэн эдгээрэй” гээд дурсгав. Нислэгийн туршид нялх хүүхдүүд ишиг хурга нийлсэн мэт дуу дуугаа авалцан уйлалдаж дуу шуутай, хүн бүр дотроо эх орондоо очихыг сэтгэл түгшин хүлээж явлаа.

Ээжийг маань уг нислэгт хамруулахад тус болсон үй олон төрийн шийдвэр гаргагчид болон гүйцэтгэгчид, хэвлэл мэдээллийнхэн (ялангуяа TV8-н Дэлгэрцэцэг Өлзийсайхан), хамгийн их чармайсан хань Bold-erdene Idesh, үй олон анд нөхөд, ах дүү хамаатнууд, сайн санаат сошиал ертөнцийнхөн, Тайландад амьдардаг болон гацсан монголчууд, мөн Тайланд болон Солонгос хүмүүс, таних танихгүй үй олон хүмүүст маш их талархаж байна.

Одоо бид Цэргийн төв эмнэлэгт мөн л сансрын нисгэгч мэт эмч, сувилагч, асрагч нарын хяналтанд айх аюулгүй, санаа амраад карантилагдаж байна. Биднийг угтаж авсан хур борооны үнэр, анагаах чадвартай эх орны минь агаар салхи, ноос үнэртсэн эсгий ширдэгнийхээ үнэр, ам нээгээд л ойлголцох монгол хэл яриагаа хичнээн их санаснаа ухаарлаа.

Гадаадад гацсан, хүнд байгаа монголчууд маань түргэн эх орондоо ирж, Монгол орон минь вирусаас найдвартай хамгаалагдаж, сонгуулиар бид зөв шийдвэрээ гаргаж, эх орон минь үүрд цэцэглэн мандахын ерөөлийг тавъя" гэжээ. 

Монгол Улс тусгай үүргийн онгоцоор гадаадад гацсан иргэдээ ээлж дараатай татан авсаар байна. Энэ сард гэхэд 2000 гаруй иргэнээ татаж авлаа. Хоёр хоногийн өмнө Франкфурт нислэгээр 250 гаруй иргэнээ авчирсан. Мөн Тайландад гацсан монголчуудаа транзит нислэгээр эх оронд нь авчирсан.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.