| | USD/MNT 0₮

СОНГОГЧДЫН БОЛОВСРОЛД:ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГЧ БАЙНА

Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 02-ны өдрөөс сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ.

Монголын Хуульчдын холбооноос сонгуулийг хуулийн хүрээнд явуулах, иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, сонгогчийн боловсролыг дэмжих зорилгоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим зүйл заалтын хүрээнд иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байна.

Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.1-д “Сонгогчдын саналыг татах зорилгоор мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэхийг хориглоно” гэж заасан.

Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасан бол баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болох бөгөөд Эрүүгийн хуулийн 14.5 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэхээр хуульчилсан болно.

Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.7-д “Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан болох нь тогтоогдсон бол мэдээлэл гаргасан иргэн тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй” гэж заасан.

Үүний зэрэгцээ Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 30.4 дэх хэсэгт “Сонгогч нь аль нэг нэр дэвшигчийн төлөө санал өгөх, эсхүл өгөхгүй байхаар мөнгө, эд зүйл шаардсан, шаардаж авсан бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж тус тус заасан билээ.

Мөнгө, эд зүйл тараах, шаардаж авах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд дээр дурдсан хууль бус үйлдлийг баримтжуулан холбогдох байгууллагад мэдээлэл гаргах гэж буй иргэнд Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчид хууль зүйн туслалцаа үзүүлж, хууль, эрх зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгч байгаа тул иргэд Та бүхнийг “хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” үндсэн үүргээ ухамсарлаж, бидэнтэй хамтран ажиллахыг хүсэж байна.

Та 75050801, 75050802 дугаарын утсаар холбогдон хууль зүйн зөвлөгөөг үнэ төлбөргүй авна уу!

 

Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшигчид энэ сарын 02-ны өдрөөс сурталчилгаагаа эхлүүлээд байгаа билээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.