| | USD/MNT 0₮

Л.Галбадрах:Хүүхэд нь угаартаж амиа алдсныг охиндоо хэлж чадахгүй байна

Сайжруулсан шахмал түлшний угаарын хийгээр өнөөдрийн байдлаар есөн хүн амиа алдчихаад байна. Хамгийн сүүлд гэхэд 26 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байдаг.

Тэгвэл угаарын хийгээр амиа алдсан иргэдийн хамгийн бага нь гурван настай охин өнгөрсөн сард угаартаж амиа алдсан. Ээжтэйгээ хамт угаартсан охин нь амиа алдаж, ээж нь өнөөдөр үхэл амьдралын зааг дээр эмнэлгийн орон дээр ээж аав, ах дүүгийнхээ асаргаанд ухаантай, ухаангүй хоёрын хооронд байгаа юм. Хордсон эмэгтэйн хөл нь мэдээ орохгүй, мэдрэлийн саажилтанд орсон байгаа учир нэг хөлөнд нь хагалгаа хийх шаардлагатай болжээ.

ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа Г.Уянгын аав Л.Галбадрахаас дараах тодруулгыг авлаа.

-Охиных нь биеийн байдалд дээрдэж байна уу, ухаан нь бүрэн гүйцэд орсон уу?

-Нэг үеэ бодвол биеийн байдал нь сайжирсан. Гэхдээ ухаан бол дэн дун байгаа. Зарим зүйлийг мэдэж байгаа ч заримаа огт санахгүй мэдэхгүй. Дээр нь хүний асаргаанд байгаа. Нэг хөл нь бүрэн мэдээгүй, нөгөө нь бага зэрэг мэдээтэй. Хоёр гар нь ч муу. Өөрөө бие дааж хөдөлгөөн хийж чадахгүй байна.

-Хордлогын үндэсний төвөөс хэзээ ГССҮТ-д хүргэгдсэн юм бэ?

-Ирээд олон хонож байгаа. Ахынх нь ухаан санаа үймрээд яг хэзээ ирснийг нь сайн санахгүй байна.

-Ээж нь охиноо бурхан болсныг мэдсэн үү?

-Мэдээгүй, яаж мэдэх юм бэ. Өнөөдрийг болтол бид охиндоо гурван настай охиныг нь угаартаж амиа алдсныг хэлж чадахгүй, зүрхлэхгүй байна. Ухаан нь орон гаран байгаа хүнд гэнэт хэлвэл бүр шоконд орох магадлалтай гэдгийг эмч нар хэлсэн учраас айгаад хэлж чадаагүй. Үнэхээр хэцүү байна. Өнгөрснийг нь бодож өнчрөөд үлдсэн охиноо харахаар их өрөвдөх юм. Эхний ээлжинд охиноо хөл дээр нь босгох гэж ар гэрийнхэн нь хүчин чармайж, алтан гартай эмч нарт найдаж байна.

-ГССҮТ-д яг ямар оноштойгоор хэвтэж байна, хөлөнд нь хагалгаа хийсэн гэсэн үү?

-Эмнэлгийн нэршил нэр томъёог нь сайн мэдэхгүй байна. Өрөөсөн хөл нь мэдээгүй мэдрэлийн саажилтанд орсон. Өөрөөр хэлбэл, судас нь болохгүй байгаа гэсэн. Миний охин хөл дээрээ боссон ч цоо эрүүл хүн болохгүй байх. Хүний асаргаанд буюу группийн хүн болох байх. Ухаан санааны хувьд саажилттай байна шүү дээ.

-Эмч нарын зүгээс юу гэх юм. Охин нь хөл дээрээ босох найдвар бий юу?

-Эмч нар хөл дээрээ босно гэж хэлсэн учраас их найдвар тээж байгаа. Гэхдээ л миний охин жирийн нэг хөдөлмөр эрхлэх чадвартай хүн биш боллоо.

-Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юу, шүүх эмнэлгийн дүгнэлт нь гарсан уу?

-Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэл нээгээд явсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт ямар гарсныг хэлээгүй. Гараагүй ч гэлүү. Манай гэрийнхэн ч одоо хэл ам хийгээд яах вэ, тайван байж охиноо өндийлгөж, хөл дээр нь босгоод авна гэж бодож байгаа.

-Хэд хоногийн өмнө Нийслэлийн онцгой комиссоос “Угаарын хийгээр хордож, эмнэлэгт хэвтэж байгаа хүн байхгүй” гэж мэдээлсэн?

-Тэгж худлаа хэлэх шаардлага байгаа юмуу даа. Миний охин ГССҮТ-д хэвтэж байна. Хүн үхэж, үрэгдэж, эрүүл мэндээрээ хохирсон байхад ингэж ярьж байгаа дарга нар ичээсэй, эмзэглээсэй. Хүний үхэл зовлонгоор бага тохуурхаасай.

-Та энэ сарын 04-нд болсон Нийтийн сонсголд оролцсон уу?

-Оролцох гэсэн боловч бүртгэлгүй байна гээд оруулахгүй байсан. Харин тэр үеэр Засаг дарга Амарсайхан орж таарахад нь учир явдлаа хэлж байж орсон. Гэвч микрофон олдоогүй. Нэг зүйлийг хэлэхэд сайжруулсан түлшийг магтаж байгаа хүмүүст алга ташиж их сүртэй, муулсан хүмүүсийн дууг шууд микрофоноор нь хаагаад байсан шүү дээ. Би үгээ хэлье гэж бодсон ч надад микрофон олдоогүй. Тэгээд ч араас манай хөгшин эмнэлэг дээр дуудаад байсан учир яараад явчихсан.

-Угаарын хийнд хордсон иргэдийн ар гэрийнхэнд мөнгө төгрөг өгч амыг нь хаалгаад байна гэсэн мэдээлэл ч байна?

-Тийм зүйл байхгүй. Зээ охиноо алдчихаад, төрсөн охиноо эрэмдэг болгочихоод юун мөнгө төгрөг авах вэ дээ.  

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Охин нь ганц охинтой байсан уу?

-Манайх хоёр хүүхэдтэй бага нь энэ охин минь байгаа юм. Харин охин минь хоёр хүүхэдтэй том нь 14 настай хүү бий. Бага нь 3 нас 3 сартай адтай охин байлаа. Даанч харамсалтайгаар амиа алдав. Манай гэр бүлийнхэнд үнэхээр хэцүү хүнд байна.

Ээж нь гурван настай охиноо эндсэнийг мэдээгүй, яаж мэдэх юм бэ. Өнөөдрийг болтол бид гурван настай охиныг нь угаартаж амиа алдсныг хэлж чадахгүй, зүрхлэхгүй байна. Ухаан нь орон гаран байгаа хүнд гэнэт хэлвэл бүр шоконд орох магадлалтай гэдгийг эмч нар хэлсэн учраас айгаад хэлж чадаагүй. Үнэхээр хэцүү байна. Өнгөрснийг нь бодож өнчрөөд үлдсэн охиноо харахаар их өрөвдөх юм. Эхний ээлжинд охиноо хөл дээр нь босгох гэж ар гэрийнхэн нь хүчин чармайж, алтан гартай эмч нарт найдаж байна.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.