| | USD/MNT 0₮

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы орыг ЗГХЭГ-ын тэргүүн дэд Б.Ганбат залгамжлах уу

 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг өнөөдрийн Байнгын хорооны хуралдаанаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. Түүнийг Монгол Улсыг саарал жагсаалтад оруулсан гол хүмүүсийн нэг гэж үзэж, хариуцлага алдсан хэмээн ийнхүү албан тушаалаас нь чөлөөлж байгаа юм.

Тэгвэл Монголбанкны дараагийн ерөнхийлөгч хэн бэ гэсэн марафон аль хэдийнэ эхэлжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар Н.Баяртсайханы орыг ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Ганбат залгамжилна гэсэн мэдээлэл байна.

Түүний хувьд өнгөрсөн зургадугаар сард ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон нэгэн юм.

Тодруулбал, тэрбээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэж байгаад ийнхүү тэргүүн дэд дарга болсон. Өмнө нь Сангийн яам, Монголбанкинд ажиллаж байсан, Баянхонгороос гаралтай нэгэн.

Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сарын 8-нд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хуульч мэргэжилтэй Б.Ганбатыг томилсон байдаг. Б.Ганбат нь ОХУ-ын Дотоод явдлын яамны академи, Лондонгийн их сургуулийн хуулийн коллеж төгссөн. 1990-1995 онд Дорноговь аймаг, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч, 1995-2013 онд Сангийн яамны хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, орлогч дарга, газрын дарга, 2013-2014 онд Дэлхийн банкны төсөлд шинжээч, 2014-2016 онд өмгөөлөгч, 2016 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, 2016-2018 онд Монгол банк, Хууль эрх зүйн газрын захирал, 2018-2019 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга, 2019 оны зургадугаар сард ЗГХЭГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон.

Хэрвээ энэ мэдээлэл үнэн бол Б.Ганбат даргын хувьд нэг жилийн дотор гурван албан тушаал хашсан нэгэн болох юм байна.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлж, оронд нь ЗГХЭГ-ын тэргүүн дэд Б.Ганбатыг томилох тохироо хийгджээ.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.