| | USD/MNT 0₮

Монголд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хуулиар гэмт хэрэг гэж үздэггүй

Монголын эмэгтэйчүүдийн сангаас ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох хариуцлага эрхзүйн орчин бүрдүүлэх шаардлагыг өнөө өглөө УИХ-ын 75 гишүүнд хүргүүлсэн талаар эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах иргэний байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийлээ.

Ер нь ажлын байран дээрх бэлгийн дарамт, сүрдүүлэг их байдаг байна. Энэ онд гэхэд ХЭҮК-т ийм төрлийн 74 гомдол ирсэн байна. Ихэнх нь ил гардаггүй, асуудлыг нь авч хэлэлцдэггүй болохоор нам дарагдаад өнгөрдөг аж.

Тодруулбал, бэлгийн дарамт, хүчирхийлэлд өртсөн хохирогчид Жендэрийн эрх, тэгш байдлын тухай хуулинд зааснаар Хүний эрхийн үндэсний комисст гомдол гаргах эрхтэй байдаг. Гэвч ихэнх гомдлыг хүлээн авч, ажлын байрны бэлгийн дарамт гэж нотлогдсонгүй гэдэг шалтгаанаар гомдлыг хэрэгсэхгүй болгодог байна.

Энэ нь Монгол Улсад ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох хууль эрх зүйн орчин ямар бүрхэг байгааг харуулж байгаа гэдгийг Монголын эмэгтэйчүүдийн сангаас мэдээлэл хийх үеэр мэргэжилтнүүд онцоллоо.

Ажлын байран дахь бэлгийн дарамтыг хуулиар гэмт хэрэг гэж үздэггүй

Монголын эмэгтэйчүүдийн сангийн тэргүүн Ш.Ариунаа “Олон улсад Монгол Улсын иргэнтэй холбоотой ажлын байрны бэлгийн дарамт үзүүлсэн  хэрэг үүссэн. Энэ асуудал нь манай улсад ажлын байрны бэлгийн дарамт хэр ноцтой байдалд хүрснийг харуулж байна. Тиймээс манай эвсэл УИХ-ын гишүүдэд шаардлагыг албан ёсоор хүргүүллээ. Өмнө нь сэтгүүлчдэд ажлын байрны бэлгийн дарамтлал гэж юу вэ гэдэг талаар удаа дараа сургалт, мэдээллийг өгч байсан. Цаашдаа энэ талаарх олон нийтийн мэдлэг мэдээллийг нь дээшлүүлж, ажлын байрын бэлгийн дарамтыг нарийн таниулахаас эхлэн хийх юм маш их байна.

Өнөөдөр хууль эрх зүйн орчинд ажлын байрны бэлгийн дарамтын талаар Жендэрийн эрх, тэгш байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад 12, дөрөвдүгээр заалтад “Ажлын байрны бэлгийн дарамтлалыг хориглох тухай” заалт орж байсан. Гэвч 2017 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулахдаа энэ заалтыг бүхэлд нь хассан. Мөн одоо Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад орох ажлын байрны бэлгийн дарамтын талаарх зүйл, заалтууд төдийлөн оновчтой бус байдлаар томъёологдож байна. Тиймээс Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүрэг, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахад анхаарч, төрөөс хууль тогтоомжоо илүү боловсронгуй болгох шаардлагатай байна. Ажлын байран дээрх бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж үздэггүй. ХЭҮК-т гомдол гаргадаг ч ажлын байрны бэлгийн дарамт гэж нотлогдсонгүй гээд гомдлыг хаадаг. Тэгэхээр хууль эрхзүйн орчин нь ямар байгаа нь тодорхой харагдаж байгаа биз. Бэлгийн дарамтад өртсөн эмэгтэй бол манай холбоодод хандаж болно шүү” гэв.

Б.Алтанчимэг: Охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаална

“Монгол эмэгтэйчүүд, ээжүүдийгээ их дорд үзэж байна. Монгол Солонгос эмэгтэй байх нь хамаагүй. Эмэгтэйчүүдийн эрх бол эрх. Өнөөдөр монгол эмэгтэйд ийм зүйл тохиолдсон бол  Олон улсад ийм байдал үүслээ. Тэгэхээр охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг цаашид дорвитой хамгаална.

Хүний хийсэн хэрэг увайгүй үйлдлийг хаацаалдаг баймааргүй байна. Нийт монгол эрчүүдийг олон улсад ийм гэж харж болохоор. Монголчууд гэдэг утгаараа дэлхий нийтэд буруу ойлголт төрүүлэх ёсгүй. Тиймээс иргэдийг чадавхжуулах, хууль эрхзүйн орчноо сайжруулах ёстой байна”

Төр засаг олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалахгүй байна

Хуульч С.Дондов “Ажлын байрны бэлгийн дарамтын талаар хууль эрхзүйн тал дээр ямар зохицуулалт гэж алга. Тиймээс хууль эрхзүйн орчноо боловсронгуй болгох ёстой. Олон улсын байгууллагаас хэд хэдэн зөвлөмж ирж байсан.

Мэдээж тодорхой хуулиудад заалт оруулсан ч хариуцлагын байдал нь тодорхой биш. Эрүүгийн хуулийн зүйл заалтыг бүр авч хаясан байдаг. Олон улсын өмнө хүлээсэн үүрэг охид эмэгтэйчүүдийнхээ эрхийг төр засаг хангахгүй биелүүлэхгүй байна. Эрүүгийн хуулиас хассан зүйл заалтыг дахин оруулах шаардлагатай” гэлээ.

Бэлгийн дарамт нь хувь хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулдаг

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа “Бидний хамгийн гол зорилго бол бэлгийн дарамт Монгол Улсад битгий байгаасай гэж хүсч, хамтран нэгдсэн сүлжээ байгаа. Бэлгийн дарамт нь хувь хүний халдашгүй байдал, нэр төр, аюулгүй байдалд маш их хор хөнөөл учруулдаг. Эдийн засгийн хувьд ч хохирол учруулдаг. Тэр болгон хохирогч ил гарч ирдэггүй. Өнөөдөр МИАТ-ийн онгоцны үйлчлэгчийн өгзгөнд хэн нэгэн хүрсэн бол олонд нийтэд ил мэдэгдэхгүй. Учир нь Монгол Улсад тэр хүнийг хамгаалах хууль эрх зүйн орчин байхгүй. “Хүний эрхийн Үндэсний комисст мэдээлж болно” гэж байгаа хэдий ч тэр гомдлыг хүлээж авсан ч хариуцлага тооцох механизм байхгүй. Энэ байдал нь бэлгийн дарамтыг хавтгайруулж байна. Энэ бол ичгүүртэй явдал. Хэдхэн жилийн өмнө Герман эмэгтэй Монголд аялсан дурсамжаа сошиал хуудаснаа нийтлэхдээ “Монголд хамгийн аймшигтай зүйл нь хүүхдээсээ авахуулаад хөгшин хүн хүртэл миний биед дур мэдэн хүрч байсан. Ямар ч зөвшөөрөлгүй хүрдэг. Тэр бол маш аймшигтай байсан” тухайгаа бичсэн байсан. Япон эмэгтэй ч бас ийм асуудалд гарч байсан.

Энэ чинь байж болох зүйл биш. Хувь хүний халдашгүй орон зайд шууд халдаж байна гэсэн үг. Өмнө нь монголчууд энэ үйлдлийг байж болдог зүйл гэж боддог байсан бол одоо байж болохгүй ээ. Дэлхий нийтийн жишиг хандлага өөр болсон. Бид өнөөдөр XXI зуунд амьдарч байгаа иргэд.  Ийм хандлага гаргасан хүнийг бид ямар ч байдлаар хүлээн зөвшөөрч болохгүй. Дээрээс нь зөвтгөж болохгүй шүү. Би хувьдаа Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын онгоцны үйлчлэгчээс уучлал гуйгаасай гэж бодож байна. Ёсзүйн хариуцлага ч хүлээх ёстой гэж бодож байна. Ийм үйлдлийг халхаж, хаацайлбал олон нийт байх ёстой зүйл юм байна гэдэг ойлголтыг авах учраас таслан зогсоох шаардлагатай” гэдгийг хэлсэн юм.

Ажлын байрны бэлгийн дарамтын талаар хамгийн сүүлд 2017 онд онлайн судалгааг хийжээ. Уг судалгаанд нийт 790 гаруй хүн оролцсоноос ажлын байрны бэлгийн дарамт Монгол Улсад газар авсан гэх дүгнэлтийг гаргасан байдаг аж. Мөн 2018 онд өнгөрөгч 2004 он ба 2017 онд ажлын байрны бэлгийн дарамт яаж өөрчлөгдсөн талаар харьцуулсан судалгааг хийж байжээ. Судалгаагаар төрийн албанд 64 тохиолдол байгаа нь ажлын байрны бэлгийн дарамт гарч буй байгууллагуудын 57.6 хувийг эзэлж байгаа дүн гарчээ.

Ажлын байран дээрх бэлгийн дарамтыг гэмт хэрэг гэж үздэггүй. ХЭҮК-т гомдол гаргадаг ч ажлын байрны бэлгийн дарамт гэж нотлогдсонгүй гээд гомдлыг хаадаг. Тэгэхээр хууль эрхзүйн орчин нь ямар байгаа нь тодорхой харагдаж байгаа биз. Бэлгийн дарамтад өртсөн эмэгтэй бол манай холбоодод хандаж болно шүү.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.