| | USD/MNT 0₮

УИД-ийн дээвэр дээр гал алдсан байж болзошгүй долоон хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Чингэлтэй дүүргийн III хороо, “Номин холдинг” ХХК-ийн эзэмшлийн Улсын их дэлгүүрт гал өнгөрсөн амралтын өдөр их хэмжээний гал гарсан. Үүнтэй холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр ОБЕГ болон ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр "Азаар хүний амь нас эрсдээгүй. Тухайн үед долоон хүний амьсгал боогдсон, гэхдээ аварч чадсан. Үүнээс гадна галыг унтраахаар ажиллаж байсан хоёр алба хаагч угаартсан, биеийн байдал хэвийн байгаа юм байна. Энэ үйл явдал бидэнд маш том сургамж боллоо. Цаашид ямар ажил хийх вэ, юунд анхаарах вэ гэдэг тал дээр анхаарч ажиллах ёстой. Уялдаа холбоогоо сайжруулах хэрэгтэй байна" гэв. 

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Нямбаяр "Их дэлгүүрт гарсан галыг найман ангийн 230 алба хаагч ажилласан. Дээрх гал түймэрт онцгойгийн 230 алба хаагчаас гадна цагдаагийн 180 алба хаагч ажилласан.

Барилга бүхэлдээ утаа болж, үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон. Дулааны үйлчлэл жигд тархсан, шатах материал ихтэй, утаа зайлуулах, агааржуулалтын систем байхгүй байсан нь галыг богино хугацаанд тархах нөхцөлийг бүрдүүлсэн. Энэ нь гал унтраах үйл ажиллагаанд хүндрэл учруулж байсан. Тухайн үед онцгойгийн хоёр алба хаагч утаанд хордсон. Тэдэнд яаралтай тусламж, эмнэлгийн байгууллагын тусламжийг үзүүлсэн. Одоогоор биеийн байдал нь хэвийн байгаа болно" гэх тайлбарыг өглөө. 

ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, хурандаа Д.Отгонжаргал "Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор ажиллаж байна. Шинжээчийн дүгнэлт гараагүй байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр ажиллаж байсан компанийн ажилчдаас мэдүүлэг авсан.

Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.11.2-т зааснаар хэрэг бүртгэл нээж, хэргийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар дээвэр дээр засвар хийж байсан ажилчдын нэг нь хар цаас халааж байх үед дээврийн хөөсөнд гал өгч, гал гарсан гэж мэдүүлсэн. Гэхдээ галын голомт хаанаас, шалтгаан нөхцөл зэрэг нарийн шалгалтыг явуулж байна. Энэ хэрэг дээр Чингэлтэй дүүргийн цагдаагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна” гэлээ.

Урьдчилсан байдлаар дээвэр дээр засвар хийж байсан ажилчдын нэг нь хар цаас халааж байх үед дээврийн хөөсөнд гал өгч, гал гарсан гэж мэдүүлсэн. Гэхдээ галын голомт хаанаас, шалтгаан нөхцөл зэрэг нарийн шалгалтыг явуулж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.