| | USD/MNT 0₮

Улсын яллагч шүүх бүрэлдэхүүнээс татгалзснаар Б.Хурц нарт холбогдох шүүх хурал дахин хойшиллоо

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэрэгт буруутгагдсан ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, мөрдөгч, хурандаа О.Бархасбадь, О.Бямбажав, Гүйцэтгэх албаны ажилтан С.Баяр, Ж.Мөнхгал, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын хэлтсийн дарга, хурандаа Ү.Отгонбаяр, мөн газрын Цагдан хорих ангийн төлөөлөгч С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарын есөн хүнд холбогдох шүүх хурал Төв аймгийн Сум дундын шүүхэд өнөө өглөө 09.00 цагт эхэллээ.

Тус хэргийн шүүх хуралд улсын яллагч, хохирогч, өмгөөлөгч, шүүгч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар оролцож буй.

Гэвч шүүх хурал дахин хойшилжээ. Тодруулбал, улсын яллагч нь шүүх бүрэлдэхүүнээс татгалзснаар хурал дахин хойшилж байна. 

Шүүгдэгч Б.Хурцын өмгөөлөгч Б.Мэргэн “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд С.Зоригийг хөнөөсөн хэргийг нууцаас гаргаач ээ гэсэн хүсэлтийг бид өгсөн юм. Түүнээс хойш долоо, найман сар өнгөрлөө. “Сайн хүний нэрийг гурав худалдаж иднэ” гэгчээр С.Зоригийг хөнөөсөн хэргийн эздийг илрүүлнэ гэсэн байдлаар маш олон хүн улс төрд орж, гишүүн сайд дарга боллоо.

Төрийн нууц гэдэг нь тодорхой нэг зорилгын хүрээнд, тодорхой цаг хугацаанд нууцлаад, зорилгодоо хүрсний дараа ил болж байх ёстой. Одоо нэгэнт энэ хэрэг илрээд, гурван шатны шүүх шалгаад дуусчихлаа. Тэгэхээр нуугаад байх шаардлага байхгүй" хэмээн ярьж байсан удаатай.

Нийслэлийн Прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.3, 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./, мөн хуулийн тусгай ангийн 251 дүгээр зүйлийн 251.1 /Хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, тарчилган зовоох, тохуурхан даажигнах, хуурч мэхлэх зэрэг хууль бус арга хэрэглэж мэдүүлэг өгөхийг албадан эрүү шүүлт тулгасан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ./ дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хавтаст хэргийг ирүүлсэн байна.

 

Төв аймгийн Сум дундын шүүхэд ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнд холбогдох шүүх хурал хаалттай эхэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.