| | USD/MNT 0₮

ДЭЛХИЙН ТАМХИГҮЙ ӨДӨР:ТАМХИ ТАНЫ ЭРҮҮЛ МЭНД БОЛООД ЭДИЙН ЗАСГИЙГ ЗАЛГИНА

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн тавдугаар сарын 31-нийг Дэлхийн тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг билээ.

Тиймээс энэхүү өдрийг дэлхийн нийт улс орнууд тамхи татсанаар эрүүл мэндэд учруулах эрсдэлийг олон нийтэд таниулах, тамхины хэрэглээг багасгах талаар сурталчилгаа явуулж тэмдэглэдэг.

Өнгөрсөн жил манай улс “Тамхийг бус эрүүл мэндээ сонгоё, өдөр бүрийг тамхигүй болгоцгооё” гэсэн уриа дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ жил өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнээс урьдчилан сэргийлж, тамхи үйлдвэрлэгчдийн ашгаас хамгаалъя уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ жилийн хувьд цар тахлын улмаас ихэнх арга хэмжээгээ онлайн буюу цахимаар явуулсан байна. 

Тамхигүй өдрийн гол зорилго нь тамхины хэрэглээ болон түүнээс үүдсэн хор хөнөөл, экологи, эдийн засгийн гамшгаас хойч үеийнхнийг хамгаалах явдал юм. ДЭМБ-ын мэдээлснээр, тамхины хэрэглээ нь насанд хүрсэн арван хүн тутмын нэгийг үхэлд хүргэдэг байна.

НҮБ-ын мэргэжилтнүүдийн тооцоогоор дэлхийн нийтийн тамхины одоогийн чиг хандлага цаашид үргэлжилсээр байвал чимээгүй үхэл буюу тамхины улмаас энэ зуунд нэг тэрбум гаруй хүн нас барна гэсэн судалгаа байдаг аж. Манай улс ч мөн адил энэ өдрийг тэмдэглэх болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ өдөр тамхи худалдаалахгүй, мөн тамхи татахгүй байхыг уриалсан арга хэмжээнүүд зохион байгуулагддаг билээ.

Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна. Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.

Тамхинд 400 гаруй химийн бодис агуулагддагаас 43 төрлийн хорт бодис нь хүний биед хорт хавдар үүсгэдэг байна. Тамхийг үйлчлэлээр нь мансууруулан донтуулах, хорт хавдар үүсгэх, тэсэрч дэлбэрэх, шууд үхэлд хүргэх гэж дөрөв хувааж үздэг ажээ.

Монгол Улсын нийт хүн амын 27.1 хувь нь тамхи татдаг бөгөөд хоёр эрэгтэй тутмын нэг буюу нийт эрэгтэйчүүдийн 49.1 хувь, 20 эмэгтэй тутмын нэг буюу эмэгтэйчүүдийн 5.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааны дүн байдаг юм байна.

Тамхи нь таны эрүүл мэнд болоод эдийн засгийг залгих тул Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс тамхиа хая, тамхины хэрэглээгээ багасгах талаар сургалт сурталчилгааг байнга явуулж байна. 

Дэлхийн хэмжээнд тамхи татсанаас болж жилд дөрвөн сая хүн, өдөрт 11 мянган хүн, минутад зургаан хүн нас бардаг байна. Энэ тоо 2030 он гэхэд хоёр дахин өсч 10 саяд хүрэх тооцоог Дэлхийн эрүүл мэндийн байгууллага гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.