| | USD/MNT 0₮

М.Тулгат: Б.Саранчимэг гишүүний санал болгосны дагуу Хотын дарга наран шарлагын газар байгуулах саналыг дэмжсэн

НИТХ дахь АН-ын бүлэг ослоос сэргийлэх менежмент хэрэгжүүлэх шаардлага хүргүүллээ

НИТХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хотын аюулгүй орчны асуудлаар мэдээлэл авахаар хотын удирдлагуудаас мэдээлэл авах уулзалт товлосон боловч хотын удирдлагууд оролцсонгүй. Харин Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд мэдээлэл өглөө.

Мэргэжлийн байгууллагуудтай санал солилцон, мэдээлэл авч, тус бүлгийн төлөөлөгчид уг асуудлаар хотын даргад шаардлага хүргүүлсэн юм.

Уг шаардлагад дараах дөрвөн асуудлыг хөндөж, санал зөвлөмж болгожээ.

  1. Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нэн яаралтай 4 хүүхдийн ээж аавууд, ар гэрийнхэнд очиж уулзан, хотын удирдлагын хувиар уучлал хүсэх нь зүйтэй. Бид зөв жишгийг тогтоох, биеэр үлгэрлэх ёстой.
  2. Өнгөрсөн 2 өдрийн байдлыг харахад “бид шалгасан”, “ажлаа хийж байсан”, гэтэл “хариуцлагагүй этгээдээс боллоо”, “газрыг нь 6 жилийн өмнө олгож байсан байна” гэх зэргээр асуудлыг өөр тийш хандуулж, зарим талаар улс төржүүлж байгаа нь тун зохисгүй харагдаж байна. Аюултай орчин байсан уу байсан, түүнээс хүүхдүүдээ хамгаалж чадаагүй юу чадаагүй. Харин 2012-2016 нэг ч газар олголт явагдаагүй бөгөөд, зөвхөн Үндэсний цэцэрлэгт хүрээнгийн захирал, одоогийн УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санал болгосны дагуу Нийслэлийн засаг дарга наран шарлагын газар байгуулах саналыг дэмжсэн албан бичиг гаргасан байдаг (газрын захирамж биш). Иймд, мэдээллийг үнэн бодитоор хүргэж, залруулахыг хүсье.
  3. Болсон явдлын талаарх НМХГ-ын даргын тайлбараас үзэхэд хяналтын байгууллага удаа дараа шаардлага тавин ажиллаж байсан байна. Ер нь хяналтын байгууллага компани, ААН-үүдэд зөрчлөө арилгах талаар шаардлага тавьж, үйл ажиллагааг нь зогсоох мэдэгдэл өгдөг ч, түүнийг нь үл тоодог, үйл ажиллагаагаа явуулсаар байдаг, зөрчлөө арилгадаггүй байдлыг цаашид бүрмөсөн шийдвэрлэх, шийдвэртэй өөрчлөлт гаргах шаардлагатай нь үүгээр харагдаж байна. Үүнд АН-ын бүлгийн төлөөлөгчид хамтарч ажиллахад бэлэн.  
  4. Цаашилбал, зөвхөн хяналт шалгалтын байгууллагуудад найдах биш, иргэн бүр өөрийн харсан, анзаарсан аюул эрсдлийг мэдээлдэг, түүнд нь холбогдох байгууллагууд шуурхай арга хэмжээ авдаг тогтолцоог бий болгох шаардлагатай. Иймд нийслэлийн хэмжээнд “Аюулыг мэдээлэх шуурхай утас” гарган, иргэдээс энэ төрлийн мэдээлэл авч, шуурхай арга хэмжээ авч байх аюул ослоос сэргийлэх менежментийг хэрэгжүүлэхийг Нийслэлийн удирдлагуудад санал болгожээ.
М.Тулгат: Б.Саранчимэг гишүүний санал болгосны дагуу Хотын дарга наран шарлагын газар байгуулах саналыг дэмжсэн
Улс төр

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.