| | USD/MNT 0₮

Б.Соёнбилиг:Мөргөлөөр бид эрүүл бие, гоо сайхан, сэтгэлийн амар амгалан, ёс суртахууны төлөвшлийг олж авдаг

Шинжлэх ухаанд мөргөлийг тайлбарлахдаа хөдөлгөөнд нь 200 гаруй гимнастикийн элемент багтсан байдаг гэжээ. Энэ нь хүний биеийн галбирыг сайхан болгож, цусны эргэлтийг сайжруулан, биеийн хөдөлгөөн уян хатан болж, хуян шар ус арилгадагийг нотолсон байна.

Эмч нар өдөрт 108 удаа сунаж мөргөхийг зөвлөх болж. Турж, эрүүлжин, гоолиг болохыг хүсэгчдэд ч энэ аргыг зөвлөж байна. Дундаж хурдаар хийхэд 108 удаа сунаж мөргөхөд 15-20 минут зарцуулдаг. Өглөө, өдөртөө хоёр удаа хийж заншвал тун сайн гэнэ.

Ингээд мөргөлийн ач тус, мөргөл хийснээр хүний бие болоод сэтгэлд ямар өөрчлөлт гардаг талаар Б.Соёнбилигтэй ярилцлаа.

-Сайн байна уу, тантай сунаж мөргөхийн ач тусын талаар ярилцаж байгаад баяртай байна. Та манай сайтын уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Намайг Б.Соёнбилиг гэдэг. Хувь хүн хэн байхаас үл хамаараад ямар үзэл санаа дэвшүүлж байгаа, хэнд үнэ цэнэ, ямар үнэт зүйлийг өгч байна гэдэг чухал учраас би “1080 Мөргөл” группийг үүсгэн байгуулж, админаар нь ажилладаг. Та тогтмол мөргөж эхэлсэн юм чинь “1080 Мөргөл” групптээ өдөр бүр байгаа тохиолдолд тухтай танилцах боломж гарах байх.

-Ер нь сунаж мөргөхийн ач тус эрүүл мэнд талаасаа ямар ач холбогдолтой вэ?

Эхлээд эрүүл мэндийн тухай ижил ойлголттой болж байж дараа нь мөргөлийн ач холбогдлыг ярьвал дээр болов уу. Эрүүл мэнд гэдэг дөрвөн зүйлээс бүрддэг.

1. Бие эрүүл байх,

2. Сэтгэл эрүүл байх. Үүнд: Амьдралын зовлон жаргалыг аль алинийг нь мэдэрдэг байх.

3. Оюун санаа эрүүл байх. Аливааг танин мэдэх, суралцах, анализ хийх чадвартай байх.

4. Ёс суртахуун өндөр байх. Алдаа гаргавал ухамсарлаж, хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээж, уучлал гуйж, шийтгэлээ хүлээн авч чаддаг байх. Товчдоо нүгэл бага үйлддэг хүн байх гэж хэлж болно.

Биеийн эрүүл мэндийг л эрүүл мэнд гэж ярьдаг байтал яагаад, хэн оюун санаа, сэтгэл зүй, ёс суртахууныг нэмчихэв ээ? гэж гайхаж байвал үүнийг ойлгоход 1.Сэтгэлзүйн болон сэтгэцийн эмгэгийн тухай мэдлэг хэрэг болох байх.

2. Монголын уламжлалт тэжээхүй ухаанд эрүүл мэндийн хүрээг энэ дөрвөн зүйлээр тодорхойлдог.

Бие эрүүл чийрэг, бяр тэнхээтэй, 150кг-ийн штанг өргөдөг, гар дээрээ 150 суниадаг гээд ёс суртахуун төлөвшөөгүй бол, нийтийн өмчийг хулгайлж хувьдаа завшиж, эрх мэдлээ урвуулж хувийн ашиг сонирхолдоо ашиглаж байвал тэр хүн яагаад ч эрүүл хүн биш.

Ёс суртахуун хэмээх хүн ёсны нарийн хэмжүүрийг үгүйсгэдэг юм гэхэд ядахнээ хуулийн тайлбараар хэмжвэл ард түмний, нийтийн өмчийн эсрэг хэрэг хийсэн хүн гэмт хэрэгтэнд (энгийн бус хүнд) тооцогддог биз дээ? Бие махбод эрүүл байлаа гээд сэтгэхүй, зан суртахууны доголдолтой бол эрүүл хүнд тооцогдохгүй гэсэн үг. 

Өөрөөр тайлбарлахад короновирусын хорио цээрийн энэ үед Эрүүл мэндийн байгууллагаас сэтгэл санаагаа тайван байлга, олон нийтийг айдас хүйдэст автуулсан мэдээ битгий түгээж шэйрлэ.

Дархлаагаа сайжруул гэж өдөр бүр зөвлөж байна. Эрүүл мэндийн асуудалд “сэтгэл санаа тайван байх” нөхцөл чухалд тооцогдож байгааг харж болох нь. Өнөөдөр дэлхийн 5.6 сая хүн короновирусын халдвар авч, 2.4 сая хүн эдгэж, 350 гаруй мянган хүн нас барлаа. Нас барсан хүмүүс бүгд хөдөлгөөний дутагдалтай, дархлаа султай, сэтгэл санааны хямралтай хүмүүс байгаад, эдгэсэн хүмүүс нь бүгд хөдөлгөөний дутагдалгүй хүмүүс байв уу?

Үүнд тохирох хариулт хэрэгтэй гэвэл монголчууд бид дорнын үндэстэн. Дорнын философиор бол Эрүүл мэнд гэдэг биеийн эрүүл мэнд, сэтгэл санаа тайван байх төлөвөөс даваад зан суртахууны төлөв рүү орж, сэтгэлийн гэм нисваанис, хилэнц нүгэл, түүнийгээ наманчилан арилгаснаас ирэх буяны тухай ойлголт руу холбогддог. Эрүүл мэндийг сэтгэцийн эрүүл мэнд, ёс суртахуунтай холбож ойлгоно гэж үзээд одоо үндсэн асуулт руугаа орьё.

-Мөргөл эрүүл мэндийн ямар ач холбогдолтой вэ?

-Сэтгэлийн гэм, нисваанис, буян нүглийн асуудлын бодит шийдэл нь Мөргөл. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үгтэй жишвэл өдөр бүр тогтмол мөргөл хийснээр илүүдэл жин хасагдах, гоолиг болох, царай зүс гоо сайхан болох, дотор бие эрхтэн тогтолцооны өвчин эмгэг, үе мөчний шархираа арилах гэх мэтээр гарах маш олон биеийн Эрүүл мэндийн үр дүнгүүд нь ердөө л мөргөл үйлдсэний “өдрийн” буюу ойрын хугацаанд 7-30 хоногийн дотор гарах хариу үр дүнгүүд юм.

Үүний цаана нь “жилийн” буюу мөргөлийн урт хугацааны хариу үр дүн нь дотоод сэтгэлийн үймрэл, нисваанис дарагдсанаар муу үйлийн үүд хаагдах, буян заяаны үүд нээгдэх, үйлийн түйтгэр, заяаны түйтгэр арилах гэх мэт ач холбогдолтой. Тиймээс мөргөл бол бусад биеийн тамирын дасгал хөдөлгөөн иог фитнестэй адилтгаж харьцуулшгүй эрхэмсэг үйл.

Энэ утгаараа мөргөл бол бие махбод эрүүл байх, оюун санаа хурц тод байх, сэтгэлийн сайн сайхан байдлаа хадгалах, ёс суртахууны төлөвшил олох гэсэн эрүүл мэндийн 4 үндсэн хүрээг хамардаг, Бие, Хэл, Сэтгэлийг цогц ариуслын үйл л дээ.

-Сүүлийн жилүүдэд мөргөлийг их эрчимтэй хийдэг болжээ хүмүүс?

-12 жилийн өмнөөс л мөргөл гэдэг энэ зүйлийг олноороо хийж болдог, эрүүл мэндийн үр дүн гардаг юм байна гэдэг мэдэгдэхүүнтэй болсноос биш өмнө нь энэ зүйл олон нийтэд хаалттай байлаа. Гэтэл мөргөл бол манай үндэсний соёл, сэтгэлгээний гол цөм нь байж шүү дээ. Тэрхүү олон нийтэд хаалттай байсан манай үндэсний соёл, сэтгэлгээ, үндэсний үзлийн оньс болсон энэ Мөргөлийг олон нийтэд нээж өгсөн нэгэн их хүн бий. Өнөөдөр 108 мөргөл хийж байгаа хүн бүр тэр хүнд талархах учиртай. Магадгүй хэдэн жилийн дараа тэр хүн өөрийн бүтээл туурвилаараа тодроод гараад ирэх байх.

-Тасралтгүй 108 мөргөсөн хүн турдаг, эрүүлждэг, залууждаг гэж ярьдаг юм билээ?

-Мөргөл хийгээд эхлэхээр цусны эргэлт эрчимжиж, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирснаар өтгөн хаталт арилж байна. Хэвлийн таргалалт арилахаар жин хасагдаж, галбиржиж гоолиг болж, царай зүс нь гэрэлтэж байгааг өөрийн бие дээрээ мэдэрсэн маш олон хүн мөргөл хийж байна.

-Гоо сайхан талаас нь та уншигчдад тодорхой тайлбарлаж өгөөч?

-Мөргөл бол гоо сайхнаа хадгалах, хамгаалах ухаалаг сонголт гэж хэлэх байна. Ухаалаг байдал бол Гоо сайхны илэрхийлэл гэж би ойлгодог. Тиймээс өдөр бүр тогтмол 15-30 минутанд 100-300 мөргөхөд гоо сайхан байдал, залуу нас таных болно гэж итгэлтэй хэлмээр байна. Яагаад үгүй гэж? Нүүрний болон биеийн арьс хуурайших, холцруутах, нүүрэнд нөсөө тогтох, батга гарах, хумс хугарамхай болох, гялалзсан өнгөө алдах, үс ихээр унаж шингэрэх зэрэг нь гоо сайхныг алдагдуулдаг зүйлс мөн биз дээ?

Тэгвэл эдгээр асуудлууд яагаад үүсдэг юм бэ? гэхээр элэг, цөсний замын эмгэг, нарийн бүдүүн гэдэс хоол боловсруулах эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой. Тогтмол мөргөл хийхээр ходоод бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжраад илүүдэл зүйлс гадагшилж, дотор эд эрхтэний ачаалал буурч, хэвийн ажиллана. Ингэхээр хүн эрүүл болно. Гоо сайхан байдал алдагдахгүй. Энэ зүй тогтлыг ойлгохгүйгээс, мэдэхийг хүсдэггүйгээс нүүрэндээ элдэв нөсөө арилгах тос, маск, үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн түрхээд гаднаас нь л янзлах гээд үзээд байдаг. Бүтэхгүй шүү дээ. Тэрний оронд өдөр бүр тогтмол мөргөл хийгээд бие, хэл, сэтгэлээ цэгцтэй эрүүл авч явбал гоо сайхан, гоолиг, эрүүл байдал өөрөө үнэгүй ирнэ гэж зөвлөмөөр байна.  

-Мөргөл үйлдэхдээ юуг анхаарах ёстой вэ?

-Мөргөл хийхдээ өөрийнхөө болон бусдын сайн сайхныг бодож, баруун зүүн мөрөн дээрээ аав ээж, эмээ өвөө, өөрийн 9 үеийн дээд өвгөд буурлуудаа суулгаад мөргөж байна гэж төсөөлөн, тэднийхээ ачлалыг бодож, өөрийнхөө бие хэл сэтгэлээр үйлдсэн гэм нүглийг Бурхан, Номын өмнө наманчилан, залбирч мөргөх хэрэгтэй. Мөргөл гэдгийг Бурханд мөргөх мөргөлөөр ойлгоорой. Мөргөлийн биеийн тамирын дасгал хөдөлгөөн, иогоос ялгарах онцлог бол дотоод бясалгал төвлөрөл нь. Тэр тухай тодорхой ойлголтгүйгээр мөргөвөл эрүүл мэндийн багахан үр дүнг хүртэх ч дотоод мөн чанар, үзэл санаанд гарах ахиц, үр шимийг хүртэж чадахгүй.

-Нарны мөргөл гэж ярьдаг юм билээ. Энэ нь нэг талаар иог уу?

-Нарны мөргөл гэж хүмүүсийг төөрөгдүүлсэн иог байдаг юм билээ л дээ. Иог бол иог, мөргөл бол мөргөл. Хүрэх үр дүн, зорилго зоригдол нь ч өөр. Жишээ нь тэр нарны мөргөл иог хийж байхдаа эмээ өвөөгөө төсөөлөх гээд үз л дээ. Тэгээд иог хийчихээд “Бусдын төлөө иог хийлээ.” гэж хэлээд үз. Авцалдахгүй, агуулга үр дүн нь мөргөлтэй харьцуулагдахаар өндөр байж чадахгүй.

Иог хийх, хөнгөн атлетикийн дасгал сургуулилт хийх, спорт зааланд бэлтгэл хийх, сагс тоглох адилхан.  Иог хийгээд хэд гурав атиралдаж, уян хатан байдлыг олж авах л байх. Гэвч дотоод сэтгэлийн хөгжил, ухамсар, сэтгэл алгасрал, нисваанисаа багасгах асуудал огт яригдахгүй. Тэгээд ч энэ их дэлгэрээд байгаа иог, буясалгалууд чинь гаднаас импортоор орж ирсэн харь соёлууд шүү дээр. Тэдгээрийг дагаад мөнгөн урсгал гадагшаа урсаж байгаа. Гэтэл үндэсний уугуул "Төрсөн эх" соёл нь байсаар байтал айлын сайхан эгчийг дагаж дуурайж гүйх тэнэг хүүхэд шиг л байцгаасаар байна…...

-Яаж мөргөх ёстой вэ?

-Мөргөл бол Хүннү гүрнээс эхтэй, Уйгур гүрнээс уламжлалтай гэдэг нь археологийн шинжлэх ухаанаар батлагдсан, Их Монгол гүрэн, Их Юань улсаас дамжиж ирсэн нь судар бичгээрээ нотлогдсон манай үндэсний соёлын цөм үйл учраас бүрэн дүүрэн итгэлтэйгээр “Бурханд мөргөмүй, Номонд мөргөмүй, хуврагат мөргөмүй” гэж хэлээд мөргөж байгаарай. Манжийн үед л шарын шашны элдэв балай тайлбарт хучигдаж бүдгэрсэн болохоос биш энэ бол манай 9 үеийн өвгөд буурлуудын минь дамжуулсан соёл.

Зулай, хоолой, зүрхэндээ гараа хавсарч залбираад 5 гишүүнтээр буюу өвдөглөж мөргөх эсвэл 7 гишүүнтээр буюу сунаж мөргөнө. Мөргөхдөө гараараа эхэлж газар тулдаг. Хүмүүс өвдөгөөрөө тулаад байдаг. Хятад ёсонд л өвдөгөөрөө сөхөрч суугаад мөргөх юм билээ. Бодвол Хятадад харгис хаан эзэд их гарсан болохоор бушуухан сөхөрч сууж мөргөхгүй бол толгойгүй болдогоос үүдэж тогтсон ёс юм байлгүй /инээв/. Хүмүүс мөргөхдөө бурхны зүрхэн тарни тоолоод байдаг. Тарнийг мөргөлөө дуусгасны дараа завилж сууж байгаад тоолох хэрэгтэй.

-Эрт дээр үеэсээ Бурхан шүтээндээ мөргөж залбирч ирсэн хүмүүс урт насалж, удаан жаргадаг гэсэн ойлголт байдаг. Энэ үнэний ортой болов уу?

-Залбирал мөргөл гэдэг амьдралын элдэв асуудлаас шалтгаалж сэтгэлзүйд үүсэж байгаа зангирал, сэтгэлийн шаналалаа тайлах нэг арга. Залбирал мөргөл үйлддэг хүн бие хэл, сэтгэлийн зан үйлээ тэр бүү хэл бодлоо ажиглаж, өөрийгөө хянадаг болчихдог. Хийж байгаа зүйлээ хэрэгтэй хэрэггүй, ач холбогдолтой холбогдолгүйг нь ялгаж сурдаг. Энэ бүгд нь цаагуураа эрүүл хүн гэсэн санааг агуулж байгаа болохоор бие хэл сэтгэл нь эрүүл хүн урт насална. Сэтгэл, оюун санаа эрүүл хүн амьдралаас баяр гунигийг зэрэгцүүлэн мэдэрч, олж харж чадах тул удаан жаргаж л таарна даа.

Амьдралын хэцүү бэрхийг мэдрэхгүйгээр, зовлон гунигийг мэдрэхгүйгээр зөвхөн жаргана гэж бодож байвал энэ сэтгэцийн гүн шарх амссан хүн, хэвийн сэтгэлзүйтэй байж чадахгүй хүний л хандлага байх. Хүний ухамсар сэтгэц эрүүл бол баяр гунигийн аль алийг нь зэрэгцүүлэн хүлээн авч, баярлахдаа баярлаж, гунихдаа гуниж, амьдралын олон өнгийг өөртөө шингээж амьдрах болов уу.

Миний мэдэх хар залуугаасаа маань тарни уншсан гэх нэг настан буурай байсан юм. Хоол цайны аль өтгөн, өөх тостойг нь шүүж аягалуулж байгаад иддэг. Анагаахын эмч мэргэжилтнүүдийн зөвлөдгөөр бол холестерин ихдэхэд бөглөрч бүтээд аль эрт хадан гэртээ харьж хандын орондоо одохоороо нэг болсон. Гэтэл 90 гараад 100 насыг бараадаад өнгөрсөн. Нэг удаа өвдлөө хавдлаа, эмнэлэг гэж байсныг нь хүмүүс мэдэхгүй гэх юм билээ.

Гэтэл Нагаржуна гэгээнтний нэгэн шастирт хоолыг гунхалзахын тухайтад биш, гэдсээ дүүргэхийн тухайтад биш, биеэ эрүүл байхын тухайд бодож, зориод идээрэй гэж байдаг гэнэ лээ. Хоол идэхдээ хүртэл сэтгэлээ засаад идэхээр юуг ч байсан шингээдэг байх нь л дээ. Эрүүл урт наслахын нууц нь идсэн бүхнээ шингээх юм байна. Идсэн бүхнээ шингээхийн нууц нь тэр өвгөн буурал настнаар бодвол залбирал мөргөл юм байна л гэж ойлгосон.

-Залбирал, мөргөл, маани мэгзэм унших, зул өргөх зэрэг шашны зан үйлүүд хүний эрүүл мэнд, наслалтад хэрхэн нөлөөлдөг вэ?

Сая ярьснаа арай өөр талаас нь ярье л даа. Эрүүл, урт наслахын нууц нь дотоод хүч буюу биеийн эрчим хэр их байхтай холбоотой. Залбирал, мөргөл, тарни унших, зул өргөх зэрэг нь бүгд гаднаа ердийн нэг шашны зан үйл мэт харагдавч дотроо биеийн эрчмээ хадгалах, бодол санааны хүчээ хуримтлуулах, гадагшаа сацарч, сарниж байгаа сэтгэлийн хүчээ төвлөрүүлэхэд ашигладаг техникүүд гэж ойлгож болно.

Үүнийгээ хөгжүүлж авч явах учиртай шашин сүм хийд нь монгол хэлээ буянгүй гэж доромжилж үзчихээд, өөрсдөө уншиж мэдэхээс утгыг нь ойлгохгүй гадаад хэлнээс цээжилсэн уншлагаараа хүний амьдрал хувь тавиланг тэгшилнэ гээд сууж байгаа нь харин ч эсрэгээрээ мухар сүсгийн дэлгэрүүлж, зул өргөх, тарни унших, мөргөл залбирал үйлдэхийг харанхуй мунхралаа бэхжүүлж, хамгаалж үлдэх хэрэгсэл болгож байна. Бусдад хамаг амьтанд туслах нь байтугай өөрийгөө ч авч явж чадахгүй, бас амьдралаас ухаажиж хашир суусан юм ч байхгүй өдөр болгон чихэртэй цагаан будаа идсээр байгаад өвчин тусаж, урт насалж ч чадахгүй өвчнөөр талийцгаах нь харамсалтай. Өөртөө ч туслах арчаагүй мөртлөө "Хамаг амьтан" гэж чамирхаж ихэрхэхээс нь болоод энэ үгийг сонсохоор огиудас хүрдэг болж.

-Ер нь өдөр болгон мөргөл үйлдэх нь чухал гээд байгаа. Гэтэл шантрах тохиолдол их байдаг. Үүнийг яаж даван туулах вэ?

-Мөргөлийн ач холбогдол, үр нөлөөг нь сайн эргэцүүл бэл шантрал алга болно оо. Таны чин сэтгэлээсээ 3 эсвэл 300 мөргөсөн мөргөл таныг эрүүл болгоно, түүгээр ч зогсохгүй монгол үндэстний соёл, сэтгэлгээ, оюун санааны дархлааг сайжруулахад оруулж байгаа таны хувь нэмэр болох юм шүү. Та мөргөхөө байвал үндэсний соёл тань нэг хүний оролцоогоор дутна.

Та мөргөж эхэлбэл үндэсний соёлд нэг хүний оролцоо нэмэгдэнэ. Түрүүнд өнөөдрийн энэ олноороо 108 мөргөл үйлддэг болох эхлэлийг тавьсан нэг хүний тухай дурдсан нь санамсаргүй үг биш. Нэг хүний оролцоо, нэг хүний хувь нэмэр, нэг хүний хичээл зүтгэл улс даяарын хэмжээнд нөлөөлж, хөдөө гадаа гэлтгүй хэдэн зуу мянгаараа мөргөл хийдэг болоход хүргэсэн гэдгийг хэлэх гэсэн санаа.

Энэ утгаараа таны ганцаараа хичээсэн 100,000 мөргөл таны дээд 9 үеийн өвөг дээдсийнхээ ачлалыг хариулах ачлалт үйл болж, таны 1,000,000 мөргөл өөрийн үр хүүхэд, удмын 9 үеийн үндэсээ хамгаалах сахиусан хүрд болно гэдгийг бодож, ухаарч мөргөвөл юунд шантрах билээ. 1080 Мөргөл группт Мөргөл бол #ДайчинЗамнал гэж бичиж байгаа хүмүүс мөргөлийн цаад, эдгээр ач холбогдлыг ойлгож ухаарсных.

Ач холбогдлыг нь ойлгож ухамсарлаагүй мөргөл хийнэ гэдэг ердөө л турахын тулд хийх утгагүй хүчилсэн Ялт үйл болж хувирна. Мөргөлийн өдрийн болоод жилийн ач холбогдол үр нөлөөг нь сайн бодож, мэдэрч, дуршилтайгаар, бахдал хүндэтгэлтэйгээр үйлдэх хэрэгтэй. 

 -Мөргөлд их бага хийсний ялгаа гэж байдаг уу?

-Байлгүй яахав. Их ачаалал авах тусам эрүүл мэндийн, сэтгэл зүйн өөрчлөлтүүд хурдан гарна.

-Мөргөл хийхэд биеийн хүч орохгүй сэтгэлийн хүч шаардагдаад байдаг шиг?

Хийж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг ахин дахин бодоод ухамсарласан үүднээс хийвэл хүний сэтгэлийн тамир юунд ч хүрнэ ээ. Сэтгэл хүрвэл хүн юуг ч хийж чадна. Короновирусыг ялаад эдгэж байгаа зөндөө хүн байна шүү дээ. Энэ юуг илэрхийлж байна гэхээр хүний сэтгэлийн тамир хүрвэл хорт хавдрыг ч эдгээж чадна гэдгийг харуулж байна.

-Ер нь яаж дадал зуршил болгох вэ?

Гэр бүл, үр хүүхдийнхөө төлөө цаг наргүй ажиллаж, бүхнээ зориулдаг хүмүүсийн хувьд мөргөл бол зөвхөн өөртөө зориулах, өөрийгөө хайрлах цаг хугацаа. Өөртөө оруулж байгаа хөрөнгө оруулалт. Мөргөлөөс хүртэх үр дүнг та л мөргөж байж олж авахаас хэн ч танд өгч чадахгүй.

-Нурууны суулт, нуруу муруйлт нурууны өвчтэй хүмүүс мөргөсөөр байгаад эрүүл болсон гэдэг?

1080 Мөргөл группт нурууны суулт, муруйлтаа эдгээсэн бодит жишээ болсон хүмүүс байгаа. Энэ бол хүний сэтгэлийн хүчний гайхамшиг гэж ойлгож байна.

-108 мөргөхөд хэдий хэр хугацаа зарцуулах бол дунджаар тооцоход?

Эмэгтэй хүн 1 мөргөхөд 8-10 секунд. Эрэгтэй хүн 5-8 секунд. Миний хөтлөн явуулдаг 1080 Мөргөлийн группийн өдөр бүр мөргөсөн тоо, минутаа оруулдаг бүсгүйчүүдийн 108 мөргөх дундаж хугацаа 15-22 минут байна.

Тоо, минут бол хийж байгаа зүйлээ хэмжиж, өөрийнхөө түвшинг улам ахиулахад хэрэглэж байгаа үзүүлэлт болохоос 108 гэдэг тоонд ач холбогдол байхгүй. Бас маань уншиж эрх эргүүлэхэд ч ач холбогдол, утга байхгүй. Гол нь дотоод төвлөрөл бясалгал гэдгийг анхаараарай.

-Уншигчдад хандаж юу гэж хэлж захих вэ?

Мөргөлийн ач холбогдлын талаар #1080СунажМөргөхийначтус группт бичиж байгаа богино бичвэрүүдийг минь анхаарч уншаад мөргөлийн утга агуулгын талаар тодорхой ойлголттой болж мөргөөрэй. Мөргөл бол эрүүл мэндийн үр дүн, ач холбогдлоосоо гадна үндэсний соёлын цөм учир ямар ч өндөр эрдэм ном, бясалгал, гэгээрэл, ариуслын үйл Мөргөлгүйгээр олигтой үр дүнд хүрэхгүй. Үндэсний соёлынхоо цөм агуулгыг ойлгож, түүгээр замнаж байж л үндэсний сэхээтнүүд төрнө. Түүнийг ойлгохгүй бол өөр үндэстний соёлыг хөгжүүлж, тэр үндэстнийхээ соёл нэвтэрсэн сэхээтэн нь болох юм байгаа биз. Тиймээс үндэсний соёлоо хүндэтгэдэг хүн бүр, эрүүл аз жаргалтай амьдралыг хүсдэг хүн бүр мөргөл үйлдээрэй.

Бурханд мөргөмүй

Номонд мөргөмүй

Хуврагат мөргөмүй

Мөргөлийн утга агуулгыг гүнзгий ойлгох тусам ойлголтынхоо түвшин бүрээр үр дүн үзэх боломжтой гайхамшигтай үйл юм шүү.

-Ярилцсан танд баярлалаа?

-Баярлалаа. 

О.Сайханцэцэг 

Мөргөл хийхдээ өөрийнхөө болон бусдын сайн сайхныг бодож, баруун зүүн мөрөн дээрээ аав ээж, эмээ өвөө, өөрийн 9 үеийн дээд өвгөд буурлуудаа суулгаад мөргөж байна гэж төсөөлөн, тэднийхээ ачлалыг бодож, өөрийнхөө бие хэл сэтгэлээр үйлдсэн гэм нүглийг Бурхан, Номын өмнө наманчилан, залбирч мөргөх хэрэгтэй. Мөргөл гэдгийг Бурханд мөргөх мөргөлөөр ойлгоорой. Мөргөлийн биеийн тамирын дасгал хөдөлгөөн, иогоос ялгарах онцлог бол дотоод бясалгал төвлөрөл нь. Тэр тухай тодорхой ойлголтгүйгээр мөргөвөл эрүүл мэндийн багахан үр дүнг хүртэх ч дотоод мөн чанар, үзэл санаанд гарах ахиц, үр шимийг хүртэж чадахгүй.
Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.