| | USD/MNT 0₮

ДӨРВӨН ХҮҮХДИЙН АМЬ АВЧ ОДСОН “ХАНТАЛСТ” КОМПАНИЙН ЭЗЭД БОЛОХ Ш.БАТ-ЭНХ, И.НАРАНТУЯА НАРААС ХАРИУЦЛАГА НЭХНЭ

 

“Ханталст” гэх компанийн удирдлагууд болон ажилчид харуул хамгаалалтын хариуцлагагүй байдлаас болж өчигдөр дөрвөн хүүхэд усанд живж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Ханталст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдлаа.

Дэнжийн мянгаас 10 хүүхэд тоглох талбай хайж яваад тэнд очиж, дөрөв нь тэндээ үүрд үлдэв, үнэхээр эмгэнэлтэй харамсалтай хэрэг.

Энэ хэрэгт хэн буруудаж, хариуцлага хүлээх ёстой. Хэн нэгэн рүүгээ буруугаа чихэж, хариуцлагаас бултах вий гэсэн болгоомжлол бий. Цагдаагийн байгууллага хууль хүчнийхэн хэргийг шалгаж байгаа эрх мэдэлтэй “том” дарга нарыг торгоод өнгөрчих вий дээ. Хэн нэгэн хурган даргаар туг тахиад үүссэн асуудлыг намжаачих вий дээ гэсэн болгоомжлол бий.

Тэгвэл хариуцлагагүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулаагүй, явуулах зөвшөөрөл үгүй эзэнгүй мэт хаягдсан энэ том талбайд анх үйл ажиллагаа явуулна гэж газрын зөвшөөрөл авчээ.

Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га газар тасдаж авч, “Ханталст” компанид 2014 онд газар олгох  зөвшөөрлийг хотын дарга асан Э.Бат-Үүл гаргаж байсан аж.

Тэр үед Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захиралаар УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажиллаж байсан аж. Харин Тус компанийн захирал нь  Ш.Бат-Энх  юм байна. Шагдарсүрэнгийн Бат-Энхийг Баянзүрх захын эзэн.

Харин гавьяат барилгачин цолтой Ш.Бат-Энхийн эхнэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан И.Нарантуяа гэдгийг хүмүүс сайн мэдэхгүй болов уу. Өөрөө хүүхдийн гэх тодотголтой агентлагийг толгойлдог байсан хүн. Ардчилсан намын гишүүн, намын дарга С.Эрдэнийн ойрын хүн гэдэг.

“Ханталст” компани нь гэр бүлийн хоёрын үүсгэн байгуулсан компани аж. Гэхдээ И.Нарантуяа уг компаниа 100 хувь эзэмшдэг талаараа ХОМ-дээ мэдүүлж байсан бөгөөд Ерөнхий захирлаар нь түүний нөхөр Ш.Бат-Энх ажилладаг юм байна.

Ш.Бат-Энхийн хувьд өнгөрсөн 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Гавьяат барилгачин гэсэн цол тэмдгийг гардаж авч байжээ.

Харин өчигдрийн золгүй явдалд хотын дарга ҮЦХ-ийн захирал С.Эрдэнэтуулыг буруутгаж албан тушаалаас нь чөлөөллөө.

С.Эрдэнэтуулын хувьд энэ цаг үед хяналт тавиагүй гэдгээр буруудах байх. Гэхдээ “Ханталст” компанид газар олгох, газар эзэмшүүлж, үйл ажиллагаа явуулах эрх зөвшөөрлийг бол С.Эрдэнэтуул гаргаж байгаагүй юм. Харин ч тус компанийн мэдэлд байгаа газраа эргүүлж авах хүсэлтийг гаргаж байжээ. 

Мөн үйл ажиллагаа явуулахдаа аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар сануулга өгч байсан гэнэ. Гэвч тус компанийнхан өөрсдийн эзэмшлийн газар нутаг дээрээ үйл ажиллагаа хэрхэн явуулах нь та бүхэнд хамааралгүй гэх хариултыг өгч байжээ. Мөн Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхан болоод Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дээрх компанид ямар нэгэн арга хэмжээ авч, гаргасан зөрчлийг нь арилгуулж байгаагүй “том” толгойлжээ.

Наран шарлагын газрыг 17-18 тэрбум төгрөгөөр барина гэжээ

Өнгөрсөн жил “Ханталст” компанийн үйл ажиллагаа явуулах газартай хотын дарга танилцсан.

Энэ үеэр Ханталст” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Бат-Энх “Бүтээн байгуулалт өрнөж буй газар өмнө нь тэр чигтээ барилгын хогийн цэг байсан. Дөрвөн улирлын мөнх ногоон, шилэн цэцэрлэгийн зураг нь зурагдаж дуусаагүй байгаа. Зураг нь дуусвал энэ жилдээ багтаад суурийг нь ч болтугай тавья гэж бодож байна. Ерөнхийдөө 17-18 тэрбум төгрөгөөр баригдана гэсэн тооцоо байна.

Тэгэхийн тулд хүмүүс цуглахаар маш сайхан бүтээн байгуулалтыг хийх ёстой. Задгай театрын тухайд эхний ээлжид эртний цайз шиг загвартайгаар гаргасан байгаа. Туулын голын сав газар нь навчит модтой учраас цаг агаарын онцлогт нь тааруулж навчит мод их тарьж байгаа. Өнгөрсөн жил гэхэд 1000 гаруй улиас навчит моднуудыг тарьсан. Түүнээс биш Туул голын эрэг дагуух нэг ширхэг модыг ч тайрч огтлоогүй” гэж ярьж байжээ.

Ийнхүү өнгөрсөн жил ажлаа эхлүүлнэ гэсэн ч өнөөдрийг хүртэл эхлүүлж баригдаагүй байгаа бүтээн байгуулалт босгоно гэх нэрийн ямар ч ажил явагдаагүй байна. Харин хөрс хуулж, цүнхээл ус тогтоож, түүнийгээ хайхраагүйгээс болж дэрсхэн дөрвөн хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэгт Ш.Бат-Энх, И.Нарантуяа нар хариуцлага хүлээх ёстой.

“Ханталст” компани нь гэр бүлийн хоёрын үүсгэн байгуулсан компани аж. Гэхдээ И.Нарантуяа уг компаниа 100 хувь эзэмшдэг талаараа ХОМ-дээ мэдүүлж байсан бөгөөд Ерөнхий захирлаар нь түүний нөхөр Ш.Бат-Энх ажилладаг юм байна.
Нийгэм

Сэтгэгдэл (15)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.