| | USD/MNT 0₮

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирал С.Эрдэнэтуулыг ажлаас нь чөлөөллөө

Өчигдөр орой  Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн зөвшөөрөлгүй газарт барилгын ажлаас үүдэлтэй  усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндэж, амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Энэ золгүй хэрэгт олон хүн холбогдож буруудах ёстой. Гэтэл хотын дарга С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуулыг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна. 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан тавдугаар сарын 10-ны өдөр тухайн газарт очиж ажиллан, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд баригдаж байгаа дугуйн замын ажлыг шалгах явцдаа зөвшөөрөлгүй барилга барьж байсан “Хан талст” ХХК-ийн үйл ажиллагааг шалгах Ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргаж байв.

Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдаж, тухайн газарт хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн үр дүнгээ тавдугаар сарын 21-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар танилцуулсан юм.

Шалгалтаар“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эргэн тойрон дахь газруудад зөрчил дутагдал маш ихээр илэрсэн учраас тухайн компанийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан байдаг.

Нийслэлийн Засаг даргын зүгээс болон НЗДТГ-аас, мэргэжлийн байгууллагуудын зүгээс  удаа дараа хяналт шалгалт хийж, үйл ажиллагааг нь зогсоох албан шаардлагуудыг хүргүүлэн, зөрчил арилгах хугацаатай мэдэгдэл өгсөн байтал өчигдөрийг хүртэл  Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд  зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  “Хан талст”  ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үйл ажиллагааг нь зогсоох арга хэмжээ авч ажиллаагүй, аюулгүй ажиллагааны журмыг баримталж ажиллаагүй зэрэг үндэслэлээр Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас  чөлөөлжээ.

Нэг хурган даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гээд асуудал ингээд намжчихгүй юм. Ганц хүнээр туг тахиад дөрвөн хүүхдийн үхлийг дарж болохгүй гэдгийг эрх биш хотын дарга С.Амарсайхан өөрөө мэдэх байлгүй дээ.

Хариуцлага алдсан хэнбугай ч энэ асуудлаас мултрахгүй гэдгийг Хэвлэл мэдээллийн албан дарга Ц.Мөнхбаатар мэдэгдсэн. Тэгвэл хариуцлагагүй хандсан өөрөөсөө болон бусад холбогдох албаныханд хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлөхийг харах үлдлээ. 

 

Хотын дарга С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дарга С.Эрдэнэтуулыг өнөөдөр ажлаас нь чөлөөлсөн байна.
Улс төр

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.