| | USD/MNT 0₮

Төрөөс 46.9 тэрбум төгрөгийн зээл авч байсан Хан талст ХКХ-ийн И.Нарантуяа гэж хэн бэ

Манай улсад хууль үйлчилдэггүйн балгаар Хүүхдийн баяр дөхсөн энэ үед 8-12 насны дөрвөн сахиусан тэнгэр харамсалтайгаар амиа алдлаа.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг, Туул гол дагуух Маршалын гүүрнээс зүүн тийш орших “Хан талст” ХХК-ийн эзэмшлийн газарт үүссэн усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд эндсэн. Үүгээрээ Улаанбаатар хүүхдэд ээлгүй хот болохоо дахин баталсан юм. Үе үеийн Хотын дарга нар хүүхдээр шоу хийж, хүүхдэд ээлтэй аз жаргалтай хот болгохоо амалдаг. Гэвч дэндүү хоосон амлалтууд тул хөрсөн дээр хэзээ ч бууж байсангүй.

Хэрэв хүүхдүүдэд тоглох газар байсан бол Дэнжийн 1000-аас Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү ирж харамсалтайгаар амиа алдахгүй л байлаа. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ? Аливаа хэрэг гарсны дараа л тэр дарга огцор, ийм ч албан бичиг хүргүүлсэн, тийм ч шаардлага хүргүүлсэн, мэдэгдэл өгч ажилласан хэмээн өөрсдийгөө хаацайлахыг хичээдэг. Эцэс сүүлдээ амиа алдсаны хохь болоод дуусдаг нь нууц биш.

Тэгвэл хууль үйлчилдэггүй “Хан талст” компанид хамгийн анх тусгай зөвшөөрөл олгож байсан хүн бол Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл. Барилгын ажил явуулах эрхгүй, Худалдааны төвийн түрээсийн үйл ажиллагааны чиглэлээр л үйл ажиллагаа явуулдаг тус компанид зөвшөөрөл олгосон нь анхнаасаа л ашиг сонирхлын зөрчилтэй байсан нь илт.

Бид burtgel.mn сайтаас тус компанийг судалж үзэхэд 2005 оны арваннэгдүгээр сарын 23-нд гадаад худалдаа, Худалдааны төвийн түрээсийн үйл ажиллагааны чиглэлээр анх байгуулагдаж байжээ. Түүнээс хойш өдийг хүртэл үйл ажиллагааны чиглэлээ өөрчилж байгаагүй ч өнгө мөнгөнд шунасан цагаан захтнуудын буянаар барилгын ажил хийж иржээ.

Тус компанийн захирлаар Шагдарсүрэнгийн Бат-Энх ажилладаг бөгөөд "Хурдны зам" компанийн үүсгэн байгуулагч, захирал нь аж. Ш.Бат-Энхийн эхнэр нь Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж байсан Ишбадамын Нарантуяа ажээ. Тэрээр “Хан талст” ХХК, “Хурдны зам” ХХК-ийн Хүүхдийн төлөө газрын даргаар ажиллаж хугацаандаа буюу 2012-2014 онуудад хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурьдаж байж.

Хамгийн сонирхолтой нь түүний ХОМ-ийг харвал 2013-2014 онд ганцхан жилийн дотор түүний орлого 14 саяас 25 сая болтлоо өсөж, гэр бүлийнх нь орлого 41 саяас 139 сая болтлоо нэмэгджээ.

Үүгээр ч зогсохгүй И.Нарантуяа нь 19 тэрбум 435 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай найман байгууламжтай, 0.04 га, 167 м2 тус тус газартай юм байна. 2014 оны байдлаар “Хан талст”, “Хурдны зам”, “Төв эрдэнэ сант”, “Жет”, “Булнайн Түшиг” ХХК-ийн хувьцааг 70-100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлж байжээ.

Үүгээр ч зогсохгүй И.Нарантуяа нь төрөөс 46,9 тэрбум төгрөгийн зээл авч байжээ. Түүний болон нөхрийнх нь эзэмшдэг “Хурдны зам” компани Чингис бондоос 19 тэрбум төгрөг авчээ. Хөгжлийн банкнаас хоёр удаагийн зээлээр 27.9 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Товчоор хэлбэл, Баянзүрх захын эзэн, АН-ын гишүүн Ишбадамын Нарантуяа нийтдээ 46.9 тэрбум төгрөгийг “Хөгжлийн банк”, “Чингис бонд”-оос авч байсан түүхтэй нэгэн.

Тэгвэл энэхүү баян нь дэндсэн эрхэмийн компанитай Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан танилцаж, дэмжихээ ч илэрхийлж байсан нь хэвлэлүүдийн хуудаснаа тодоор үлдсэн байдаг. Тухайлбал, 2019 оны тавдугаар сарын 17-нд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах явцдаа наран шарлагын газар байгуулах гэж байсан “Хан талст” ХХК-ийн ажилтай танилцжээ. Бүтээн байгуулалт хийгдэж байгаа гэгдэх тус 3.36 га талбайд “Хан Талст”  ХХК тус талбайд аялал жуулчлалын бүс байгуулах саналыг тавьсан байна. Харин нийслэлийн зүгээс  тус газрыг  хувийн хэвшлийн компанид өгөх юм бол зориулалтын бусаар ашиглаж магадгүй хэмээн хаширлаж  2014 оны  дөрөвдүгээр сард 3.36 га талбайг цэцэрлэгт хүрээлэнгийн харьяалалд шилжүүлжээ. Тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга байсан Э.Бат-Үүлийн захирамжаар цэцэрлэгт хүрээлэнгийн кадастр газрын гэрчилгээг сольж,  973 га газар болгож томруулсан байна.

Ингэчихээд ярьснаа үгүйсгэж, арьсаа хамгаалах аргыг Хотын захирагч С.Амарсайхан хийж байгаа нь даанч өрөвдөлтэй. Сүхбаатарын талбайтайгаа л ноцолдож, зөөврийн усан оргилуур ярьж, оршуулгынх шиг чулуу авчирч Төв талбайгаа тойруулж суухын оронд хотын захын гэр хорооллын иргэдээ анхаарч, хүүхдүүдэд ядаж тоглох талбайг байгуулсан бол өнөөдөр дөрвөн хүүхэд эсэн мэнд байх байлаа.

Төрөөс 46.9 тэрбум төгрөгийн зээл авч байсан Хан талст ХКХ-ийн И.Нарантуяа гэж хэн бэ
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.