| | USD/MNT 0₮

“Ханталст” компани зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг мэдсээр байж хариуцлага тооцоогүй дарга С.АМАРСАЙХАН, Л.ЭРДЭНЭЧУЛУУН нар огцор

Өчигдөр оройны эмгэнэлтэй харамсалтай хэрэгт хотын дарга С.Амарсайхан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун дарга ч шууд холбоотой. Тэд буруутай. Гэр хороололд тоглох газар тоглоомын талбайгүй үрс тоглох газар хайж яваад цүнхээл усанд осолдов.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэгт “Хан талст” компани зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулан, Наран шарлагын газар барина гэж тохижилтын ажил хийж байсныг НМХГ, Хотын дарга С.Амарсайхан мэдэхийн дээдээр мэдэж байсан. Тэгсэн мөртлөө шуурхай арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоогоогүйнх горыг дөрвөн хүүхдийн амиар амслаа.

“Үйл ажиллагаагаа зогсоо” гэсэн албан бичиг өгсөн болчихоод өнгөрсөн мэргэжлийн хяналтынхны ажилдаа хайнга хандсаных нь гор энэ юм. НМХГ-аас өчигдөр мэдээлэл хийхдээ хэлснээр хотын дарга С.Амарсайхан өнгөрсөн долоо хоногт “Хан талст” компани дээр очин, хууль бус, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буйг нь мэдсэн мөртлөө тодорхой арга хэмжээ аваагүй, тэнд ямар нэгэн аваар, осол гарахаас урьдчилан сэргийлэхийг шаардаагүй, толгойг нь илээд өнгөрснийг юу гэж ойлгох вэ.

Нөгөө хотын даргын хууль бус үйл ажиллагаатай аж ахуйн нэгжүүдийг “хаа хорь, цуцал” гэдэг шийдвэр нь хаана байна. Хэн нэгэн эрх мэдэлтэй хүний толгойг илж, ивийлж, эрсдэлтэй алхмуудыг нь харсан ч хараагүй мэтээр өнгөрөөж сурсан хотын удирдлагатай байгаад яах юм.

Өнгөрсөн жил ч С.Амарсайхан дарга дөрвөн хүүхэд эндсэн газарт очиж үйл ажиллагаатай нь танилцаж байжээ.
Тухайн үед нийслэлийн хэвлэлийн албанаас "Хотын захирагчийн зүгээс байгаль орчинд ээлтэй, ногоон орчинг төгс шийдсэн, хүүхэд, залуус, иргэдэд хэрэгцээтэй, тэдний зорьж очих дуртай газруудын нэг болох төдийгүй, жуулчдыг татах бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг ямагт дэмжин ажиллахаа илэрхийлэв" хэмээн мэдээлж байжээ. Хүүхдэд ээлтэй байх орчин нь дөрвөн хүүхдийн амь авч одлоо. Хотын даргаа та юу бодож байна. Ядаж эмзэглэх сэтгэлтэй байгаад амь эрсэдсэн дөрвөн хүүхдийн аав ээжээс уучлалт гуйхыг хүсье. Ажлаа хариуцлагагүй хийснийхээ төлөө огцрохыг ч шаардъя. 

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун дарга ч огцрох ёстой. Олон хууль бус үйлдлийг нууж хааж хаацайлж байгаа дарга та ажлаа хийх эрхтэй юу.

Тэрбээр өчигдөр арьсаа хамгаалах мэдэгдэл хийхдээ “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд анх газар олгох зөвшөөрлийг тухайн үеийн Хотын дарга Э.Бат-Үүл 2014 гаргаж байсан бөгөөд үүний дагуу “Хан Талст” компанид 3.3 га газрыг олгосон. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа явуулсан хяналт шалгалтын дүнд “Хан Талст” компанид газар ашиглуулах тухай тогтоол нь хууль зөрчиж байна гэдгийг илрүүлсэн.

Мөн хяналт шалгалтын явцад 84 хуудастай албан шаардлагыг хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд Нийслэлээс хоёр удаа мэдэгдэл өгсөн. Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж болохгүй үйл ажиллагаагаа зогсоох шаардлагыг хүргүүлсэн ч үүнийг үл ойшоосон. Бид “Хан Талст” компанид зохих ёсныхон дагуу хяналт шалгалтыг хийж ажил цаашид үргэлжилнэ” гэв.

Ингэж бөөрөнхийлж, ниргэсэн хойно хашгирахгүй ээ. Хариуцлага алдсан “Ханталст” компанид хариуцлага тооцож байна гээд л  хэдэн төгрөгөөр торгоод асуудлыг намжаах биз. Мэргэжлийн байгууллага хяналт тавьж, үйл ажиллагааг нь зогсоох ёстой биз дээ. Төр дээрх компанид төмөр нүүрээ харуулах ёстой байсан. Одоо хашгирлаа гээд дөрвөн хүүхдийн амийг хэн хаанаас яаж төлөх юм бэ.

Өчигдөр оройны эмгэнэлтэй харамсалтай хэрэгт хотын дарга С.Амарсайхан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун дарга ч шууд холбоотой. Тэд буруутай. Гэр хороололд тоглох газар, тоглоомын талбайгүй үрс тоглох газар хайж яваад цүнхээл усанд осолдов.
Улс төр

Сэтгэгдэл (10)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.